Лхагва 2019-01-02 Дархан
Time out / Lifestyle   2019-04-02

ЦУВРАА ГЭРЭЛТЭЙ ГУДАМЖНААС, ЦУГТАА ГЭРЭЛТДЭГ ҮДЭШ РҮҮ...

Өнөөдөр Баасан гараг. Цас зөөлнөөр хаялсан энэ орой залуу хос "Сүрэнгийн" гудмаар алхална. Тэд “Соёмбо” кино театраас гарч ирээд гэрэлт гудамжтай цэнгээний газрууд руу биш залуус хамтдаа гэрэлт үдшийг бүтээдэг “Friday Light” (Гэрэлт баасан гараг) руу явж байгаа нь энэ. "Минго" кофе хауст баасан гараг бүрийн орой болдог, дуу хөгжимд дуртай хүмүүст зориулсан нээлттэй микрофоны арга хэмжээг “Friday Light” гэдэг юм.

Ти ти ти гээд өнөөх хоёр маань гутланд наалдсан цасаа гөвөөд ороод ирэв. Кофены анхилам үнэрийн хамт самар, шоколад, ирисний үнэр сэнгэнэж, сайхан дулаан агаар угтан авлаа. Залуус хэзээний суудлаа эзлэн, эхний дуучин дуулж байв. Хос хоёр маань заалны голд байрлах суудалд байраа эзэллээ. Бусад суудал дүүрсэн байв.

Justin Bieber-ийн Love Yourself эгшиглэж байна.

...'Cause if you like the way you look that much
Oh baby you should go and love yourself... 

Дуучин нь Э. Ариун байна гэж тэр хоёр төвөггүй танилаа. Friday Light-ийн идэвхтэй дуучдын нэг болохоор тэр биз. Улаанбаатар руу урлагийн чиглэлээр сурахаар явсан ч энэ удаад түүний амралт таараад ирчихсэн байгаа нь энэ аж.

...And if you think that I'm still holdin' on to somethin'
You should go and love yourself... гээд хамтдаа дуулцгаав.

Удаах дуугаа бэлдэж байх хооронд Э.Ариун өөрийнхөө сэтгэгдлийг илэрхийлэхдээ “Урьд нь олны өмнө гарч дуулах байтугай үзэл бодлоо илэрхийлэхдээ ч ичиж улайдаг байсан. Энд дуулж эхэлснээс хойш өөртөө итгэх итгэл минь нэмэгдсэн шүү. Гоё дуулдаг бусад залуусаасаа ч их юм сурч, тэр хэмжээгээрээ миний дуулах чадвар сайжирсан. Зөвхөн надад ийм сайн нөлөө үзүүлээд зогсохгүй, “баасан ахын төрсөн өдөр”-ийн эсрэг, ийм эерэг утгатай үйл ажиллагаа явуулдагт их баярладаг шүү” гэв. Цугласан хүмүүс дотор олон хүн толгой дохиж харагдав.

Мэдээж кофе хаус болохоор тэнд согтууруулах ундааны төрлийн зүйл үгүй. Зорьж очсон, дуулах дуртай хэн бүхэнд нээлттэй бөгөөд гитар, фонаграммтай дуулж болно. Хоймор эгнэн суусан залуусаас нэгнийгээ дараа нь дуулахыг ятгаж байв. Яагаа вэ, нөгөө дуугаа гээд л...

Залуу хос дуртай дуугаа сонсох зуураа зүрхэн хэлбэртэй улаан цаасан дээр нэрсээ бичиж, гэрэлт туузнаас бусад зүрхнүүдийн адил хавчиж орхилоо. Дараа ирэхдээ жижигхэн угаалгасан зургаа ч хавчиж болох юм гэж ярилцав.

Үйл ажиллагааг зохион байгуулагч Б.Баатар “Өнөөдөр хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баасан гарагийн үдшийг "LIGHT" болгож, архи дарсгүйгээр хөгжилдөж болдгийг харуулах гэсэн хичээл зүтгэл маань биеллээ олж байгаад баяртай байдаг шүү. Сайхан амарцгаагаарай” гэж хэлээд хаалт болгож “Аяны шувууд” дууг нэлээд орчин үеийн өнгө аясаар дуулав. Энэ зуур нэлээд хэдэн залуу дуучны хажууд очиж хөгжилтэй бүжин, олныг хөгжөөгөөд авлаа.

Оройн 21 цаг. Кофе хаусын хаах цаг болоход залуу хос маань ч, бусад залуус ч хоргодон хоргодон гарцгаав.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
952   0
НИЙТЭЛСЭН: Б.БАТЗАЯА