Лхагва 2019-01-02 Дархан
FOCUS Cafe   2020-09-18

ДАРХАН ЗӨВ МЕНЕЖМЕНТ, ЗӨВ ЗАСАГЛАЛТАЙ БОЛ ХАМГИЙН ХУРДАН ХӨГЖИХ ГАЗАР

Эдийн засгийн ухааны доктор, профессор Б.ОТГОНТӨГС багш бол Колумбийн их сургуулийн цор ганц монгол доктор. Тэрбээр М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийг \МГУ\ дүүргэж, Манчестерийн Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Улмаар Вашингтон хотын Америкийн Их сургууль \American University\, Калифорнийн шинжлэх ухаан менежментийн сургууль \California University of Science and Management\ зэрэг дэлхийд алдартай сургуулиудад багшилж байсан юм. Тэрбээр одоо МУИС-д багшилж байна.  

БИ ТАНЫГ ДАРХАН ХОТОД ӨССӨН ХЭДИЙ Ч ОЛОН ЖИЛ ӨӨР ГАЗАРТ, ГАДААДЫН ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ УЛС ОРНУУДАД БОЛОН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТОД АЖИЛЛАЖ АМЬДАРСАН ГЭЖ СОНССОН. ТИЙМЭЭС ОДООГИЙН ДАРХАНЫ ТАЛААР ТЭР БҮР МЭДЭХГҮЙ БАЙГАА БАЙХ ГЭСЭН ОЙЛГОЛТТОЙ БАЙГАА?

- Үгүй л дээ. Тийм биш. Манай ээж, эгч хоёр энд, Дархандаа байдаг болохоор би тэднийгээ байнга эргэж ирдэг юм. Сар бүр ирнэ. Зундаа бол бүр олон хоногоор ирдэг. Ээжийгээ эргэж ирээд гэр орныг нь цэвэрлэнэ, зах дэлгүүрээр явна, хүнсийг нь бэлдэж өгнө. За, тэгээд сантехник, цахилгааны хүмүүс, СӨХтэй уулзана, нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлэгт очино гээд, юу эс байх билээ дээ. Энд байх бүх хамаатан садныхаа ажил явдал, эрүүл мэндийн асуудал, өвчин зовлон, үхэл хагацал, аваар осол, тэр байтугай байр саваа бусдын хариуцлагагүйгээс алдах гээд л... юу эс гарахав. Хүний амьдралд тохиолддог бүхий л зүйлд нь хамт байж, хууль шүүх, цагдаа, эмнэлэг гээд олон асуудлын ард гарч байлаа. Үүгээрээ юу хэлэх гээд байна гэхээр, би Дарханы амьдралаас нэг их холдоогүй ээ. Ингэж явахдаа эдийн засагч, судлаач хүний хувиар Дарханы аж амьдралыг харж, ажиглаж л явсан.

ТЭГВЭЛ ТЭР БҮРТ, БОЛЖ БАЙГАА БОЛООД БОЛОХГҮЙ БАЙГАА ЗҮЙЛ ЮУ ТАНЬД АЖИГЛАГДАЖ БАЙВ?

- Дархан-Уул аймаг буюу хуучнааар Дархан хот маань сүүлийн 30 жилд маш их өөрчлөгдсөн. Энд сайн ч өөрчлөлт бий, саар нь ч бас их байна. 1992 оны Үндсэн хууль батлагдсанаар Монгол улсын хоёр дахь том хот гэгдэж байсан Дархан хот нь Дархан-Уул аймаг болж, дүүрэг, хороодтой байсан бол сумдтай болж, засаг захиргааны нэгж, бүтцийн хувьд өөрчлөгдсөн. Хамгийн том өөрчлөлт бол сүүлийн 30-аад жилд Дархан хотын хүн ам маш ихээр нэмэгдсэн. 1990 ээд онд 57-58 мянган хүн амтай байсан бол одоо 103-105 мянган хүн амтай аймаг болсон байна. Үүнд 1997 он болоод 2000, 2001 оны их зуднаар малаа алдаж баруун аймгуудаас хот суурин газрыг бараадаж ирсэн иргэдийн шилжин суурьшилт ихээхэн нөлөөтэй. Зах зээл, амьдрах таатай нөхцөл, боловсрол, эрүүл мэндийн суурь үйлчилгээг хүсч, бас мал ахуйтайгаа байх гэсэн маш олон айл өрх баруун аймгуудаас Дарханд шилжин ирж суурьшсан байдаг. Магадгүй тухайн үед Улаанбаатар хотод иргэншил авахад төлбөртэй байсан нь ч үүнд нөлөөлсөн байх. Түүнчлэн байнга оршин суудаг бүртгэлтэй иргэдээс гадна ирдэг очдог, нийгмийн бүхий л үйлчилгээг Дарханаас авдаг хүмүүсээ тооцвол одоо бараг 110-115 мянган хүн энэ хотод ажиллаж амьдарч байна. Сэлэнгэ аймгийн ойрын сумд, Булган, Эрдэнэтээс наашаагаа өдөр тутамд ирж, ажил үйлчилгээ авч, бизнес эрхэлдэг 2000-3000 хүн бий. Ингэж хүн ам өснө гэдэг сайн хэрэг. Жишээ нь, жижиг хүнсний үйлдвэр өдөрт 60ш талх зардаг байсан бол 100ш-ийг зардаг болж, орлого ашиг нь нэмэгдсэнээр үйл ажиллагаагаа тэлэх боломж бүрдэж байгаа юм. Ингэж орон нутгийн зах зээлийн эрэлт эрчимжин, хүмүүсийн төвлөрөл нэмэгдэхийн хэрээр дэд бүтэц, орон сууц, эмнэлгийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээнүүдийн салбаруудад ч бизнесүүд хөрөнгө оруулалт хийж, олон хувийн эмнэлэг, сургуулиудтай болсон. Энэ бол хөгжих маш таатай нөхцөл. Гэвч ийнхүү хорооллууд тэлж, байшин барилгууд нэмэгдэн, өнгө засч, харахад сайхан болж байвч цаана нь харагдахгүй, далд асуудал, болохгүй зүйлс их байна. 

ТУХАЙЛБАЛ, ЭДИЙН ЗАСАГЧ, СУДЛААЧ ХҮНИЙ ХУВЬД ТАНЫ АНХААРЛЫГ ЯМАР АСУУДАЛ ИЛҮҮ ИХ ТАТАЖ БАЙНА?

- Дархан-Уул аймгийн хувьд одоо хамгийн том бэрхшээл бол ажилгүйдэл байна. Энэ маш их анхаарал татаж, санаа зовоож байгаа зүйл. Ийм хүн ам ихтэй, дэд бүтэц сайн хөгжсөн, хойд хилтэй ойрхон, авто зам, төмөр замаар холбогдсон, бүрэн тог, цахилгаантай газарт яагаад ийм асуудал байгаад байна??

ТИЙМ ШҮҮ. ТЭР ТУСМАА 35 ХҮРТЛЭХ НАСНЫХАН БУЮУ ЗАЛУУСЫН ДУНД АЖИЛГҮЙДЭЛ ИХ БАЙНА ГЭСЭН СУДАЛГАА БАЙДАГ ЮМ БИЛЭЭ?

- Үүнийг би, ерөөсөө хувийн хэвшилдээ боломж олгоогүй, ерөөсөө дэмжээгүйнх юм байна гэж харж байгаа. Дархан-Уул аймагт хувийн хэвшил хөгжих боломж бололцоо хаагдмал, боогдмол шинжтэй байна. Тиймээс ч ажилгүйдэл, ядуурал ихэссэн. Дарханд өнөөдөр хэн орлоготой байна гэхээр төрийн захиргаанд ажилладаг хүмүүс, сургууль цэцэрлэг, хэдэн арилжааны банкныхан, төмөр зам, дулааны цахилгаан станц, төмөрлөг, цахилгаан түгээх гэх мэт ердөө хэдхэн том аж ахуйн нэгжүүдэд л хүмүүс ажиллаж байна.

Статистикаар 19-28 насны залуучуудын дундах ажилгүйдлийн түвшин Дархан-Уул аймагт 45%тай байна билээ. Энэ бол улсын дунджаас харьцангуй өндөр үзүүлэлт. Мөн Дархан-Уул аймаг нь хүний хөгжлийн индексээрээ 21 аймаг дундаа хамгийн сүүл мушгидаг таван аймгийн тоонд тооцогдож, ядуурлын түвшин нь улсын дунджаас дөрвөн пойнтоор илүү буюу 32.6%-тай байна. \Монгол улсын ядуурлын түвшин 28,4% байгаа\. Энэ бүхэн юуг хэлээд байна гэхээр, ДарханУул аймгийн иргэд ажилгүй, орлогогүй, ядуу, хүний хөгжлөөрөө бусдаас хэд дахин доогуур байгааг харуулж байна.

Хот дундуур машинаа бариад явж байхад энэ бүхэн харагдахгүй ээ. Мэдэгдэхгүй. Зөрж өнгөрөх хүн бүр ямар нэгэн ажилтай, сайн сайхан амьдраад байгаа шиг харагдана. Гэтэл үнэн хэрэгтээ тийм биш байна. Эдийн засагчийн хувьд миний сая дурьдсан эдгээр тоонууд нь яг ч бас нийгмийн амьдралыг 100% илэрхийлж чадахгүй. Бүүр нарийвчилбал юу ч харагдаж магадгүй. Жишээ нь, хүүхдийн ядуурал Дарханд ямар байгааг, 1,2,3-р баг, “Малчин” баг тус бүрт ямар байгааг нарийвчлан судалж гаргаагүй л байна.

ТИЙМ ШҮҮ. МАНАЙД СТАТИСТИК ТООН МЭДЭЭЛЛҮҮД ЗАРИМ ТАЛААРАА ДУТАГДАЛТАЙ, ТЭР БҮР БҮРЭН СУДЛАГДААГҮЙ БАЙДАГ ЮМ БИЛЭЭ. ТЭГЭХЭЭР, САЯ ДУРЬДСАН САТАТИСТИК, АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУРЛЫН ЦААД ШАЛТГААН НӨХЦЛИЙГ ТА ХЭРХЭН ДҮГНЭЖ БАЙГАА ВЭ?

- Дархан бол хүмүүсийн ирж очихыг хүсдэг, тийм тааламжит нөхцөлтэй сайхан хот. Нэлээн тогтвортой хөгжсөн. Өөрөөр хэлбэл, зарим хөдөө аймгуудад 23 жил дараалан зуд болсноос малаа алдсан нутгийн хүмүүс нүүж, сум суурин нь эзгүйрч, нэг сургууль, нэг ангид хичээллэх хүүхдийн тоо буурах гэх мэтийн үзэгдлүүд болж байсан. Тэгвэл Дарханд тийм зүйл болоогүй. Тогтвортой өсч, хөгжиж ирсэн хот. Бас хүн амын хувьд их залуу. Ийм хот суурин газарт зах зээлийн эрэлт хэрэгцээ болоод хөгжих боломж, бололцоо, нөөц маш их байдаг. Тэгэхдээ, \намайг улс төр ярилаа гэж битгий шүүмжлээрэй. Энэ бол бодит байдал. Би эдийн засагч, судлаачийн хувиар хэлж байгаа юм шүү\ аливаа нэг хот, улс, аймаг, орон нутгийг хөгжүүлэх хамгийн том хүчин зүйл бол засаглал байдаг.

Байгалийн баялаг, ажиллах хүч гэх мэт маш олон хүчин зүйлээс хөгжил хамаардаг хэдий ч хамгийн том хүчин зүйл нь бол засаглал, институциуд юм. Үүнийг дэлхийн эрдэмтэд эдийн засгийн онолд сүүлийн 20 жилд бүрэн баталсан.

Үүгээр авсан Нобелийн шагналтнууд, эдийн засгийн алдартай онолчид ч олон бий. Хөгжилд засаглал маш чухал нөлөөтэй. Тэгвэл, миний ойлгож байгаагаар сүүлийн 2030 жилд Дархан-Уул аймгийг зөвхөн нэг намын хүмүүс удирдаж ирсэн. Дархан-Уул аймгийн ИТХ, Дархан сум, Шарын гол сум, Хонгор, Орхон сумдынхыг бүгдийг нь хуучнаар МАХН буюу одоогийн МАН гэх улс төрийн хүчин \нэг л нам\ барьж, засаглаж ирсэн. Тэгвэл, дээрх статистикууд тэднийг тийм ч сайн ажиллаагүй гэдгийг харуулж байна. Хэрэв тэд сайн ажилласан бол ажилгүйдэл, ядуурал ийм түвшинд очихгүй. Мэдээж, тэд зүгээр суугаагүй л дээ. Ажилласан. Гэхдээ хэрхэн ажиллаж, ямар ажил хийсэн бэ гэхээр, ердөө төсвийн мөнгийг боломжийн хэрээр улсын төсвөөс авч, тэрийгээ тодорхой хэмжээгээр өөрсдийн хамаарал бүхий байгууллагуудад хуваарилан өгөх байдлаар л ажиллаж ирсэн байна. Өөрөөр хэлбэл тэд зүгээр л хуваарилах, тараах ажлыг л хийж.

ТА САЯХАН ХҮН \Хөдөлмөрийн Үндэсний Нам\ -ын ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮНЭЭР СОНГОГДСОН. БАС УИХ-ын СОНГУУЛЬД ДАРХАН-УУЛ АЙМАГТ НЭР ДЭВШИН ӨРСӨЛДӨЖ БАЙСАН. ОДОО ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ ДӨХСӨН ЭНЭ ЦАГ ҮЕД МАГАДГҮЙ ТАНЫГ УЛС ТӨРЖИЖ БАЙНА ГЭХ БАЙХ ДАА. ГЭХДЭЭ БИ АСУУМААР БАЙНА. ГАДААДАД ӨНДӨР БОЛОВСРОЛ ЭЗЭМШСЭН, ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР, ЭРДЭМТЭН СУДЛААЧ ХҮН ЯАГААД УЛС ТӨРД ОРОХ БОЛСОН ЮМ БОЛ? ЮУ ТАНЫГ ЭНЭ ЧИГТ ТҮЛХСЭН БЭ?   

- Тийм ээ, би 2020 оны  зургаадугаар сард болсон УИХын сонгуульд ХҮН нам болон “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшиж оролцсон. Бас саяхан Дархан-Уул аймгийн ХҮН намын салбар хуралдаж, намын даргыг нууц санал хураалтаар тодруулахад санал нэгтэйгээр намайг сонгосон. Өөрөөр хэлбэл би ХҮН намын Дархан-Уул аймаг дахь салбарын тэргүүнээр томилогдоогүй, харин сонгогдсон. Уг нь би улс төрөөс их хол байсан хүн л дээ. 1990-2005 он хүртэл би энэ нь болж байна, энэ нь болохгүй байна гэж хэлж чаддаг ч хүн байсангүй. Яагаад гэхээр, би өөрөө сурч боловсрох гэж, юм мэдэх гэж оролдож явсан үе. Тэгээд ч тэр үед Дархан төдийгүй Эрдэнэт, Улаанбаатар хот болон бусад 21 аймаг маань бүгд л засаглалаа сайжруулах гэж, шилжилтийн олон намын систем, зах зээлийн эдийн засаг зэргийг ойлгох гэж, шинэ юм мэдэх гэж, зорилгоо биелүүлэх гэж оролдож, онож, алдаж байсан цаг. Тиймээс ч 2005-2006 он хүртэл бидэнд алдсан юм их бий. Шинэ юм бүхэнд алдаа гардаг. Улс төрийн намууд ч, хувь хүмүүс ч, тэр байтугай ерөнхийлөгч ч хүртэл алдана. Гэхдээ 2007 оноос хойш, ялангуяа 2008 оны долдугаар сарын 1-ныг монгол хүн бүр мэдэж байгаа. Тэр буудалцаан, бослого үймээн болж байхад би олон улсын оюутны зуны сургалт хийгээд МУИС-ын нэгдүгээр байранд, бослого, үймээн болсон газрын яг архан талд хичээлтэй байлаа. Тэр үйл явдлыг би манай улсын хувьд Эргэлтийн цэг” \англиар Turning Point гэдэг\ гэж боддог. Өөрөөр хэлбэл, 1991 оноос эхлээд 2008 он хүртэл 17 жил явж ирсэн замд, засаглалд, засаг барьсан хүмүүст иргэд нь ҮГҮЙ гэж хэлсэн хэрэг. Монголчууд, монголын ард түмэн эрх баригчиддаа “БОЛОХГҮЙ БАЙНА!!!” гэж хэлсэн. Гэвч юу болж өнгөрснийг бүгд сайн мэдэж байгаа. Үнэхээрийн харамсалтай зүйл болсон. Бас дараа нь юу ч өөрчлөгдөөгүй. Тэр үйл явдлын дараагаас би бодож эхэлсэн л дээ. Тэгээд, 2010 онд докторын зэргээ хамгаалж, АНУ-аас буцаж ирээд арай нэг жаахан эрдэм мэдлэг боловсролтой болж өөрөө өөртөө итгэлтэй болоод МУИС-д захирал, дэд захирлаар ажиллаж байхдаа ажиглаж, судалсаар байсан. 2012, 2016 оны сонгууль ч боллоо. Төгсөж ирснээс хойшхи энэ хоёр сонгуулийн дараа ч юу ч өөрчлөгдөөгүй. Эрх баригч нам алдаагаа гаргасаар, буруу бодлогоо хийсээр л байсан. Тэд хамгийн буруу аргаар ажиллаж, нийгэмд үүссэн авилгал, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг авсан улс төрчидтэйгөө хатуу ширүүн тэмцэж чадахгүй, бүр жижигхэн сум, багийн түвшинд хүртэл үүрлэсэн буруу засаглалын алдаагаа дахин дахин давтаж, өөрийн талын хүмүүсийг цуглуулж, тэдэндээ давуу боломж олгон, зөвхөн намынхаа хүмүүст хүнсний талон тарааж, зөвхөн өөрийн намын гишүүнчлэлтэй хүнээ сургуулийн захирлаар, эмнэлгийн даргаар тавьж, тэр байтугай цэцэрлэгийн даргаар хүртэл зөвхөн өөрийн намын хүнээ тавьж байсан. Би Монгол улсын болохгүй байгаа бүхнийг засах гол суурь бол боловсрол гэдэгт бүрэн итгэдэг хүн. Гэтэл жинхэнэ мэргэжилтэй чадварлаг, шударга боловсон хүчнийг улс төрийн шалтгаанаар хийх ёстой ажлыг нь хийлгэхгүй л байна. Эрх баригчид энэ улсыг нэг л буруу удирдан чиглүүлж байгаа нь надад судлаачийн хувьд, эдийн засагчийн хувьд, боловсролыг дээдэлдэг багш хүний хувьд харагдаж, мэдэгдсээр байна. Тиймээс би 2018, 2019 оноос нэлээн сайн дуугарч, ХҮН намд элсэн орж, энэ нийгмийн болохгүй байгааг өөрчлөхийг оролдож эхэлсэн л дээ.

УУЧЛААРАЙ, ШҮҮМЖЛЭХ ГЭСЭНГҮЙ. ГЭХДЭЭ ИХЭНХ ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ СЭХЭЭТЭН ХҮМҮҮС АЙМАГ, ОРОН НУТАГТ ГЭХЭЭСЭЭ УЛААНБААТАРТ НЭР ДЭВШИХЫГ ЭРМЭЛЗЭХ НЬ АЖИГЛАГДДАГ. МАГАДГҮЙ, ӨӨРСДИЙГ НЬ ИЛҮҮ САЙН ОЙЛГОХ СОНГОГЧИД ТЭНД БАЙНА ГЭЖ ХАРДАГ БАЙХ Л ДАА. ГЭТЭЛ ТА ДАРХАНД, ДАРХАНЫ АСУУДЛУУДТАЙ “ОРООЦОЛДОХООР” ИРСЭН. ЯАГААД?

- Намайг нэр дэвших шийдвэр гаргасны дараа, манай намын нөхдөөс Улаанбаатарын аль нэг дүүрэгт нэр дэвшихийг санал болгож байсан л даа. “МУИС-д олон жил багшилсан, оюутнууд, шавь олон байгаа. Өөрийнхөө амьдардаг Чингэлтэй дүүргээс нэр дэвшээч” гэхэд нь би өөрийнхөө өссөн Дархан-Уул аймагт очино гэсэн. Учир нь, хөдөө орон нутагт сэхээтэн, мэдлэг чадалтай боловсролтой хүмүүс очиж ажиллан, асуудлуудынх нь шийдлийг харж, ойлгож судлан, шинэ санааг дэвшүүлэн гаргаснаар тухайн орон нутаг л хөгжинө. Тухайн нутгийн иргэд л хожино. Нийслэл Улаанбаатар хотод тэртээ тэргүй их мундаг хүмүүс өрсөлддөг. Тиймээс би Дархандаа өрсөлдье л гэж бодсон.

Би Дарханыг сайн мэднэ. Сүүлийн 20 гаруй жилийн долоод нь АНУ-д, тавд нь Москвад, хоёр жилд нь Англи улсад сурч, бусад цаг хугацаанд нийслэл хотод МУИС-д ажиллаж байсан хэдий ч Дархандаа байнга ирж очдог байсан. Энэ тухайгаа би түрүүнд дурьдсан. Ээж, эгч, гэр бүл, ах дүү хамаатан саднуудтайгаа хамт байж, тэднийхээ жаргал зовлон бүхнийг хуваалцаж Дарханы хууль шүүх, цагдаа эмнэлэг гээд явж байхдаа судлаач хүний хувиар олон ч зүйлийг ажиглаж, харж явсан.

Хөгжих бүх боломж нь бүрдсэн, зарим аймгуудын хувьд зөвхөн зүүдэлж л болох тийм сайхан нөхцлүүдтэй хотын хувьд хүний хөгжлийн үзүүлэлтүүд нь ийм доогуур, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт байхгүй, ажилгүйдэл ихтэй байна гэдэг ерөөсөө л засаглалын буруу.

Энэ бол иргэд, бизнесийн байгууллагуудын буруу огтхон ч бишээ. Харин МАН –ын үе үеийн дарга нар, тэдний гишүүдийн буруу гэж би үзэж байгаа.

ТА БИД ХОЁРЫГ МАН-ыг БУРУУТГААД Л, АЛБААР ШҮҮМЖЛЭХ ГЭЖ ЭНЭ ЯРИЛЦЛАГЫГ ХИЙЖ БАЙНА ГЭЖ ХАРДАХ НЭГ ХЭСЭГ ГАРАХ БАЙХ. ГЭХДЭЭ ТАНЫ ЯРИАД БАЙГАА, МАНАЙ АЙМАГТ “ҮҮРЛЭСЭН” ЗАСАГЛАЛЫН ГАЖУУДАЛ, АЛДАА ЗАВХРАЛ ЭНЭ ОЛОН ЖИЛ ДАНГААР ЗАСАГЛАЖ, ЭРХ БАРЬСАН МАН-тай ЯАЛТ Ч ҮГҮЙ ХОЛБОГДОХ ЮМ ДАА...

- Би 2020 оны сонгуульд оролцохоор нэр дэвшээд Дарханд ирэхэд МАН-ын гишүүн, Дархан-Уул аймгийн Засаг Дарга, ИТХ-ын даргаар олон жил ажилласан, маш туршлагатай, сурган хүмүүжүүлэгч байсан, Дархандаа их нэртэй, сэхээтэн хүн надад юу гэж хэлсэн гээч! Тэр хүнээс би тийм зүйл сонсоно гэж огт бодоогүй...\Нэрийг нь хэлмээргүй байна. Гэхдээ энийг чи бүр заавал бичээрэй\

ТА ТЭР ХҮНЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВАХ ГЭЖ УУЛЗСАН ЮМ УУ?

- Би тэр хүнийг их хүндэлдэг байсан учраас надад тэр хүний үг чухал гэж бодоод зөвлөгөө авахыг хүссэн юм. Тэгсэн тэр хүн надтай бүр уулзахыг ч хүсээгүй. Зүгээр л утсаар “Чи бараг дэмий дээ. Дархан-Уул аймаг гэдэг чинь МАН. Тиймээс та нар шиг өөр намын хүмүүст дэмий. Тэр байтугай АН ч Дархан-Уул аймагт явдаггүй юм. Манай МАН л хамгийн мундаг нь, хамгийн чадвартай нь, хамгийн хүний нөөц ихтэй. Угаасаа засаглаж ирсэн, засаглах ч болно” гэж хэлсэн. Надад тэр үг их юм бодогдуулсан шүү. Тийм байж болноо. Засаглаж ирсэн нь үнэн. Засаглах болноо гэдэг нь ч үнэн байх. Гэхдээ ингэж хэлж байгаа нь, тэдний удирдлагуудын дунд ийм бодолтой хүн байгаа нь зүгээр л энэ нам ямар буруу байгааг харуулж байгаа юм. Нам засгийнх нь дарга байсан хүн шүү дээ. Ерөөсөө тэдний хандлага нь ийм юм билээ. Тиймээс би нэг намын олон жил явж ирсэн энэ монополь байдалд, бүхнийг чадна гэх атлаа чаддаггүй байдалд нь дүн шинжилгээ хийж, өөр ямар шийдэл гаргасан бол Дархан-Уул аймаг өнөөдөр хэрхэн хөгжих байсныг хэлэхийг хүссэн.

Дарханд ирээд байж байхад, ерөөсөө МАН-тай л сайхан харилцаатай байж, шүүмжлэхгүй бол аж ахуйн нэгжийнх нь ажил явдаг, сум хөгжүүлэх сангаас жижигхэн мөнгө олж бизнесээ урагшлуулдаг, тэр байтугай зүгээр нэг жижигхэн ТҮЦ ажиллуулахдаа хүртэл зөвшөөрөл олж авдаг, бүр ядуу өрх МАН-д биш өөр намд санал өгснийхөө төлөө хүнсний талонд орж чаддаггүй байдал түгээмэл байгааг олж харсан.

Ерөөсөө МАН-ын хүн биш л бол их хэцүү байдалд ордог юм билээ. Ийм эвгүй байдал гарч байгаа учраас би МАН-ын үйл хөдлөл, бодлогогүй байдал, алсын хараагүй, ёс зүйгүй байдлыг өөрчилж, салхи оруулъя, зөв явъя, хүмүүст ойлгуулъя гэж зорьсон юм. Хамгийн гол нь хүмүүст өөр ямар оновчтой бодлого барьвал Дархан-Уул аймгийн иргэд нийтээрээ сайн сайхан амьдрах боломж бололцоо байгаа вэ гэдгийг харуулмаар, хэлмээр байна.

ТУН УДАХГҮЙ ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ БОЛНО. ХҮМҮҮС УИХ-ЫН СОНГУУЛИЙГ БОДВОЛ АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨХ НЬ БАГА, ИРЦ Ч ТИЙМ ХАНГАЛТТАЙ БУС БАЙДАГ. МАГАДГҮЙ АЧ ХОЛБОГДЛЫГ НЬ ТЭР БҮР МЭДДЭГГҮЙ БАЙХ. ИРГЭДИЙН ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛЫН АМИН ЧУХАЛ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭДЭГ ЭНЭ БАЙГУУЛЛАГЫГ ЗӨВ СОНГОХ, АЙМАГ, СУМЫН ИТХ-ЫН СОНГУУЛИЙН АЧ ХОЛБОГДЛЫГ ОЙЛГУУЛАХ, ЧУХАЛЧЛАХ ТАЛ ДЭЭР ТА ЮУ ХЭЛЭХ ВЭ?

- Танай сайтаар дамжуулж нийт Дарханчууддаа хандан хэлэхэд, орон нутгийн сонгууль гэдэг их хурлын сонгуулиас ч илүү амин чухал юм шүү. Их хурлын сонгууль гэдэг нийт эдийн засаг, нийт иргэдийн эрх ашгийг хамгаалсан хууль эрх зүйг байгааг нь сайжруулж, байхгүйг нь шинээр батлаад явдаг байгууллагыг сонгох үйл явц.

Харин орон нутгийн байгууллага гэдэг та бидний өдөр тутмын амьдралд хамгийн хамаатай аж ахуйн асуудлуудыг шийднэ. Тухайн орон нутаг, аймаг, сумандаа амьдарч байгаа хүмүүсийн мөнгөний асуудал, дулааны асуудал, агаарын асуудал, боловсролын асуудал, цэцэрлэгийн асуудал, бохирын асуудал, цэвэр усны асуудал гээд, бүүр цаашилбал ажлын байрны асуудал, ТҮЦ-ны зөвшөөрлийн асуудал бүр хүнсний талоны асуудал, өрхийн эмнэлэг, өндөр настны халамжийн асуудал гэх мэт ажлуудыг шийдэж, хийж байдаг байгууллага.

Өөрөөр хэлбэл, миний гэр бүлийн, миний өөрийн өдөр тутмын амьдралыг зөв шийдэж чадах хүмүүс хэн байх вэ гэдгийг иргэд энэ орон нутгийн сонгуулиар сонгодог. Тиймээс маш сайн анхаарал хандуулж, чухалчлах ёстой.

МАНАЙ АЙМГИЙН ОДООГИЙН ИТХ СӨРӨГ ХҮЧИНГҮЙ. БИ СЭТГҮҮЛЧИЙН ХУВИАР ХУРЛЫН ХУРАЛДААНД ХЭД ХЭДЭН УДАА СУУХДАА ЕРӨӨСӨӨ ШИЙДВЭРҮҮД НЬ УРЬДЧИЛАН ТӨЛӨВЛӨСӨН ШИНЖТЭЙ, НАМЫН БҮЛЭГ ДЭЭР ЯРЬСАН, БАГЦАЛЧИХСАН ГЭХ БАЙДЛААР ГАРЧ БАЙХЫГ АЖИГЛАСАН. ЭРҮҮЛ МЭТГЭЛЦЭЭН ТЭР БҮР ГАРДАГГҮЙ ЮМ БИЛЭЭ. ИЙМ СӨРӨГ ХҮЧИНГҮЙ ЗАСАГ ЯМАР АЮУЛТАЙ ТАЛААР ТА ИРГЭДДЭЭ ХАНДАН ТАЙЛБАРЛАЖ ӨГӨӨЧ. МАГАДГҮЙ, БИ ХЭЛЭХ НЭГ ХЭРЭГ, ТА ХЭЛЭХ ӨӨР БАЙХ.

- Тийм шүү. Энд бид сонгууль буюу нийгмийн асуудал ярьж байна. Гэтэл байгаль дээр хүртэл эсрэг, тэсрэг цэнэгүүд байж хөгжил хөдөлгөөн эрчимтэй болдог шүү дээ. Үүнтэй нэгэн адил нийгмийн амьдралд, улс төрийн амьдралд ч сөрөг хүчин байж, тэр тусмаа бүр сайн чадварлаг сөрөг хүчинтэй байвал ажил сайн явагдана. Энэ бол зүй тогтол. Ажил сайжрах учир эрх баригчдын ч нэр хүнд өндөр байж, магадгүй тэд дахин сонгогдоно. Үүнээс хамгийн чухал нь иргэд хожино, хөгжил хурдтай явна.

2016-2020 онд ажиллаж байгаа Дархан-Уул аймгийн ИТХ хурал бол эмгэнэлтэй. Нийт 33 төлөөлөгчтэй атлаа 30 нь МАН-ынх. Гуравхан бие даагчтай. 

Хэрэв хүчтэй сөрөг хүчинтэй байсан сан бол, бид жишээ нь 2017 онд ХАА яам ЖДҮ-ийн сангаас Дархан-Уул аймагт хэдэн төгрөг хуваарилсныг, аймгийн засаг дарга, эрх баригчид сонгуулийн жилд хаана, юунд, хэдэн төгрөг зарцуулсныг, тэр ажлуудынх нь тендер хэрхэн явагдсаныг, ямар компаниуд шалгарсныг гэх мэт маш олон мэдээллийг ил тодоор авч болох байсан. Гэвч тэгээгүй. Энэ мэдээллүүд яагаад ил байхгүй байна, яагаад цахим хуудсандаа мэдээллүүдээ дутуу оруулаад байна, шилэн дансных нь бүртгэл яагаад бүрэн хөтлөгдөхгүй байна гээд олон зүйл бидэнд ойлгомжгүй, хаалттай байна.

Дангаараа даам гарч, давуу байдлаараа бүгдийг шийдэж байгаа МАН яагаад тэр бүхнийг ил байлгахыг хүсэхгүй байгаа нь ч учиртай. Сөрөг хүчингүй засаг ийм л хаалттай байдаг. Тиймээс аймаг, сумдын ИТХ-д зайлшгүй хүчтэй, чадварлаг сөрөг хүчин хэрэгтэй. Дарханчууд бид юу ч мэдэхгүй, ямар ч мэдээлэлгүй байсаар, тэд бидний өмнөөс дураараа шийдвэр гаргасаар байж болохгүй ээ.

ЭДГЭЭР АСУУДЛУУДЫГ ХАМГИЙН ХУРДТАЙ ШИЙДВЭРЛЭХ ЯМАР БОЛОМЖ, ГАРЦЫГ ТА БОЛООД ТАНАЙ НАМЫН НӨХӨД ТОДОРХОЙЛЖ БАЙГАА БОЛ?

- Зөвхөн ХҮН нам биш, ерөөсөө бүх намууд бүгд нийлээд, хамтраад зарим зүйл дээр дуугарч, ажиллаж байх хэрэгтэй байна. Энэ бүхэн зөвхөн намын асуудал биш ээ. Хүний асуудал, иргэний асуудал учраас тэр. Магадгүй, зарим нам боловсон хүчний хувьд хүчтэй байхад, зарим нь ойлголтын хувьд хүчтэй байж болно. Тиймээс бид иргэдийнхээ амьдралыг сайн сайхан болгохын төлөө хамтраад, нэг нэгнээ нөхөөд, асуудлуудыг шийдэж байвал болох юм байгаан. Ер нь аймгийн ИТХ, Засаг Дарга, түүний тамгын газар дэргэдээ судалгааны “Тинк Танк” байгууллагатай болмоор байна. Аймгийн бүх статистик мэдээллүүд очиж байдаг, хөдөө аж ахуй, газар тариалан, хүүхэд, боловсрол, эмнэлэг, хөгшчүүл, өрх толгойлсон ээж, аавууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүнд өвчин туссан хүүхдүүд гэх мэтээр нарийвчлан судалдаг, түүндээ дүн шинжилгээ хийдэг, мөн хийж хэрэгжүүлсэн ажлууд, авсан арга хэмжээнийхээ үр дүнг тооцож байдаг тийм байгууллагатай баймаар байна. Энэ бол олон улсын жишиг. Одоо дэлхий даяар “Тинк Танк” байгууллагын ач холбогдлыг чухалчлах болсон. Ер нь ямар ч нарийвчилсан судалгаагүйгаар хэрхэн зөв, оновчтой шийдвэрийг эрх баригчид гаргах билээ дээ.

ТАНЫ НАДАД ӨГСӨН ХУГАЦАА ДУУСАХ ГЭЖ БАЙНА. ТЭГЭХЭЭР ЭНЭ СҮҮЛИЙН АСУУЛТ. ДАРХАНЫ ХҮҮХДҮҮД ДЭЛХИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ СУРЧ, АЖИЛЛАЖ АМЬДРААД, БОЛОВСРОЛ МЭДЛЭГ ЭЗЭМШИН ЭРГЭН ИРЖ ТӨРӨЛХ ХОТЫНХОО ТӨЛӨӨ САНАА ЗОВНИН, АСУУДАЛ ШИЙДЭЛ ЭРЭЛХИЙЛЭН, ОРОЛЦОЖ БАЙГААГ ХАРААД БИ ХУВЬДАА МАШ ИХ БАЯРТАЙ БАЙГАА. ТА ТЭДНИЙ НЭГ. ТҮҮЧЭЭ НЬ. ДАРХАНЫХАА САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ХАНЦУЙ ШАМЛАН ОРЖ ИРСЭН ТАНЬД МАШ ИХ БАЯРЛАЛАА. МОНГОЛ ОРНЫ ТӨДИЙГҮЙ ДЭЛХИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ СУУГАА, НААШАА ДАРХАН РУУГАА ЧИХ ТАВИН, САНАА СЭТГЭЛ ЧИЛЭЭН СУУДАГ МЯНГА МЯНГА ДАРХАНЧУУДДАА ХАНДАЖ ҮГ ХЭЛЭЭЧ?

- Ер нь бол бид бүгд монголчууд шүү дээ. Гэхдээ ээж, аав, эмээ өвөө маань “манай нутгийнхан” гээд сүйд болцгоодог \инээв\. Харин Улаанбаатар хотод төрсөн хүнээс “Аль нутгийнх вэ?” гэж асуувал “Ааваараа бол би Хөвсгөл аймгийн Цагаан уул сумынх”, эсвэл “Ховд аймгийн Булган сумынх” гэх жишээтэй. Тэгвэл, биднээс  “Та хаанахынх вэ?” гэхэд “Би Дарханых л даа...” гэдэг \инээв\. Зөвхөн Улаанбаатарт байгаа дарханчуудын хувьд ч биш ер нь хаана ч байсан бид бүгд л тэгж хэлдэг. Хэлэх ч дуртай. Би гадаадад маш амжилттай ажиллаж амьдарч, бизнес эрхэлж байгаа олон дарханчуудыг мэднэ. Тэдэндээ, УБ хотод болон монгол орны өнцөг булан бүрт байгаа дарханчууддаа, бас одоо ч эндээ ажиллаж амьдарч байгаа нийт хүмүүстээ хандан “Дархан зөв менежмент, зөв засаглалтай бол \аль нам байх нь хамаагүй ээ\ хамгийн хурдан хөгжих үнэхээрийн сайхан газар. Ийм нөхцлийг л энэ Дархан хотдоо бий болгоход бид бүгдийн оролцоо маш чухал байна. Иргэд нь сайн, сайхан амьдрах бүхий л бололцоо нөхцлөөр хангагдсан Дархан хотыг бий болгоход та бидний санаа бодол чухал шүү. Бүгдээрээ гар нийлэн өөрчилж чадвал энэ бидний дараа дараагийн үедээ хийж байгаа маш том буян, маш том хөрөнгө оруулалт болно. Магадгүй, энэ бидний хорвоогоос явахдаа үлдээх хамгийн сайхан ажил ч байж болох юм” гэж л хэлмээр байна даа. 

Баярлалаа.   

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (127.0.0.1)
    Олон юм ярилгүй сонгуульд ажиллуулсан хүмүүсийн мөнгийг өгөөч, тэгэх байсан ингэх байсан гэж хэн ч ярьж чадна. Яг цагаа тулаад хийж бүтээх болохоор бүгд хойш суудаг юм хоосон амтаа
    2020 оны 09 сарын 18 | Хариулах
    • Э. Энхбаяр(127.0.0.1)
      Хөөрхий нэр хаяггүй зочин чи идэхийн тулд амьдардаг уу... хүнийг гүтгэхийн тулд баримт хэрэгтэй баримтаа гаргаж тавьсан нь дээр дээ
      2020 оны 09 сарын 18
    • О.Дугармаа.(127.0.0.1)
      За сайхан гүтгэлээ дээ.Хэн гэдэг хүн сонгуульд ажилласан мөнгөө аваагүй үлдсэн гэж хэлээд байна.1 ч төгрөгний өргүй сонгуулийн тооцоогоо хийж дуусгасан.Хүн гүжирдэхээ болиорой.Тооцоо хийж дуусгасан хүн нь би өөрөө байна шүү.
      2020 оны 09 сарын 18
1537   3
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг