Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-12-13

COVID-19 ийн үеийн ХҮНИЙ ЭРХ зөрчсөн шийдвэрүүд

 Коронавирусийн халдварын тохиолдол Монгол Улсад 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэнээс хойш Засгийн газар, УОК зэрэг холбогдох байгууллагуудаас олон шийдвэр гаргаж, ЭМЯ тухай бүрийг олон нийтэд мэдээлж ажилласаар ирсэн. Энэ явцад гаргасан шийдвэрүүд болон хийсэн мэдэгдэл нь хүний эрхийг зөрчсөн тохиолдол нэг биш гарсан. Ямар шийдвэр хүний эрхийг зөрчсөн талаар бид эргэн сануулж байна. 

 

2020.01.31

БНХАУ-ын Ухань хотод коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор Засгийн газар гуравдугаар сарын 2-ныг хүртэл Хятад улстай залгаа хилийн боомтуудаа хаав.

2020.02.14

БНХАУ-тай хил залгаа боомтуудаар орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоосон бөгөөд БНХАУ-аас ирэх болон тус улсад зорчихыг бүрэн хориглов.

2020.03.11

Засгийн газраас БНСУ болон Япон улсад буй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчрах шийдвэрийг гаргав. Энэ бүх хугацаанд гадаадад түр ажлаар болон эмчилгээнд явсан монгол иргэд эх орондоо ирж чадахгүй гацсан байдаг.

2020.11.11

Монгол Улсад коронавирусийн дотоодын анхны халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор 12-ны өдрөөс эхлэх Гамшгаас хамгаадах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоосон. 

Энэ хүрээнд гадаадаас иргэдээ авах тусгай үүргийн нислэгүүдийг зогсоосон. Тухайн үед төлөвлөгдсөн нислэгээр ирэх хүсэлт гаргасан 3,800 гаруй иргэн байсныг УОК мэдээлж байв. 

Уг шийдвэр эх орондоо ирэх иргэдийн эрхийг зөрчсөн юм. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16.18-д “… гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно” 

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Хэний ч эх орондоо ирэх эрхийг дур мэдэн хасаж болохгүй” гэж заасан байдаг.

Энэ эрхийг хязгаарлах бол гэрээгээр хүлээсэн зарим үүргээсээ түр хугацаагаар ухрах (derogation) нөхцөлөөр гагцхүү тус пактын 4.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу “улс үндэстний амьдралд аюул занал тулгарч, энэ тухай албан ёсоор зарлаж нийтийг хамарсан онц байдал тогтоосон” үед хурцадмал шинжид дүйх хэмжээгээр хязгаарлаж болно хэмээн тайлбарласныг Нээлттэй нийгэм форум онцолж байсан.  

Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 13-т "Хэн боловч аливаа улс орныг, түүний дотроо эх орноо орхин явах, эх орондоо эргэж очих эрхтэй" гэсэн заалтыг зөрчсөн.

2020.04.01

ЭМЯ-ны 11:00 цагийн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрснийг зарлав. Ингэхдээ Туркийн ЭСЯ-ны ажилтны ар гэрийн гурван хүн гэдгийг мэдээлсэн юм. 

Энэ нь хувь хүний нууц буюу эрүүл мэндийн талаарх мэдээллийг задруулсан.

Хүний эрхийг түгээмэл тунхаглалд "Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй" гэж заасан. 

Мөн Хувь хүний нууцын тухай хуулийн 2.4.2-т Эрүүл мэндийн нууцад тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг хувь хүний нууцад тооцохоор тусгасан байдаг. 

2020.11.29

Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг арванхоёрдугаар сарын 11-н хүртэл сунгах шийдвэр гаргаж, арванхоёрдугаар сарын 1-нээс шинжилгээний хариу сөрөг гарсан иргэдийг шалган нэвтрүүлэх товчоогоор зорчуулж эхлэв.

Ингэхдээ голомт гарсан аймгууд болох Архангай, Сэлэнгэ аймагт гацсан иргэд нийслэл хот руу орж ирэх боломжгүй болгов. 

Энэхүү шийдвэрээс болоод Архангай аймгийн иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон юм. 

Үндсэн хуулийн 16.1-д Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд "Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй" хэмээн заасан байдаг.

2020.12.04

Гэрийн ажиглалтад байгаа иргэдийн хаалган дээр наалт нааж эхлэв. 

Энэ нь тухайн хүнийг өвдсөн гэдгээр нь ялгаварлан гадуурхах нөхцөлийг бий болгосон юм. 

Үндсэн хуулийн 14.2-т Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна хэмээн заасан байдаг.

Бэлтгэсэн Ц.Тамир 

Эх сурвалж:

FactCheck.mn

FactCheck сүлжээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
374   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan