Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2021-01-05

Г.ДАМДИННЯМ: Концессын гэрээ нэртэй луйврыг тухайн үеийн эрх мэдэлтнүүд хийчихжээ

УИХ-ын Гишүүн Г.Дамдиннямын Дархан-Төмөрлөгийн үйлдвэрийн концессыг хүчингүй болгох, хариуцлага тооцох үндэслэлтэй байна хэмээн Itoim.mn-д ярьжээ. 

УИХ дахь МАН-ын бүлгийн өнгөрсөн даваа гаргийн хурлаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсож, шийдвэр гаргасан гэсэн. Эндээс хоёулаа ярилцлагаа эхлүүлэх үү?

-Энэ үйлдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр албан ёсоор мэдээлэл сонслоо. 2010 оны есдүгээр сарын 29-нд “Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх талаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Кью Эс Си” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Улмаар Дархан-Сэлэнгийн бүсэд Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх зорилгоор 2014 оны дөрөвдүгээр сард Эдийн засгийн хөгжлийн яам (хуучнаар) болон “Кью Эс Си” ХХК-ийн хооронд Концессын гэрээг 30 жилийн хугацаатай байгуулсан. 

Төслийн эцсийн зорилго нь 2018 оны дөрөвдүгээр сард жилд 300 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гангийн үйлдвэр байгуулж, дотоодын зах зээлийг хангах гээд их гоё томъёололтой. Ний нуугүй хэлэхэд энэ гэрээг луйврын гэрээ гээд хэлчихэд буруудахгүй байх. Нэг хүн өөрөө өөртэйгөө хийчихсэн мэт уншигддаг гэрээ байдаг. Концессээр авсан тал ямар ч хариуцлага хүлээхгүй шахуу, тэгсэн хэр нь хэрэв Монгол Улсын Засгийн газар гэрээг дүгнэх, цуцлах асуудал тавьбал тус гэрээгээр ирээдүйд олох бүх ашгийг нь концесс эзэмшигчид төлөх заалт оруулчихсан гэх мэт хүн итгэхэд бэрх заалт олон бий.

Тус гэрээгээр бол “Кью Эс Си” компани 2018 оны дөрөвдүгээр сар гэхэд Металлургийн цогцолборыг бүрэн хэмжээнд ашиглалтад оруулна гэсэн үүрэгтэй байдаг. Гэтэл 1000 гаруй хүн ажилладаг, төмөрлөгийн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан энэ үйлдвэр үйлдвэрлэлээ зогсоогоод одоо уул уурхайн компани болоод хувирчихсан. 

Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд нийт нэг их наяд төгрөгийн борлуулалт хийж, долоон сая тонн хүдэр зарсан байна. Нэг их наяд төгрөгийн борлуулалт хийсэн хэрнээ 2016 оноос хойш татварын өртэй, хуримтлуулж явсаар 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар улсад төлөх 45.5 тэрбум төгрөгийн татварын өртэй байна.

Юун үйлдвэр барих битгий хэл улсад төлөх татвараа төлөхгүй яваа. Өрөө ч төлдөггүй, татвараа ч төлдөггүй, тэгээд баялагийг нь зараад ашиг хийгээд зувчуулаад байдаг. Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах Төмөр толгой, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах Төмөртэйн орд газраас хүдэр олборлоод өдөр шөнөгүй урагш нь зөөж байна. 

Нэг нь 25 сая гаруй, нөгөө нь 230 гаруй сая тонн хүдрийн нөөцтэй ордууд л даа. Мөн бас 12.6 сая тонн нөөцтэй Хуст Уулын ордыг эзэмшдэг юм. Гэрээгээр хүлээсэн Металлургийн цогцолбор нь баригдах битгий хэл сураггүй байхад Төмөр толгойн уурхайн нөөц дуусаж байгаа, тун удахгүй хаагдана. Дахин хэлэхэд, үндсэндээ концессын гэрээ нэртэй энэ луйврыг тэр үеийн эрх мэдэлтнүүд концесс авсан хүмүүстэй хамтраад хийчихсэн юм байна. Эндээс хэд хэдэн зүйл анхаарал татаж байгаа.

Тэр нь юу юм бол?

-Концессын гэрээ гэж юу вэ. Энэ бол захиргааны гэрээний нэг төрөл. Төрөөс чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд явуулдаг нэг хэрэгсэл. Нэг ёсондоо, нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн, хамгаалсан байх шинжийг заавал агуулсан байх ёстой. Монголын төр сургууль, цэцэрлэг барих томоохон хэмжээний зам барих дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхэд мөнгө байхгүй байвал төр өөрийнхөө өмчийг хувьд эзэмшүүлээд төлбөр авч тэндээс гарсан ашгаар тэр төслүүдийг санхүүжүүлэх ёстой. Гэтэл энэ гэрээнд тийм агуулга байхгүй. Концессын гэрээ нэртэй боловч тэс өөр зүйл байна. Энэ гэрээ хэт нэг талыг барьжээ. 

Монголын ард түмний өмч шүү дээ. Энэ үйлдвэр одоо үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллахгүй байгааг дээр хэлсэн. Өнөөдрийн байдлаар очоод харахад ч төмөрлөгийн үйлдвэрлэл зогссон байгаа. Тэгсэн мөртлөө төмрийн хүдрийн экспортын болон олборлолтын хэмжээ дөрөв дахин өссөн. Эндээс энэ “Кью Эс Си” компани буюу концесс гэгчийг эзэмшигчдэд анхнаасаа төмөрлөгийн цогцолбор үйлдвэр байгуулах ямар ч бодол байгаагүй юм байна гэж ойлгогддог. Төмөр толгойн орд, Хуст Уулын орд болон Төмөртэйн орд газрыг ухаж зарах л анхны зорилго нь байж гэдэг нь цаг явах бүр ойлгомжтой болж байна. 

Анх авсныхаа дараахан 90 гаруй сая ам.долларын зээлийг төмөрлөгийн цогцолбор барих төсөлдөө зориулах нэрийдлээр Хөгжлийн банкнаас авсан байдаг ч нөгөө цогцолбор ч байхгүй зээлийн эргэн төлөлт ч байхгүй байгаа. Уг нь зээлээ нэг жилийн хугацаатай авсан байдаг юм билээ. Тэгсэн хэрнээ энэ зургаан жилд нийт борлуулалт нь нэг их наяд төгрөг давсан явж байна. Авсан мөнгөөрөө уурхайг ухаж, баялгийг нь худалдах ажилд л хөрөнгө оруулсан бас ‘’хаашаа ч юм’’ зарцуулсан байдаг. Мөнгө байгаа, үйл ажиллагаа явуулж байгаа, орлого олж байгаа. Гэвч зээлээ төлдөггүй, улсад ч татвар олигтой төвлөрүүлдэггүй, ажлын байр ч нэмдэггүй дархан эрхтэй газар Монголд бий болчихжээ.

Концессын гэрээгээ цуцалчихаж болдоггүй юм уу?

-Хэрэв цуцалбал энэ компанийн ирээдүйд олох байсан ашгийг Монгол Улсын Засгийн газар төлөх нөхцөлтэй гэрээ байгуулчихсан юм билээ. Дээр хэлсэнчлэн хэт нэг талыг баримталчихсан байгаа биз. Гэрээ хэлцэл гэдэг чинь хоёр тал тэнцүү байр суурьтай оролцоотой байж хийгддэг зүйл. Монгол Улсын Эрүүгийн хуулийг зөрччихсөн байна шүү дээ. Тухайн үеийн эрх баригчдын шууд оролцоо, Засгийн газар, Үндэсний хөгжлийн газар, Эдийн засгийн хөгжлийн яам зэрэг байгууллага “Кью Эс Си” компанийн талд монголчуудын өмчийг байгалийн баялагтай нь хамт бэлэглээд шахуу зурчихсан гэрээ байдаг юм.

Одоо тэгэхээр яах ёстой юм бэ?

-Энэ луйврыг зогсоох ёстой. Давраад бүр Хөгжлийн банкнаас санхүүжилт аваад авто зам бариад түүнийгээ эргүүлээд улсад 253.4 тэрбум төгрөгөөр шахчихсан байдаг. Тэр луйврыг нь шүүхээр хүчингүй болгоод “Кью Эс Си” компаниас Монгол Улсын Засгийн газарт 253.4 тэрбум төгрөг буцаан төлүүлэх шийдвэр 2019 онд гарчихсан яваа. Монголын уул уурхайн баялгийг ухаад зараад байдаг, дарханчуудад ээлтэй нэг ч зүйл байхгүй, улсад төлсөн татвар маш бага. Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон их хурлын зарим гишүүнийг оролцуулаад УИХ-аас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээний хэрэгжилтийг дүгнэх, шалгах ажлын хэсэг УИХ дэргэдээ байгуулах ёстой гэсэн бүлгийн шийдвэр гарлаа. 

МАН-ын бүлгийн гишүүд маань бараг бүгд энэ тал дээр санал нэг байгаад талархалтай байгаа. Энэ ажлын хэсэг дэд ажлын хэсэгтэй буюу Татвар, гааль, мэргэжлийн хяналт, Аудитын газар гээд энэ чиглэлд хамаарч болох агентлагуудыг оролцуулаад шалгах ажлын хэсэг байгуулаад ажиллана. Ойрын хугацаанд энэ ажилд шуурхайлж орно. Гэрээ бол хоёр тал тэнцүү нөхцөл байдалд байх ёстой гэсэн эрх зүйн суурь зарчим байдаг. Гэтэл нэг тал нь 90, нөгөө нь 10 хувь байгаа юм шиг энэ гэрээ нь шударга ёсонд таарахгүй зүйл шүү дээ. Ард түмний өмчийг хулгайлсан явдал. 

Гэрээг эн тэнцүү хэмжээнд авчирч шинэчлэх, эсвэл цуцлах ёстой. Ийм асуудал ярингуут Арбитрын шүүхэд өгнө гэх зүйл гаргаж тавих байх. Тэгэхээр эхний ээлжинд гэрээний дүгнэлт гарсны дараа тухайн үед энэ гэрээг Монголын төрийг төлөөлж хийсэн хүмүүстэй хариуцлага ярих ёстой. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, ард түмний өмчийг хулгай хийх замаар нээж өгсөн албан тушаалтнуудад хариуцлага зайлшгүй тооцох ёстой. Үүний зөв, бурууг тогтоочихвол манайх Арбитрт дуудагдах уу, үгүй юу гэдэг нь ихээхэн хамаарна. Тиймээс бид энэ чиглэлд ажиллах ёстой.

Зээлийг нь гэрээний дагуу төлүүлэх ажлыг хийж болдоггүй юм уу?

-Хөгжлийн банкнаас авсан зээлүүдээс эргэж төлөөгүй хамгийн том таван найдваргүй зээлдэгчийн нэг нь энэ “Кью Эс Си” компани. Концессын гэрээ нь албажаагүй байхад л тэнд очоод олон ажил хийчихсэн гэх мэт будилаантай асуудал дуулддаг. Энэ бүгдийг бид шалгана. 

Уг нь “Кью Эс Си” компани нэмүү өртөг шингэсэн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлээд, дарханчуудад 1000 ажлын байр шинээр бий болгоно гэсэн амлалт өгсөн байдаг ч хэрэгжээгүй. Асар их хэмжээний борлуулалт хийж орлого олж байж өрөө төлдөггүй, ажлын байр бий болгодоггүй, Дархан-Уул аймаг, орон нутагт ямар ч нэмэр болдоггүй хэрнээ олон түмний баялгийг хулгайлж гээд хэлчихэд буруудахгүй.

2020.01.04

Эх сурвалж: Itoim.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (127.0.0.1)
    өмхий дөрвөд минь чи бас тэр үед төрд том дарга байсан биш бил үү энэ гажиг нөхрийг сонгочих гэж дарханчууд
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
427   1
НИЙТЭЛСЭН: MyDarkhan