Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-06-04

Өргөдлийн байнгын хороо шатахууны үнийг бууруулсан гэдэг нь ХУДАЛ

УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотойгоор нэр дэвшиж, сонгуульд өрсөлдөгчид, ялангуяа улирч буй парламентын гишүүд элдэв ажлыг өөрийн болгож "наах" үзэгдэл цөөнгүй гарч байгааг factcheck.mn нягталж байна. 

Хамгийн эхний баримт бол шатахууны үнийг Өргөдлийн байнгын хороо буулгасан гэх мэдээлэл. Тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Өргөдлийн байнгын хорооны үр дүнд хүрсэн ажлынхаа нэгээр шатахууны үнийг бууруулсан явдал хэмээжээ.

Тэрбээр “Иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлдөг шатахууны үнийг буурулахаар Засгийн газарт үүрэг өгч ажилласны үр дүнд шатахуун одоогийн байдлаар 350 мянган төгрөгөөр буурсан. Цаашид тус байнгын хорооноос чиглэл болгосны дагуу холбогдох байгууллагууд газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл дээр нь ажиллаж байна" гэжээ. 

Гэвч Засгийн газар, Өргөдлийн байнгын хороо аль аль нь шатахууны үнийг бууруулах боломжгүй гэдгийг дараах мэдээллүүдээр баталгаажуулж байна. 

  1. Засгийн газар 2018 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр хуралдаж, А-80, АИ-92 автобензиний Онцгой албан татварыг "0" болгох шийдвэрийг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, татварын зохицуулалтаар шатахууны үнийг буулгадаг байсан боломж ёроолдоо тулсан, буулгах боломжгүй болсон гэсэн үг.
  2. Монгол Улс ОХУ-ын хэлсэн үнээр шатахуунаа импортлохоо болиод таван жил болж буй. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурахад сарын дараа манай улсад шатахууны үнэ буурч орж ирэх нөхцөлийг 2014 оны тавдугаар сард бүрдүүлсэн.
  3. COVID-19 цар тахалтай холбоотойгоор дэлхий даяар эрэлт буурсантай холбоотойгоор газрын тосны үнэ нэгдүгээр сард баррель тутамдаа 70 ам.доллар давж байсан газрын тосны дэлхийн зах зээл дээрх ханш өнөөдөр 35.5 ам.доллар болж 50 орчим хувиар буураад байна. 

Дахин сануулахад шатахууны үнэ дээрх хүчин зүйлийн нөлөөгөөр буурсан. Аль нэг байнгын хороо Засгийн газарт үүрэг өгснөөр шатахууны үнэ буурах боломжгүй. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн ажлын тайландаа дурдсанчлан түүний даргалсан байнгын хорооны үүрэг өгсний дагуу шатахууны үнэ буурсан гэх мэдээлэл нь ХУДАЛ болохыг дээрх мэдээлэл харуулж байна.

Эх сурвалж:

Factcheck сүлжээ  

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
413   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan