Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-08-14

ДАРХАН ХОТ эдийн засаг, эрх зүйн байдлын хувьд хэрхэх нь ЗЗНДНТУТХ-аас хамаарна

Дархан, Эрдэнэтчүүдийн урт удаан хугацааны туршид ярьж, санал дэвшүүлэн, хүсэлтээ илэрхийлж байсан улсын зэрэглэлтэй хот статустай болох асуудал 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ны өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр биелэх боломжтой болж, 2020 оны тавдугаар сарын 25-наас улс орон даяар албан ёсоор хэрэгжиж эхэлсэн.  

Ийнхүү эрх зүйн хувьд нээлттэй болсон хэдий цаашид удирдлага зохион байгуулалтын хувьд хэрхэх, эрх мэдэл, санхүүгийн бие даах чадавхи нэмэгдэх, өөрчлөгдөх эсэх асуудал одоогоор тодорхойгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг 2020 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэнэ хэмээн заасан.

Уржигдар буюу 2020 оны наймдугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хууль санаачлагч гишүүдийн төлөөлөл, ажлын хэсгийн гишүүд, УИХ-ын зарим  гишүүд болон нийслэл, аймаг, сум, дүүргийн удирдах байгууллагын холбогдох албан тушаалтнууд, салбарын эрдэмтэн судлаачид, “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр”, “Швейцарын хөгжлийн агентлаг”, “Монгол Улс дахь Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь”, “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” зэрэг олон улсын төсөл, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцжээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид тус хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг тусгасан, иргэдийн хүлээлтийг бүрэн хангасан хууль болох учиртай. Ирэх 10 дугаар сард болох сонгуулийн дараа орон нутгийн удирдлага Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцсэн хуулийн дагуу бүрэлдэх нь чухал” хэмээн онцолж байлаа.

“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэд олон нийт, мэргэжилтнүүдээс энэ сарын 17-ныг хүртэл цахимаар санал авч байна.

Төсөлhttp://forum.parliament.mn/projects/10869

хаягаар нэвтэрч, тус хуульд орруулах нэмэлт өөрчлөлттэй танилцан саналаа илгээх боломжтой.  

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
388   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan