Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2021-03-08

ӨНӨӨДӨР ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний нэрлэж заншсанаар “Мартын-8”. Энэ өдрийг зарим орон эмэгтэйчүүд, ээж, охиддоо хайр хүндэтгэлээ илэрхийлэх баярын өдөр болгон тэмдэглэдэг бол зарим нь эдийн засаг, улс төр, нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, жендерийн тэгш эрхийн асуудлыг хөндөж тавин өнгөрүүлдэг билээ.

“Эмэгтэйчүүдийн эрхийн өдөр”-ийг анх 1911 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Зүүн Европын Герман, Дани, Австри, Швейцарь болон ЗСБНХУ зэрэг социалист орны эмэгтэйчүүд хөдөлмөрлөх, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх эрхийнхээ төлөө нэгдэн тэмдэглэж байв. Харин 1917 онд Октябрын хувьсгалын дараа гуравдугаар сарын 8-ныг албан ёсоор эмэгтэйчүүдийн баярын өдөр болгожээ. Энэ өдөр орос оронд дайнаас болж хохирсон олон мянган эмэгтэйчүүд “Талх ба эрх чөлөө” хэмээх ажил хаялтыг зарлаж, түүнээс дөрвөн хоногийн дараа Засгийн газар нь эмэгтэйчүүддээ бууж өгч сонгууль өгөх эрхийг нь нээж өгсөн байна. Түүнээс хойш ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР-ыг жил бүрийн гуравдугаар сарын 8-нд албан ёсоор тэмдэглэдэг болжээ. 

Хожим 1975 онд буюу 64 жилийн дараа НҮБ энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн юм. НҮБ-ын зүгээс жил бүрийн гуравдугаар сарын 8-ныг дэлхийн эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаад буй асуудлуудад үнэлэлт дүгнэлт өгч ярилцах, шийдвэрлэх гарц гаргалгааг тодорхойлох, нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, оролцоог нэмэгдүүлэх, нөхцөлийг дээшлүүлэх, эрхийг хамгаалах зорилгын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд тухайн жилд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад ашиглах уриаг танилцуулдаг уламжлалтай. Энэ жил эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг “CHOOSE TO CHALLENGE” буюу жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг бүгдээрээ тэмцье уриан доор дэлхий нийтээрээ тэмдэглэх юм.

Та бүхэндээ улс орнууд ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР буюу Мартын-8 ыг хэрхэн тэмдэглэдэг талаарх сонирхолтой мэдээллийг хүргэе. 

ОРОС

Манай хойд хөрш ОХУ энэ баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг. Энэ өдөр бүх нийтээрээ амардаг ч баярын үйл ажиллагаа 3-4 хоног үргэлжилж бэлэг дурсгал, цэцгийн баглаа хамгийн ихээр зарагддаг байна.

ХЯТАД

Хятадын Засгийн газраас гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүд хагас өдөр ажиллах ёстой гэж хуульчилсан байдаг. Гэсэн ч ихэнх ажил олгогчид энэ өдөр эмэгтэйчүүдийг бүтэн цагаар ажиллуулдаг байна.

АНУ

АНУ-д зөвхөн энэ өдрийг бус гуравдугаар сарыг бүхэлд нь эмэгтэйчүүдийн түүхийн сар болгон тэмдэглэдэг байна. Мөн Ерөнхийлөгчийн тунхаглал гаргаж аливаа салбарт амжилт гаргасан эмэгтэйчүүдийг сайшаан, шагнадаг ажээ.

ГЕРМАН

Германчууд эмэгтэйчүүдийн баяраар албан ёсоор амардаггүй. Хуучин Зүүн Герман энэ өдрийн тэмдэглэдэг, харин Баруун Герман огт тэмдэглэдэггүй байсан. Тиймээс хоёр Германи нийлснээс хойш эмэгтэйчүүдийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхээ больжээ. Харин жил бүрийн тавдугаар сард "Ээжүүдийн баяр”-ыг албан ёсоор тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр бүх ээжүүд гэрийн ажлаас 100 хувь чөлөөлөгддөг байна. 

ПОЛЬШ

Польшууд германчуудын нэгэн адил Мартын 8-нд амардаггүй. Гэсэн ч ЗХУ-ын үеэс уламжлагдан ирсэн баяраа мартаагүй. Энэ өдөр польш эрчүүд эмэгтэйчүүддээ баяр хүргэж, цэцгийн баглаа бэлэглэдэг байна.

ЛИТВА

Литва улсад эмэгтэйчүүдийн баярыг орон даяар тэмдэглэдэггүй. Зөвхөн орос хэлтэй иргэд амьдардаг мужууд л тэмдэглэдэг гэнэ. Иргэдийнх нь дунд ЗХУ-аас үлдсэн хуучин уламжлал гэж үзэх хэсэг байдаг бол зарим нь эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлдэг гол баяр хэмээн тэмдэглэх нь ч байдаг ажээ. Литвачууд эмэгтэйчүүдийг ганцхан өдөр баярлуулах биш өдөр бүр хайрлаж байх хэрэгтэй гэж үздэг.

ВЬЕТНАМ

Вьетнамчууд эмэгтэйчүүдийн өдрийг 200 жилийн турш тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэхүү өдрийг дээр үед "Чынг овогт эгч дүүсийг дурсах өдөр” хэмээн тэмдэглэдэг байв. Чынг овогт эгч дүүс нь дайны үеэр вьетнам үндэстний эрх чөлөөний төлөө тулалдсан эрэлхэг бүсгүйчүүд юм. Ялалтын өдрөөс хойш тэднийг дурсах өдөр Мартын 8-ны баяраар солигджээ. Энэ өдөр эрэгтэйчүүд эмэгтэйчүүддээ хамгийн гоё магтаалын үгсийг хайрлаж, хүндэтгэл үзүүлдэг байна. 

ФРАНЦ

Франц улсад эмэгтэйчүүдийн баярыг  мөн Литва улс шиг орон даяар өргөн тэмдэглэдэггүй. Тодруулбал, ихэвчлэн орос хэлтэй мужуудад болон коммунист үзэлтэй хүмүүс л  Мартын 8-ны баярыг тэмдэглэдэг  байна. Францчууд жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт "Эмээ нарын баяр”, харин тавдугаар сард "Ээжүүдийн баяр”-ыг  албан ёсоор тэмдэглэдэг ажээ.

ИТАЛИ

Итали улсад олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхийн хоёрдугаар дайны үеэс “la Festa della Donna” хэмээн нэрлэж, албан ёсны баяр нь биш ч охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд нь өргөн хүрээнд тэмдэглэж иржээ. Гэхдээ онцлог нь тэд энэ баяраа эрчүүдгүй тэмдэглэдэг байна. Эмэгтэйчүүд хотынхоо томоохон ресторануудад хүлээн авалт зохион байгуулж, хоорондоо бэлэг солилцдог уламжлалтай бөгөөд шөнийн цэнгээний газрууд энэ өдөр эмэгтэйчүүдээс тасалбар \такс\ авдаггүй байна. Мөн “мимоза” цэцэг Мартын 8-ны баярын гол бэлгэдэл болж, хүүхдүүд нь ээждээ, эр нөхөр нь хайрт ханьдаа, залуучууд найз бүсгүйдээ сэтгэлийн бэлэг болгон шар өнгийн мимоза бэлэглэдэг ажээ.

МОНГОЛ

Манай улсад эмэгтэйчүүдийн баярыг 1955 оны Ардын Их Хурал (АИХ)-ын тэргүүлэгчдийн 137 дугаар зарлигаар  анх  тэмдэглэж, энэ жил 66 дахь жилтэйгээ золгож байна. “Мартын-8” аар найз нөхөд, албан байгууллага, хамт олноороо эмэгтэйчүүдээ баярлуулж, бэлэг, цэцэг болон тэмдэглэсээр ирсэн. Харин сүүлийн жилүүдэд иргэдийн үзэл бодол өөрчлөгдөж, баяр гэхээс илүүтэй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмцэх нь ихэссэн.

Энэ жилийн хувьд Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “ХААЛГА” акцыг зохион байгуулж, нийгэмд далд хэлбэрээр оршин буй гэр бүлийн хүчирхийлэлд анхаарал хандуулахыг уриаллаа.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
245   0
НИЙТЭЛСЭН: О.Ундаръяа