Лхагва 2019-01-02 Дархан
FOCUS Cafe   2021-03-11

ДАРХАН “ХОТ” БОЛОХОД ОДОО ДАРААГИЙН ЧУХАЛ АЛХАМ ҮЛДСЭН

Монголын архитекторуудын эвлэлийн Дархан салбарын дарга, Монгол Улсын мэргэшсэн архитектор Д.ЭРДЭНЭБАЯР:

Нэг. ХОТ ГЭДЭГ НЭГЭН АМЬД ОРГАНИЗМ ЮМ

“ХОТ” ГЭЖ ЮУ ВЭ? ЯМАР НЭГЭН ОНОЛЫН ТОДОРХОЙЛОЛТ ХЭЛЭХ БУС ТА ҮҮНД ЯГ ӨӨРИЙНХӨӨРӨӨ ХАРИУЛААЧ?

- Хот гэдэг гудамж байшин барилгуудын бөөгнөрөл биш л дээ. Өнөөг хүртэл дэлхий даяар хотыг тодорхойлсон нэгдсэн ойлголт байхгүй байна. Харин манай Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд “15.000-аас дээш хүн амтай сууринг хот гэнэ” гэсэн байгаа. Тэгэхээр энэ хуулиар бол Дархан яахын аргагүй хот мөн. Намайг оюутан байхад багш маань “Хот бол амьд организм юм” гэж хэлдэг байсан. Би үүнтэй санал нэг байдаг. Өөрөөр хэлбэл хот бол өсч, хөгжиж бас өвдөж, эрүүлждэг амьд организм юм.

ТА ХҮН АМЬДРАХ ОРЧИН ГЭДЭГ УТГААР НЬ ХЭЛЭЭД БАЙХ ШИГ. ҮНЭНДЭЭ, ХЭРЭВ ОРШИН СУУГЧИД ҮГҮЙ БОЛ ХОТ ЕРДӨӨ Л ХЭДЭН ӨНДӨР БАЙШИН БОЛНО. ТЭГЭХЭЭР, ИРГЭНДЭЭ ХЭР ЭЭЛТЭЙ БАЙГААГААР НЬ ТА ХОТЫГ ХӨГЖИЖ БАЙГАА, МӨХӨЖ БАЙГАА, ЭСВЭЛ ЭМГЭГ ӨВЧЛӨЛТЭЙ ГЭЭД БАЙНА УУ?

- Чи зөв ойлгосон байна. Амьд организм эрүүл, аюулгүй байж л өсч, хөгждөг. Хогондоо дарагдсан, хөрс, агаар нь бохирдсон, ард иргэд нь түмэн стресстэй байдаг бол тэр хотыг “амьд” гэх хэцүү. Мөн хот гэдэг энэ агуулгад эрчим хүч, дулаан, цахилгаан, цэвэр бохироо зайлуулах систем, зам харилцаа гэх мэт зүйлс ч зайлшгүй багтана. Энэ бүхэн хотын судас, цусны эргэлт нь юм. Эдгээр нь зөв эргэлттэй, зүй зохистой, хүндээ ээлтэй байж л хот эрүүл, аюулгүй байна. Эрүүл хотод л хүмүүс аз жаргалтай амьдрана шүү дээ. Тиймээс ч хот байгуулагчид хотыг амьд организм гэдэг.

УЛААНБААТАР ХОТ “АЗ ЖАРГАЛТАЙ ХОТ” БОЛНО ГЭХ ЗОРИЛГО ТАВИАД, ДАРГА НАР НЬ ТҮҮНИЙГЭЭ 90 ГАРУЙ ХУВЬТАЙ БИЕЛСЭН ГЭХЭД, ИРГЭД НЬ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БУС БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЖ “АЗ ЖАРГАЛГҮЙ ХОТЫН, АЗ ЖАРГАЛТАЙ ДАРГА НАР” ГЭЖ ЯРЬЖ, БИЧИЖ, ШҮҮМЖИЛЖ БАЙСАН. ТЭГВЭЛ ТАНЫХААР ДАРХАН ХЭР ЗЭРЭГ АЗ ЖАРГАЛТАЙ ХОТ ВЭ? 

- Улаанбаатар хотын даац, багтаамж хэтэрч, хот төлөвлөлт, газар зохион байгуулалт нь замбараагүй болсон л доо. Хөрс, агаарын бохирдол нь дээд зэрэгтээ хүрч, бас усны нөөцгүй болж байгаа. Энэ алдааг бид давтаж болохгүй. Дархан хот эрүүлээр хөгжих ёстой. Сүүлийн жилүүдэд Дарханд агаарын бохирдол нэмэгдэж, бас одоо ч хогны асуудлаа шийдэж чадаагүй байнаа. Энэ санаа зовоосон асуудал. Уг нь олон улсын стандартаар 30 мянган хүн ам тутамд нэг хог боловсруулах үйлдвэр байх ёстой. Гэтэл бид 100 мянгуулаа атлаа одоогоор нэг ч хог боловсруулах үйлдвэргүй л байна. Хотын удирдлагууд дорвитой арга хэмжээ авахгүй бол оройтох вий. “Аз жаргалтай” эсэх асуудлын тухайд бол дэлхий даяар хотын хөгжлийг “Иргэд нь хэр зэрэг аз жаргалтай байна?” гэдэг ганцхан хэмжүүрээр л хэмждэг.

Тэр хотод олон өндөр барилга байна уу, үгүй юу гэдэг нэг их чухал биш. Харин иргэд нь цалин, орлоготой байна уу, амьдарч буй орчин нөхцөл нь таатай, тухтай байна уу, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэнтэй байна уу, нийтээрээ амарч цэнгэх, спортоор хичээллэх нөхцөл бүрдэж үү, тэгээд энэ бүхэндээ орлогоосоо хангалттай зарцуулж чадаж байна уу гэдгээр нь л тухайн хотын аз жаргалыг хэмждэг. Тиймээс, би биш манай дарханчууд өөрсдөө энэ бүх үзүүлэлтээр хотынхоо аз жаргалыг хэмжээд үзэх нь зөв биз ээ.

Минийхээр бол Дархан хүмүүсийн ирж, очихыг хүсдэг, тийм л тааламжит нөхцөлтэй хот. Ер нь нэлээн тогтвортой хөгжсөн гэж боддог шүү.

Хоёр. ДАРХАН - ХАМГИЙН САЙХАН ХОТ

ДАРХАН ХОТЫН, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТҮҮХ ИХ ОНЦГОЙ. ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ НЬ ТООЦОЖ, ЦААСАН ДЭЭР ЗУРЖ БАЙГУУЛСАН ХОТ ДЭЛХИЙД МАШ ЦӨӨХӨН, ГАРЫН ТАВАН ХУРУУНД БАГТАХААР БАЙДАГ ГЭДЭГ ЮМ БИЛЭЭ. ТА ДАРХАН ХОТЫН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРООР БАГАГҮЙ ХУГАЦААНД АЖИЛЛАСАН ХҮНИЙ ХУВЬД ЭНЭ ОНЦЛОГ БАЙДЛЫН ТАЛААР ТОДРУУЛЖ ЯРЬЖ ӨГӨХГҮЙ ЮУ?

- Дархан хот үнэхээрийн гайхалтай, сайхан хот. Үүнд хэд хэдэн онцлогийг дурьдаж болох юм. Тухайлбал, сая чиний дурьдсан техник эдийн засгийн үндэслэлийг шинжлэх ухааны судалгаанд суурилж хийсэн дэлхийн цөөхөн хотын нэг гэдгээс гадна байршлийн хувьд их онцгой. Ер нь ямар ч эдийн засагт байршил маш чухал байдаг шүү дээ. Бүр “зах зээл гэдэг бол байршил” ч гэж тодорхойлсон нь бий. Тэгвэл Дархан хот газар зүй, цаг уурын нөхцлийн хувьд төдийгүй эдийн засгийн үр өгөөжийн хувьд ч маш онцгой, таатай байршилд оршдог. Мөн олон зуун жилийн өмнөөс дэлхийн худалдаачдын бий болгосон алдарт “Цайны зам”, “Торгоны зам” дагуу байдаг бөгөөд одоо яригдаж байгаа томоохон төслүүд болох “Нэг зам нэг бүс”, “Эдийн засгийн коридор” гэх зэрэгт ч багтаж байна. Энэ бүх мега төслүүд бүгд Дархан хотын хөгжил, эдийн засагт маш чухал нөлөөтэй. Мөн цэвэр усны нөөц, хөрс, цаг уурын хувьд ярих юм байхгүй. Монголдоо төдийгүй дэлхийд хамгийн таатайд тооцогддог. Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ мөрний сав газарт оршдог. Ямар ч ургамал төвөггүй ургана. Дээр нь байгалийн маш их нөөц баялагтай. Бас барилгын материалын бүх түүхий эд хамгийн сайн үзүүлэлттэйгээр манайд бий. Ийм онцгой, хөгжих бүх боломж бүрдсэн сайхан хот дэлхийд ховор шүү. Тэгэхээр Монгол улсыг хөгжүүлье гэвэл Дархан хотоос л эхлэх хэрэгтэй. Өөр гарц байхгүй.

Гурав. УЛСЫН ЧАНАРТАЙ ХОТ СТАТУСАА ЗААВАЛ ЭРГҮҮЛЭН АВАХ УЧИРТАЙ

ДАРХАНЧУУД, ДАРХАН-УУЛ АЙМАГ ГЭХЭЭСЭЭ ДАРХАН ХОТ, ДАРХАН ХОТЫН ИРГЭД ГЭЖ ХЭЛЭХ ДУРТАЙ. ТИЙМЭЭС Ч УДАА ДАРАА УЛСЫН ЧАНАРТАЙ ХОТ БОЛОХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЖ, МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРСНООР ЭНЭ НЬ БИЕЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛСОН. ГЭХДЭЭ НЭРШИЛ ӨӨРЧЛӨГДСӨНӨӨР НЭГ ИХ ЯЛГАА ГАРАХГҮЙ ГЭХ ҮЗЭЛ ХАНДЛАГА Ч БАЙХ ЮМ. ТА ҮҮНД ЯМАР БОДОЛТОЙ БАЙДАГ ВЭ? ЕР НЬ “ХОТ” СТАТУСТАЙ БОЛСНООР МАНАЙД ЮУ ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ?

- Аливаа улс орон, улс төрийн төв болох нийслэлээсээ гадна том хотуудыг хөгжүүлдэг. Энэ нь “Бүх өндгөө нэг сагсанд хийхгүй” гэх аюулгүй байдлын бодлоготой холбоотой. Нөгөө талаар улсын чанартай хот болсноор Дарханд засаг захиргааны болоод хөгжлийн маш том өөрчлөлтүүд бий болно. Тухайлбал, нэгдүгээрт өнөөдөр манайх Дархан-Уул аймгийн ЗДТГ гэх нүсэр том албатайн зэрэгцээ Дархан сумын ЗДТГ гэж бий. Өмнө нь Дархан хот байхад ийм том хоёр төрийн захиргааны байгууллага байгаагүй. Ганцхан хотын захиргаатай, болоод л байсан. Гэтэл өнөөдөр засаг захиргаа нь хоёр хуваагдчихсан байгаа. Тэгээд эрх мэдлээ булаацалддаг. Хоёр толгойтой бол нэг зүгт явж чадах уу?? Хоёрдугаарт, аймаг, сум, баг гэх засаг захиргааны хуваарилалт нь зөвхөн сонгуульд зориулагдсан бүтэц схем юмаа. Сонгуулийн нэг тойрог буюу нэг баг 3000 хүнтэй. Үүгээр Дархан хотын нутаг дэвсгэрийг хуваачихсан. Уг нь хот бол хорооллуудад хуваагддаг. Тэгтэл өнөөдөр “...-р хороолол” гэхийн зэрэгцээ “..-р багийн тэдийн тэд” гэдэг давхар хаягжилттай болчихсон. Ийм хаягжилтыг гаднаас ирсэн ямар ч хүн ойлгохгүй. Хот болчихвол энэ байдал засагдаад, засаг захиргааны бүтэц нь ч жигдрээд ирнэ. Бас хотын даргатай болчихвол тэр нь хотоо хөгжүүлэхэд л илүү анхаарна биз дээ...

ХОТОО ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН АЖИЛ УРУУГАА ОРОХГҮЙ, ОЛОН ТАЛД “ҮСЧЭЭД” БАЙНА ГЭЖ ҮҮ?

- Тийм. Хэрэв хот болчихвол, иргэдийн хурлын төлөөлөгч нар нь ч төлөвлөж байгаа хөрөнгө мөнгөө хотоо хөгжүүлэхэд голлон зарцуулж, гадаад, дотоод харилцаа, иргэдийн хандлагад ч өөрчлөлт орж “Би хотын иргэн” гэх ухамсар, соёл ямар байх ёстой тийм болж өөрчлөгдөнө. Тиймээс ялгаа гарахгүй гэдэг бол буруу.

ТЭГВЭЛ “ХОТ БОЛОХ ШААРДЛАГАГҮЙ. ЯМАР Ч ЯЛГАА ГАРАХГҮЙ. ЭНЭ ХЭВЭЭР БАЙХ НЬ ЗӨВ” ГЭДЭГ ХҮМҮҮСТ ХАНДАЖ ТА ЮУ ХЭЛЭХ ВЭ? 

- Энэ хэвээрээ байгаад Дархан сумыг хот гээд нэрэлчихье гэдэг. Энэ шиг дампуу юм байж ёстой болохгүй. Ингэх юм бол ерөөсөө еэвэнгийн нэг тал нь энэ, нөгөө тал нь энэ гэдэг шиг ямар ч өөрчлөлт ирэхгүй. Дархан-Уул аймгийг яг хуучнаар нь Дархан хот л болгох хэрэгтэй. Үнэндээ, өнөөдөр байгаа Дархан хотын 10.000 га газар ч үндсэндээ багадчихаад байна. Тийм ч учраас өнгөрсөн намар батлагдсан Дархан хотыг 2035 он хүртэл хөгжүүлэх, хөгжлийн шинэ Ерөнхий төлөвлөгөөнд Дархан хотыг цаашид дөрөв дахин тэлэх санал орсон. Ингэхдээ Хонгор, Орхон сум, Ширээ нуруу зүгт тэлж хөгжихөөр туссан. Тиймээс засаг захиргааны хуваарилалт, хил хязгаар нь хуучнаараа байгаад байвал зөрчилдөнө. Цаашдаа хотынхоо хил хязгаарыг тэлэхгүй л бол болохгүй нь. Ганцхан жишээ хэлэхэд, одоо манай Зулзагын аялал амралтын бүсэд төлөвлөлтгүйгээр газар олгосны улмаас замбараагүй байдал үүсч, бараг гэр хороолол шиг болчихоод байна. Энэ бол тэлэлт буруу явагдсаных.

ТЭГЭХДЭЭ ДАРХАН ОДООГООР УЛСЫН ЧАНАРТАЙ ХОТ СТАТУСАА ХАРААХАН АВААГҮЙ БАЙНА?

- Тиймээс, одоо Иргэдийн төлөөлөгчдийн хурал яаралтай хот болох асуудлыг хэлэлцэж, энэ тухай хүсэлтээ Монгол Улсын Засгийн Газарт өргөн барих ёстой юм. Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтөд “Дархан–Уул аймгийг Дархан, Орхон аймгийг Эрдэнэт хот болгоно гэж огт заагаагүй. Харин улсын чанартай хотуудыг тухайн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг үндэслэн Засгийн Газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ гэж л бий. Ийм л өгүүлбэр, хуулийн заалт бидэнд “улсын чанартай хот” статустай болох боломжийг олгож байгаа. Ердөө л энэ. Тиймээс, одоо дарханчууд бид дараагийн том алхмаа хийх үлдсэн. Цаашдаа, Дарханыг Монголын эдийн засгийн хоёр дахь том төв болгон хөгжүүлээсэй гэж би хувьдаа боддог. Ер нь яагаад Монголын Хөрөнгийн Бирж, Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Дарханд байж болохгүй гэж?? Яагаад заавал Улаанбаатарт байх ёстой юм??

Дөрөв. ХОТ БАЙГУУЛАЛТЫН ҮНДСЭН ХУУЛЬ буюу ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТУХАЙ

НЭГЭНТ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААРХ ЯРИА ЭХЭЛСНИЙХ ӨНГӨРӨГЧ ЕСДҮГЭЭР САРД ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР БАТЛАГДСАН ДАРХАН ХОТЫГ 2035 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР ТАНААС ТОДРУУЛМААР БАЙНА. ТУС БАРИМТ БИЧГИЙН ТАЛААР ЯРЬЖ ӨГӨӨЧ?

- Дархан хотыг хөгжүүлэх дөрөв дэх Ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн Газар 2020 оны есдүгээр сарын 09-ны өдрийн хуралдаанаараа баталсан. Энэ ажлыг 2012 оноос хойш найман жилийн хугацаанд “Арт Констракшин” компани, Монгол Улсын Гавъяат архитектор Я.Шархүүгийн удирдлага дор хийж дуусгасан. Дархан хотын түүхэнд тус хотыг хөгжүүлэх нийт дөрвөн Ерөнхий төлөвлөгөө хийгдэж, батлагдсанаас хоёрыг нь оросууд, хоёрыг нь монголчууд өөрсдөө хийсэн байдаг. Сүүлийнх буюу дөрөв дэх Ерөнхий төлөвлөгөөний хувьд монгол хүмүүс, монгол архитекторууд, монгол инженерүүд газар дээрх судалгаануудыг маш нарийвчлалтай хийснээрээ онцлогтой. Үүнд миний бие оролцож ажилласандаа бахархалтай байгаа. Энэ бол их олон жил зарцуулж хийсэн нүсэр бүтээл юм. Мөн тус Ерөнхий төлөвлөгөөнд Дархан-Уул аймгийг Дархан хот болгохоор тусгаж, засаг захиргааны нэгжүүдийг нь нарийвчлан судалж нэг бүтэн бүлэг болгон оруулсан. Ингэхдээ Дархан хотын хүн амыг 2035 он хүртэл 150.000 болно хэмээн тооцсон байгаа. Ер нь аливаа хотыг төлөвлөх гол үндсэн нөхцөл нь хүн ам байдаг. Үүний дараа л хилийн цэс, хорооллууд, үйлдвэр, зам, дэд бүтэц зэргийг зурдаг. 

ЕРӨНХИЙ САЙД АСАН У.ХҮРЭЛСҮХ ТЭР ӨДРИЙН ХУРАЛДААН ДЭЭР “ЦААСАН ДЭЭР ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ ЗУРАХ НЭГ ХЭРЭГ. ХАРИН ИНГЭЖ ХИЙСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГЖИХЭД Л АСУУДАЛ БИТГИЙ ГАРААСАЙ” ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН ГЭСЭН. ХОТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БУЮУ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ҮНДСЭН ХУУЛЬ Ч ГЭЖ НЭРЛЭГДДЭГ ЭНЭХҮҮ БАРИМТ БИЧИГ ХЭРЭГЖИХЭД ЮУ ХАМГИЙН ЧУХАЛ ВЭ?

- Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн хэлсэн тэр үг бол амьдрал мэддэг хүний үг л дээ. Одоогоор манайд хот төлөвлөлтийн бичиг баримтыг 15 жилээр төлөвлөж байна. Гэхдээ энэ бол хотын хувьд хүний амьдралын 15 хоногтой л дүйцэх маш богинохон хугацаа юм.

Өнөөдөр газрыг буруу олгоод, орон сууц байх газарт үйлдвэр бариад, хотын гол амин судас явах шугам сүлжээн дээр газар олгож, орон сууцны хороолол байх газрыг гэр хороолол болгоод, нөгөө зурсан Ерөнхий төлөвлөгөөгөө зөрчөөд байх юм бол хотын хөгжил удааширна. Нэгэнт хүний өмч болчихсон газрыг буцааж авах, эсвэл анх зурснаа дахин өөрчилнө гэдэг хэцүү. Маш төвөгтэй, олон жил шаардана. Тэр хэрээр хөрөнгө оруулалт саатаж, олон мянган хүний эрх ашиг хохирох болно.

Тиймээс, хэрэв Ерөнхий төлөвлөгөө нэгэнт зурагдаж, батлагдсан л бол заавал хэрэгжүүлэх ёстой. Үүнд иргэдийн хяналт, оролцоо маш чухал юм. Дархан хотын иргэд хотоо хэрхэн хөгжих, хаашаа тэлэх, төлөвлөгөө зөв явж байна уу, буруу явж байна уу гэдгийг мэддэг, хардаг, хянадаг, хэлдэг байх хэрэгтэй.

ИНГЭХИЙН ТУЛД ЭДГЭЭР БҮХ БИЧИГ БАРИМТУУД НЭЭЛТТЭЙ “ШИЛЭН”, ХЭН Ч, ХААНААС Ч ОЛООД МЭДЧИХЭЖ БОЛОХООР БАЙХ ЁСТОЙ БОЛОВ УУ. МАНАЙ ХОТ ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨӨС “УХААЛАГ ХОТ” ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ЯРЬЖ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ ГЭЖ БАЙСАН. ГЭВЧ ОДООГООР ДОРВИТОЙ ШИЙДЭГДСЭН БАЙДАЛ ТӨДИЙЛӨН ХАРАГДАХГҮЙ Л БАЙХ ЮМ?

- Шахаж, шаардах ёстой. Төсөв барьж, захиран зарцуулж буй албан тушаалтнуудаас иргэд нь нэхэж, ажлаа хийхийг шаарддаг байх ёстой юм. Дархан хотын иргэд гэрээсээ гарлаа, ажлаа хийлээ, хүүхдээ цэцэрлэгт өглөө, тэгээд л болдог ийм хязгаарлагдмал байдлаар амьдарч болохгүй ээ. Бид бүхэл бүтэн хот хэмээх амьд организмыг бүрдүүлэгчид, нэг хотынхон шүү дээ. Хамтдаа нэг хонхорт амьдарч, нэгэн зүгт явж байгаа хүмүүс. Тиймээс идэвхитэй, оролцоотой, хяналттай амьдрах учиртай. Жишээ нь, өрх бүр сард хэдэн төгрөгний тог цахилгаан хэрэглэдгээ барагцаагаар мэддэгтэйгээ адил хотынхоо хэрэглээг ч мэддэг байвал сайн. Бид нийт хичнээн төгрөгний цахилгаан үйлдвэрлэж, тэрнийхээ хэдийг нь айл өрх, хэдийг нь аж ахуйн нэгж байгууллагууд нь ашиглаж, хэд нь ашиглалтгүй үлддэгийг мэддэг, хотынхоо төсөв санхүү, зам харилцаа, инженерийн байгууламж, түүнд хийгдэж байгаа өргөтгөл, шинэчлэлт, хүчин чадал зэргийг нэг аппликейшн хараад л мэдчихдэг, үнэлэлт дүгнэлт өгч, ажил амьдралдаа ашигладаг баймаар байна. Ийм боломж, нөхцөл бүрдсэн байвал өрх бүл, аж ахуйн нэгжүүд ажлаа төлөвлөх, шийдвэр гаргахад нь амар хялбар, хүндрэлгүй болно. Уг нь үүнийг л дэлхий нийтээр “Ухаалаг хот” гээд байгаа юм. Манайх ч ийм болно гэж яриад хэдэн жилийг үдлээ. Одоогоор дорвитой болсон юм алга. Хүмүүс нь сайн сайхан амьдрах бүхий л бололцоо нөхцлөөр хангагдсан хотыг бий болгоход иргэдийнхээ саналыг сонсдог, хамтын шийдвэр гаргадаг байх нь маш чухал.  

ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ ГЭСНЭЭС, ТАНААС АСУУХГҮЙ ӨНГӨРЧИХӨЖ БОЛОХГҮЙ НЭГ ЗҮЙЛ БАЙНА. ЭНЭ МАНАЙ УРД ҮЙЛДВЭРИЙН ДҮҮРЭГ БАРАГ АШИГЛАЛТГҮЙ МАШ ОЛОН ЖИЛИЙГ ҮДЛЭЭ. ЦАГТАА АЖИЛ БУЦАЛЖ БАЙСАН ЭНЭ ХӨНДИЙД ОДОО МАШ ЦӨӨХӨН ҮЙЛДВЭР АЖИЛЛАЖ БАЙНА. ТА АРХИТЕКТОР ХҮНИЙ ХУВЬД ЭНЭ ТАЛААР ЮУ БОДДОГ ВЭ? ЭНЭ ОЛОН “ҮХМЭЛ” ХӨРӨНГИЙГ БИД ЕР НЬ ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ? УГ НЬ ДАРХАНЧУУДЫН ХУВЬД АЖЛЫН БАЙР Л ХАМГИЙН ЧУХАЛ БАЙГААД БАЙХ ЮМ?

- Энэ бол ганц миний ч биш бүх дарханчуудын сэтгэлийг эмзэглүүлдэг асуудал л даа. Эдгээр үйлдвэрүүд нь социализмийн үед баригдаж, маш эрчтэй ажиллаж байсан ч зах зээлд шилжсэнээр хувьд очсон. Одоо бүгд тус бүрдээ эзэнтэй. Гэхдээ шинэчлэл хийгдээгүй удсанаас техник, технологиуд нь хоцрогдчихлоо. Ажиллах боломжгүй болсон нь ойлгомжтой. Магадгүй та тэр утгаар нь “үхмэл” гэж хэлсэн болов уу. Гэхдээ зам талбай, байршил, дэд бүтэц нь алт шиг үнэтэй хэвээрээ байна. Нэг том үйлдвэрийн талбайд, өнөөдөр орчин үеийн 80 жижиг үйлдвэр ажиллах нөөц бололцоо бий.

Дэд бүтэцтэй, төмөр замтай, сайн байршилтай эдгээр үйлдвэрүүдийн байгууламжууд бол “үхмэл” хөрөг биш юмаа. Асуудлыг шийдэж, гуч гаран жил хаалгаа түгжсэн эдгээр үйлдвэрүүдийг нээхэд одоо яалт ч үгүй төрийн зохицуулалт хэрэгтэй байна.

Тэгэхдээ, хууль нь хууль шиг, төр нь төр шиг тогтвортой байж л ажил хэрэг болно. Төр, хувьчилж авсан тэдгээр нөхдүүдтэй уулзаж ярилцах, тохиролцоонд хүрэх цаг болсон. Яагаад ажиллуулахгүй байгаа юм, цаашид яах бодолтой байгаа юм, ямар боломж байгаа юм гэдгийг хамтдаа сууж ярилцах хэрэгтэй. Дахиад ингэж 30 жил явж яав ч болохгүй. Үйлдвэр бүрийг төсөл болгох хэрэгтэй.

ДӨРӨВ ДЭХ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНД ДАРХАН ХОТЫН ХҮН АМ 2035 ОН ХҮРТЭЛ 150 МЯНГА БОЛОХООР ТУССАН ГЭЛЭЭ. ЭНЭ ХЭР БОДИТОЙ ТОО ВЭ? АРАЙ ИХ БОЛГОХООР ЯРИГДАЖ БАЙСАН САНАГДАХ ЮМ?

- Тэгэхээр ийм. Хотын хүн ам 20 жилд хоёр дахин өсдөг гэх бичигдээгүй хууль байдаг. Мөн хүн амын өсөлтийг нарийвчлан тооцдог тусгай аргачлал ч бий. Энэ аргачлалаар өнөөдрийн Дарханы хүн ам 15 жилийн дараа 150 мянга л болно. Зүгээр дураараар, санаагаараа тавьчихдаг тоо биш л дээ энэ. Шинжлэх ухааны үндэслэлтэй, нарийвчилсан судалгаан дээр үндэслэж гаргадаг юм. Ингэхдээ шилжилт хөдөлгөөн, ажлын байр, амьдрах газар, орон сууц, инженерийн байгууламж гээд бүгдийг хамтад нь нарийвчлан авч үздэг. Өөрөөр хэлбэл, хүчээр их болгох эсвэл багаар тооцох боломж огт байхгүй. Дөчин литрийн бетонд 100 литрийн усыг яагаад ч багтааж болохгүйтэй л адил юм. 

ҮҮНИЙГ АСУУДГИЙН УЧИР НЬ ДАРХАН-УУЛ АЙМАГ ХҮН АМАА НЭМЭГДҮҮЛЭХ БОДЛОГО БАРЬЖ БАЙНА. ГЭТЭЛ БИД АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИНГӨӨРӨӨ УЛСДАА ДЭЭГҮҮРТ ТООЦОГДОЖ, 19-28 НАСНЫ ЗАЛУУЧУУДЫН ДУНДАХ АЖИЛГҮЙДЭЛ 45%-ТАЙ БАЙГАА. ХЭНЭЭС Ч “ДАРХАНД АМЬДРАХ ЯМАР ВЭ?” ГЭЖ АСУУХАД “АЖИЛТАЙ Л БОЛ САЙХАН НУТАГ” ГЭДЭГ. ДЭД БҮТЭЦ ХӨГЖСӨН, АВТО ЗАМ, ТӨМӨР ЗАМААР ХОЛБОГДСОН, БҮРЭН ТОГ ЦАХИЛГААНТАЙ ГАЗАРТ АЖИЛГҮЙДЭЛ ИЙМ ТҮВШИНД ХҮРСЭН НЬ ЭНЭ ЮУТАЙ ХОЛБООТОЙ ВЭ?

- Үүнийг би ерөөсөө хувийн хэвшилдээ боломж олгоогүй, дэмжээгүйнх гэж боддог. Дархан-Уул аймагт хувийн хэвшил хөгжих боломж бололцоо хаагдмал, боогдмол шинжтэй байна. Тиймээс ч ажилгүйдэл, ядуурал ихэссэн байх. Жишээ хэлье, Дархан-Уул аймаг Хүний хөгжлийн индексээрээ 21 аймаг дундаа хамгийн сүүл мушгидаг таван аймагт орсон байна билээ. Ядуурлын түвшин нь улсын дунджаас дөрвөн пойнтоор илүү буюу 32.6%-тай \Монгол улсын ядуурлын түвшин 28.4%\ байна. Энэ юуг хэлээд байна гэхээр Дархан-Уул аймгийн иргэд ажилгүй, орлогогүй, ядуу байгааг харуулж байна. Уг нь Дархан зөв менежмент, зөв засаглалтай бол \аль нам байх нь хамаагүй ээ\ хамгийн хурдан хөгжих бүх боломж бүрдсэн сайхан газар.

Монгол хүн, тэр дундаа дарханчууд оюуны чадавхиараа хэнээс ч дутахгүй. Монголын жижигхэн хотод амьдраад улс орондоо төдийгүй дэлхийд үнэлэгдэх нээлт хийх оюуны чадавхи манай залуучуудад бий. Гагцхүү тийм нөхцлийг л бүрдүүлэхгүй байна.

Бид байгалийн баялгаа зарж, өр тавьж, салхинд хийсгэн цацах биш, харин баялгаа зарж олсон мөнгөөрөө хүн нь амьдарч, хөгжиж, хийж бүтээж болдог тийм жинхэнэ “амьд” хотыг байгуулахад анхаарах, санаа тавих цаг болсон.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1055   0
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг