Лхагва 2019-01-02 Дархан
Time out   2019-04-02

ТАНЬДАГ ХҮН БАЙНА УУ ???

      Өглөөний цай уух зуур нөхөр маань ажлын хувцаснуудаа хасч засах хэрэгтэй болсон талаараа ярив. “За байз, манай ажлын хажууханд шинээр оёдлын газар нээгдсэн байна билээ. Тэнд өгчих үү?” гэж асуухад, нөхөр маань над руу нухацтай гэгч нь харснаа “Таньдаг юмуу?” гэж асуув. “Танихгүй л дээ. Гэхдээ өглөө ажилдаа очихдоо өгчихөөд, орой тарахдаа авчихвал амар юм” гэж бодлоо гэлээ. Нөхрийн хэлж байгаагаар бол таньдаг оёдолчинд очвол илүү найдвартай бололтой. Энэ зуур хэдхэн хоногийн өмнө болсон нэгэн яриа санаанд орлоо. Нэгэн танил маань танихгүй оёдолчинд хүүхдийнхээ өмдыг хасуулахаар өгчээ. Хичээл орох дөхсөн учир “Яаруу юм. Хурдхан оёод өгөөрэй” хэмээн гуйжээ. Гэвч маргааш нь очиход нөгөөх өмдийг нь зөвхөн задлаад орхисон, огт оёогүй байв. Ингээд таньдаг хүндээ өгдөг байж хэмээн халаглаж явсан нь тэр байж.

     Ингээд тэр өдөржин таньдаг хүний тухай бодол хөврөв. Хэдэн сарын өмнө нэг найз маань “Ээж 55 нас хүрч байгаа. Тэтгэвэр тогтоолгох болсон. Нийгмийн даатгалд таньдаг хүн хэрэгтэй байна” гэхэд нь нийгмийн даатгалын байцаагч “Таньдаг хүндээ л үйлчилнэ” гээд биччихсэн сууж байдаг бололтой гэж дотроо бодон инээд хүрч байсан санаанд орлоо. Бас нэг удаа хамт ажилладаг залуугаа ипотекийн зээлд хамрагдах гэсэн юм. Банкинд таньдаг хүн бий юу гэхэд нь “Залуу хосууд гэр оронтой болох гэж байхад тус больё” гэж бодоод таньдаг хүнээ зааж өгснөө саналаа.  Нээрээ л зарим үед таньдаг хүн ховрын бараа болдог юм байна шүү.

     Нэг удаа төрсөн дүү маань жолооны үнэмлэхээ алдчихаад, шинээр авахаар болсон юм. Ийм ч бичиг баримт бүрдүүл, тийм ч шалгалт өг, тэр ч цагдаатай уулз гэсээр хэдэн өдрийг барав. Бөөн бичиг цаас болсны эцэст өнөөх бөримтуудаа бөөгнүүлэн очиход үнэмлэх хэвлэдэг машин нь эвдэрснээс болоод захиалга овоорч, дараалал ихтэй байгаа болохоор 1-2 сар  хүлээх хэрэгтэй гэв. Хөдөө явах яаралтай ажилтай байсан тул аргаа бараад эртхэн авчих санаатай таньдаг хүний эрэлд гарлаа. Дам дамаа ярьсаар нэгэн танил олов. “Холын” тэр танил маань өнөөх хоёр сарын дараа гарах үнэмлэхийг, ердөө гуравхан хоногт аваад өгсөн юм даа.

     Ингээд бодохоор танил талын холбоо сүлбээгээр ажил урагшилдаг ядарсан нийгэмд бид амьдарч байгаа бололтой. Үүнийг өөгшүүлэгчид нь магадгүй бид өөрсдөө ч юм шиг. Үгүй, тэгээд одоо өөр жишгээр амьдарья, сайн сайхан нийгмийг бүтээе гэхээр цаг үе хугацаа гэдэг үнэт капиталаа хэн нэгэн авилгач нөхрийн балгаар алдсаар суух нь. Мөрөөрөө мацаад, тэмцээд урагш ахих гэхээр танил тал, мөнгө төгрөггүйн улмаас хананд тулж, нам гацдаг болжээ. Тиймдээ ч хаа сайгүй танил тал, сайн ах, эгчийн далбаан дор намирагсад олон болж, таньдаг хүний хэрэгцээ улам л их болжээ.

     Магадгүй таны амьдралд ч ийм жишээ олон байгаа биз ээ? Таньдаг машин засвар байна уу? Танихгүй газар очихоор машинд минь бүтэн эд ангигүй болчихоод байх юм. Таньдаг эмч байна уу? Очер дараалалгүй эмнэлэгт хэвтчих юмсан. Ах гайгүй шиг албан тушаалд байгаа дээр хүүхдээ ажилд оруулчих юмсан. Зээл авмаар байна. Таньдаг хүн байна уу? ... гэх асуултууд өдөр тутамд минь бидний амьдралд эргэлдсээр. Ингэхэд би ч гэсэн таньдаг хүнээ олоод томоохон тендер авч баяждаг ч юм билүү гэж бодох боллоо. Та нарт ер нь таньдаг хүн байна уу???

497   0
НИЙТЭЛСЭН: М.Нармандах