Лхагва 2019-01-02 Дархан
FOCUS Cafe   2021-03-22

НЭГЭН ХАЛУУН АМ БҮЛИЙГ ОРОН ГЭРТЭЙ БОЛГОНО ГЭДЭГ САЙХАН БИЗ ДЭЭ...

Нийгэмдээ нэг ч болов гэрэл асаахаар зүтгэж яваа уран бүтээлч, төмөр замчин Б.Ууганбаярыг "Фокус Кафе"-д урьж ярилцлаа.

Өөрийг чинь дарханыхан ихэнх нь дуучин, урлагийн хүн гэж боддог. Гэтэл та галт тэрэгний машинист. Огт ондоо мэргэжилтэй. Бас сайн үйлсийн ажлууд хийдэг. Бусдад буян болдог эдгээр ажлууддаа өөрийн давуу талаа зориулдаг нь ажиглагддаг. Тиймээс энэ талаар, яагаад сайн үйлсийн ажил хийдэг болсон тухайд нь ярилцах гэсэн юм?

- Манай галт тэрэгний зүтгүүрийн бригад 20-н машинист 20-н туслахтай, нийлээд 40 залуу байдаг юм. Зааварлагч н.Батнасан маань биднийг маш сайхан зангидаж ажилладаг байлаа. Одоо өөр ажилд оччихсон л доо. Биднийг 13-н жил удирдаж, манлайлж явсан залуу бий. Санаачилсан ажил бүрийг маань дэмжиж, нэгтгэж, зохион байгуулдаг мундаг удирдагч. Хэдэн жилийн өмнө би “Бригадаараа хүнд нөхцөлд байгаа өрх, олон хүүхэдтэй айлуудад тусалж, бага ч гэсэн дэм болъё” гэх санаачлагыг гаргасан юм. Бид чинь залуу хүмүүс. Нийгэмдээ оролцоотой байж, бусдыгаа уриалан, олуулаа нийлж гарц, гаргалгааг эрж хайх нь зөв гэж бодсон. Тэгээд зааварлагчдаа хэлэхэд маш сайхан хүлээн авч энэ ажлын эхлэл тавигдаж байлаа. Эхэндээ Шинэ жил, Хүүхдийн баяраар хүүхдүүдэд бэлэг өгөх зэрэг ажлуудаар эхэлж, сүүлдээ орон гэргүй өрхөд тусалдаг болсон.

Анх яг хэдэн оноос эхэлсэн юм бэ?

- 2013 оноос

Бараг найман жил болж байгаа байх нь?

- Тийм ээ. Гэхдээ гэр өгдөг болоод таван жил л болж байна. Манай цувааныхан эхэндээ хүйтний улиралд “Нүүрсний аян” өрнүүлж, цалин дээрээсээ хэд гурван төгрөг нийлүүлээд харж хандах хүнгүй хөгшчүүлд түлшийг нь бэлдэж өгдөг байв. Бас Цагаан сараар тавгийн идээ бэлэглэдэг. Одоо ч энэ ажлаа хийдэг л дээ. Маш хүнд нөхцөлтэй, хэвтрийн, үр хүүхдүүд нь тоохоо больчихсон, баг, засаг захиргаа нь дэмжээд, халамжлаад байгаа ч үнэндээ хэцүү амьдралтай хөгшчүүл их бий. Ингэж бригад хамт олноороо хандивын, сайн үйлсийн ажлууд хийж байгаад хожим фэйсбүүк найзуудаа уриалдаг болсон юм.

Тусламж дэмжлэг хэрэгтэй хүмүүсээ хэрхэн олж, сонгодог вэ?

- Бид багийн нийгмийн ажилтнуудтай нилээн ойрхон байдаг. Бараг ихэнхийг нь танина. Заримдаа тэд санал болгож, заримдаа өөрсдөө олоод тэднээс асууж судалдаг юм. Бас сошиалаар хүмүүсээс мэдээлэл ирдэг. Хийх гэж байгаа ажил, тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийн тухай бичээд уриалахад тав нь тавдахгүй, арав нь аравдахгүй хандив ирнэ. Заримдаа ахиу мөнгө ч ирэх нь ч бий. Хүмүүсийн чин сэтгэлийн хандивийг яг л тэр дэмжлэг хэрэгтэй хүмүүст, чухал хэрэгцээт зүйлд нь зарцуулах, зохион байгуулах ажлыг л би хийдэг. Мэдээж, бусдыгаа уриалж байгаа болохоор өөрөө хамгийн эхлээд хандивладаг. Энэ ажил маань ингэж явсаар сүүлийн жилүүдэд орон гэргүй айлуудыг орох оронтой болгодог болсон юм.

Хоёр сая төгрөг цуглахад таван ам бүлтэй айл гэр оронтой болчихно шүү дээ. Зарим нэг хувь хүн, байгууллагууд тавилга хэрэгсэл ч бэлэглэдэг. Энэ ажлаа бид таслахгүй гэж бодож байгаа. Бүх л бүтэн нэгэн халуун ам бүлийг орон гэртэй болгоно гэдэг сайхан биз дээ...

Хамгийн эхний гэр авсан айлуудын амьдрал ахуй одоо ямар байгаа бол? Эргэж уулзсан уу?

- Очсоон. Харамсалтай нь туршлагагүйтэж, эхний айлдаа хүнээ олоогүй өгчихсөн байна билээ. Нэлээн хүйтэн болсон аравдугаар сарын сүүлээр гэр өгөөд, хоёр сарын дараа буюу 12 дугаар сард шуудай гурил, будаа жаал жуул юм аваад очиход байхгүй, аль эрт нүүгээд явчихсан байсан. Эргэн тойрных нь хүмүүсээс асуухад “Өө, наад айл чинь удаагүй. Гэр барьсны дараа арав гаруй хоноод л зараад явчихсан” гэж байсан. Хожим орцны жижүүр хийгээд гэр бүлээрээ амьдарч байгааг нь олж мэдсэн. Бид хүнээ буруу сонгосон байв. Үүнээс хойш маш их судалж, уулзаж ярилцаж байж айлаа сонгодог болсон л доо.

Харамсалтай юм. Тэр айлын газар өөрийнх нь биш байсан юм байх даа?  

- Тухайн үед багийн засаг дарга нь ирээд, удахгүй энэ айлын газрыг шийднэ гэж байсан. Юу болсныг бид яаж мэдэхэв. Ямартай ч түүнээс хойш том сургамж авсан. Хүнээ зөв сонгохгүй бол олон хүний сэтгэлийн хандив үр дүнгүй болдог юм билээ. Дараа дараагийн гэрүүд бол яг л хэрэгтэй хүмүүстээ очсон байна билээ.

Нууц биш бол сүүлийнх нь ямар айл байв?

- Дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон залуухан ээж байсан. Өмнөх жилийнх нь мөн л өрх толгойлсон ээж. Орох оронгүй болохоор хүүхдүүдээ өөр дээрээ байлгаж чадахгүй, хүүхдүүд нь хамаатнуудынхаар нь байдаг гэр бүл байсан. Бид гэртэй болгож өгөхөд, ажилладаг байгууллага нь бас оролцъёо гээд гэрийн доторх эд зүйлсийг нь өгч, хамжиж дэмжиж байгаад тэр айлыг хөөрхөөн болгоод авсан. 

Ингээд харахаар хэн нэгний санаачлага бидэнд хэрэгтэй байдаг юм байна.  Магадгүй, та нар санаачлаагүй бол тэр компани ажилтныхаа нөхцөл байдлыг мэдэхгүй л байх байж. Тэр тусмаа ээжүүд, эмэгтэйчүүд гэдэг барагтаа бол “би хэцүү байна, туслаачээ” гэх нь ховор. Аль болох л өөрсдөө болгочих гэдэг хүмүүс. Тэгэхээр, санаачлага их чухал юм байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

- Өрх толгойсон ээжүүд бол ер нь их дайчин юм билээ. Хэдий айлын гэр түрээслээд, хэцүүхэн нөхцөлтэй амьдарч байгаа ч, амьдралын төлөө гэр орноо цэмцийтэл авч явна. Хүүхдүүддээ санаа тавиад, хичээж байгаа нь гэрт нь ороход л харагддаг. Хүний навсархай юмыг ч өөд нь татаад, цэвэр цэмцгэр сайхан байгаа хүнийг харахаар тусалъя гэх сэтгэл эрхгүй төрдөг. Тэгэхэд, ороход л хүүхдүүд нь хөл нүцгэн гүйчихсэн, өөрсдөө архи уугаад сууж байвал хэцүү. Тийм хүмүүст олон хүний итгэл сэтгэлийг зориулна гэдэг харамсалтай. Гэрэл гэгээтэй амьдрах гээд зүтгэж байгаа хүмүүсийг дэмжих хэрэгтэй. Тийм хүмүүс мэдрэгддэг. Бид аль болох тийм л айлуудыг олж туслахыг хичээдэг дээ. Жилийн дараа ч юм уу, хоёр жилийн дараа очиход нөгөө айл маань улам сайхан болчихсон, хашаа барьчихсан, хэдий эмэгтэй хүн ганцаараа ч хүүхдүүдээ хөөрхөөн болгочихсон байгааг нь хараад маш их урам ордог. Тийм л тус бидэнд ч бас эргээд сэтгэлийн таашаал болдог.  

Халамж хавтгайрлаа гэх шүүмж их байна. Нэг аймаг бараг тэр чигээрээ халамжаар амьдарч байгаа ч асуудал гарлаа. Та бүхэн төрийн ачаанаас тодорхой хэмжээнд хөнгөлж, тусламж дэмжлэг хэрэгтэй хүмүүст хүрч ажиллаж байна. Халамжийн талаар юу гэж боддог вэ? Байх ёстой юу?

- Хүрэх ёстой хүмүүстээ хүрч байвал хэрэгтэй. Үнэндээ очих ёстой хүмүүстээ хүрэхгүй байна уу гэж бодогдох юм. Хүнсний талон авдаг мөртөө үнэтэй машин унадаг айл ч байх юм. Тэгэхэд олон хүүхэдтэй өлмөн зэлмүүн амьдардаг атлаа огт хүнсний талоны талаар сонсоогүй, авч үзээгүй хүмүүс ч байна. Тэгэхээр, ингэж халамж эзэндээ очихгүй байгаа нь төрийн хяналт сул, зохион байгуулалт муу байгаагийнх. Бас халамж авч байгаа хүмүүсийн хувьд ч халамжинд ач холбогдол өгч, тийм байдлаасаа гаръя, өөрчлөгдье гэж бодохгүй байна.

Халамжийг зөв түгээвэл хэрэгтэй хүндээ маш их хэрэгтэй. Харин буруу хүнд очвол буруу л юм байгаан.

Танай татах хэсгийн 40 орчим залуучууд бүгд чамтай адилхан бодолтой байдаг уу? Өөр өөр санаа бодолтой залуучуудыг нэгтгэж, нэгэн зорилгод хөтлөнө гэдэг тийм амар ажил биш. Ер нь “Ууганаа, бид нар хүнд бэлэн юм өгөх ямар хэрэг байна?” гэх, эсэргүүцэх тохиолдол гарч байв уу?

- Хүн болгоны бодол өөр шүү дээ. Санаачлаад, яг санаа нэгддэг нь арав дотроо ч юмуу, цөөнх нь. Тэгээд бусдыгаа уриална, тайлбарлана, таниулна. Хамт олноо гээд дагахаас өөр аргагүйддэг нэг хэсэг байхад, олонх нь дэмждэг. Мөн шууд хэлэхгүй ч, цаанаа “Би ч гэсэн хэцүү байхад надад тусалчихгүй дээ... Эхнэр ажилгүй, олон хүүхэдтэй, өөрөө ч түлээ нүүрсгүй байна” гэх залуучууд ч байгаа. Яг хэлж чаддаггүй л болохоос. Бид л өөрсдөө олж хараад энэндээ нэг тусалъя гэхгүй бол тэд маань ч хэлэхгүй. Мэдээж амьдралд янз бүрийн л юм байгаа. Хэнд ч, юу ч тохиолдож болно. Гэхдээ манай цувааныхан дандаа залуучууд болохоор их нэгдмэл. Хааяа зөрчилдөх явдал гарах ч зааварлагч маань сайн ойлголцуулж, нэгтгэж чаддаг. “Та нар энэ ажилд хамт оролцох ёстой. Нэг цуваа гэдэг нэг л хүн” гэж хэлдэг байв. Бид бусдад дэм өгч, амьдрах урам зоригийг нь бадраах гэж л энэ ажлуудыг хийдэг.

Дэмжлэг хэрэгтэй айлд тусалсныхаа дараа дургүйцэж байсан залуусын хандлага хэрхэн өөрчлөгдөж байв? Сэтгэгдлээ ярьж байсан уу?

- Тэр ёстой хөөрхөн. Хамтдаа очоод айлынхаа муу гэрийг нь буулгаад, шинэ гэр барьж, тохижуулж хүлээлгэн өгөхөд бүгд баярлалдаад уйлна. Хүүхдүүд нь “Энэ манай гэр тэ...” гээд бөөн баяр хөөр болоход  нөгөө хатуурхаж байсан залуус маань өөрсдөө ч дагаад баярлана. Дараа нь “Би нээрээ хатуу байсан байна шүү. Ийм хэцүү амьдралтай хүмүүс байдаг юм байна. Бид яг зөв ажил хийж. Би ёстой ойлгоогүй...” гээд ярьдаг. Тэгээд дараа дараачийн ажилд идэвхитэй оролцдог болдог.

“Өгч байж олдог” гэх үгийн талаар юу боддог вэ?

- Мэдэхгүй. Би ёстой тийм юм бодож байгаагүй юм байна. Энэ ажлыг хийх нь миний, бидний үүрэг шүү дээ. Ядарсан, зовсондоо туслах нь хүний ёс. Тиймээс хийх л ёстой юм шиг санагддаг. Бидний хийж байгааг бусад хүмүүс хараад, бие биедээ дэм болоод явчихвал болох нь тэр. Монголчууд бид цөөхүүлэхнээ. Маш цөөхүүлээ. Бие биенээ дэмжээд, нэг багц болоод явчихвал хүмүүсийн амьдрал дорхноо л босоод ирнэ дээ.

Нийгэмд идэвхитэй, юм хийгээд, тодорхой хэмжээнд олонд танигдаад, олны өмнө гараад ирэхээр хүмүүс өөрөөр ярьж эхэлдэг. Амбицтай гэх ч юм уу, эсвэл улс төрд орох гэж байна гэх нь бий. Чамтай тийм юм тулгарч байв уу?

- Тулгардаг ш дэ. “Чи одоо зөндөө хүмүүст тусалдаг, хүмүүс чамайг сайн мэддэг.  Энэнд үзээч тэрэнд үзээч” гээд л... Яг үнэндээ би улс төр энэ тэрийг огт сонирхдоггүй ээ. Намд элсээч гэхийг ч ойшоодоггүй. Гэхдээ, заримдаа эргэлзэх үе гарна. Нээрээ би аймгийн эсвэл сумын иргэдийн төлөөлөл болчихвол одоо хийж байгаа ажлууд маань илүү далайцтай болох юм болов уу гэж бодож үзсэн. Тэгээд, яг дунд нь орохоор тэдэнтэй адилхан болчих юм боловуу гэж эргэлздэг. Огт бодож байгаагүй биш, бас бодож байсан шүү. Зөндөө ч саналууд ирж байсан. Бас “Намайг дэмжээд өгөөч, чи зөндөө олон хүн танидаг, мэддэг юм чинь...” гэх нь ч бий. Тэр хүн, хүмүүсийн төлөө биш нь ойлгомжтой байхад би худлаа магтаж болохгүй ш дээ. Би тийм юмыг дэмждэггүй. Санал нийлдэггүй.

Тэгвэл, дуучны карьеараа өсгөх гэж сайн үйлсийн ажил хийж байна гэх хандлагатай таарч байв уу?

- Үгүй ээ. Харин ч эсрэгээрээ ш дээ. Дуулдаг маань энэ ажилд илүү дэмтэй, сайнаар нөлөөлдөг. Урлагаар тодорхой хэмжээнд хүмүүс намайг таньдаг болсон нь нэг талаараа энэ маш их түлхэц, дэм болдог. Жишээ нь, бид хавдар нь хүнд шатандаа орсон 26 настай залуухан эмч бүсгүйд туслах ажлыг санаачилж, чөлөөт уран бүтээлч, дуучин хэдэн найз нартайгаа тоглолт хийсэн. Театрт эсвэл ямар нэгэн газарт тоглох нь өндөр зардалтай тул өөрөөр хийж үзье гэж ярилцаад “Дархан” захын гадаа хандивын, үнэ төлбөргүй тоглолт хийж байв. Эхэндээ эргэлзэж байсан ч амжилттай болж, цаг гаруйн тоглолтын үеэр нийт 960.000 төгрөг цугларсан байсан.

Хэдэн онд юм бэ?

- Хоёр жилийн өмнө. Бид захын зохион байгуулагчид хандахад дэмжиж, сайхан хүлээн авсан. Бас нэг найздаа хэлэхэд техник хэрэгслээр тусалсан юм. Ер нь  сайхан сэтгэлтэй залуус олон бий. Зөндөө таардаг. Манай дарханчууд маш идэвхитэй, гоё нэгддэг юм байна билээ. Хандивын хайрцагт архи уудаг хүн хүртэл 100₮, боломжтой нэг нь 20.000₮ хийж байв. Бид цугларсан мөнгийг шууд тэр дор нь банкинд ээжийнх нь дансанд хийсэн. Тэгэхээр сайн үйлсийн буяны ажилд маань урлаг дэм болж хоршин хоорондоо зохицож байна гэж би боддог. Өнгөрсөн намар хүнд өвчтэй Сондор охинд туслах ажлыг бас гадаа тоглолт зохион байгуулж хандив цуглуулж байсан.

“Алтан сагс” -ын гадаах тэр хандивын тоглолтонд дандаа сайн дурын уран бүтээлчид оролцож байгаа харагдсан. Төмөр замын бригадынхан нь бас нэгдсэн үү?

- Дан чөлөөт уран бүтээлчдийн ажил байсан. Тавуулаа. Манай Түвшинжаргал \Тижи\, Эрдэнэжаргал \Эжа\, Ганбаатар, Мянганзам ах нар. Бид хамтдаа хоёр ч удаа хандивын хамтарсан тоглолт хийсэн.

Би тэр өдөр захаар явж байхдаа та нарын дуулахыг алсаас сонсоод, амралтын өдөр, амьд хөгжим бас сайхан зорилго. “Ямар гоё мэдрэмж, ямар гоё таашаал вэ!” гэж бодож байсан шүү. Ер нь манай дархан нэг хэсэг маш олон залуу уран бүтээлчид, хамтлаг, дуучидтай байсан. Одоо ер нь их багассан байна. Энэ юутай холбоотой гэж бодож байна?

- Харамсалтай нь тэр өдөр бидэнд зах дээр тоглолт хийхийг зөвшөөрөөгүй л дээ. Тэгээд “Ихэр могойн” \захын эсрэг талд орших объектын нэр\ гадаа тоглосон юм. Тиймээс алсаас сонсогдсон байх. Маш хүйтэн өдөр байсан. Гэсэн ч бид брошураа, хайрцгаа бариад, зорилгоо танилцуулж, дуулж хөгжимдөн тоглолт хийсэн. Сая гаруй төгрөг цугларч, ээж аав, гэрийхэнд нь тэр мөнгийг шууд хайрцагтай нь хүлээлгэн өгсөн. Хамтлаг дуучдын тухайд чиний хэлж байгаа үнэн. Залуусын хүсэл эрмэлзэл, сонирхолтой л холбоотой болов уу.

Урлагт дурлах хүсэл эрмэлзэл нь буурсан гэж үү?

- Яахав, санхүүгийн бололцоо хүнд болчихсон байна. Бид нарын үед гурваас дөрвүүлээ нийлээд хамтлаг байгуулж, студи дээр очиход, студиуд нь ч дөнгөж шинэ. Хамтраад, гоё бүтээлүүд хийдэг байлаа. Хоорондоо өрсөлдөөн ч ихтэй. Шинэ нээгдсэн студийн гадаа 4-5 хамтлаг дараалаад суучихсан байдаг байж. Одооны залуусыг сайн мэдэхгүй юм. Завгүй байна уу, эсвэл урлагт дурлах нь багассан уу. Санхүүгийн дэмжлэг байхгүй байгаатай ч бас холбоотой байх. Нэг дуу бичүүлэхэд наад зах нь 100 мянган төгрөг. Залуу хүүхдүүдэд хэцүү л дээ. Нөхцөл ер нь Дарханд хэцүү...

Нөхцөл гэдэг нь?

- Урлагт дурлаж, дуулахыг хүсч, хамтлагаараа уран бүтээл хийхийг хүсч, тэмүүлж, мөрөөдөж байгаа тэр хүүхдүүдийг дэмжээд гаргаад ирэх компани, хүмүүс байхгүй байна. Нэг нөхөр хэдэн охид залуусыг нийлүүлээд сайн уран бүтээлч болгоё гэхээсээ илүү дагуулаад “халтуур” хийхийг л чухалчилж байна. Уран бүтээлч сайхан бүтээл хийж, хүмүүсээ чадваржуулъя гэхээсээ илүү олон газарт очиж мөнгө олъёо гэж байвал яаж хөгжихөв дээ... Сайн сайн хүүхдүүд нь хотруу л явчихаж байна. Яг үнэндээ Дарханы уран бүтээлчдэд нэгдсэн толгой ч алга.

Одоо манай ганц мэргэжлийн урлагийн байгууллага “Залуучууд театр” маань уг нь “залуучуудын” гэдэг нэртэй шүү дээ. Ер нь мэргэжлийн урлагийн байгууллага нь чөлөөт уран бүтээлчдээ дэмжих, хамтрах тал дээр хэрхэн ажиллаасай гэж та боддог вэ?

- Залуучууд театр нэлээн өргөн хүрээнд ажиллаасай гэж хүсдэг. Чөлөөт уран бүтээлчдээ нэгтгээсэй. Нэг толгойнд оруулаад, дарханаас ямар уран бүтээл гарч болохоор байна, Улаанбаатартай өрсөлдөхүйц бүтээл гаргаж, бүр цаашлаад олон улсын хэмжээнд өрсөлдөх боломжууд юу байна гэдгийг харах хэрэгтэй л дээ. Сайн хөгжмийн зохиолчид, сайн шүлэг бичдэг хүмүүс манайд бий. Дуучдаар бол дархан гологдохгүй. Сайн дуучид зөндөө байгаа. Манай Залуучууд театр ч сайн дуучидтай. Бүжигчдийн хувьд ч сайн бүжигчидтэй. Хөгжимчид харин жаахан дутмаг байх шиг санагддаг. Тэгээд ер нь тус тусдаа байна л даа. Чөлөөт уран бүтээлчид нь нэг талдаа, театрынхан тусдаа. Уг нь нэгдээд явбал сайхан шүү дээ.

Би өөрийг чинь Хурд хамтлагтай дуулж байхыг харсан. Өөртөө итгэх итгэл, кайф, сэтгэл хөдлөл, төмөр замчин гэдгээрээ, дуучин гэдгээрээ бахархсан бахархал мэдрэгдэж байсан. Би андуураагүй байх. Тэр үеийн сэтгэгдэлээсээ хуваалцаач?

- Тэр их гоё. Хурд хамтлагийнхан өөрсдөө төмөр замын Рашаант зөрлөгт өссөн хүүхдүүд. Аав нь төмөр замчин. Төмөр замчдын амьдралыг маш сайн мэддэг уран бүтээлчид. Тэр утгаараа “Хайр судас” гэдэг шинэ дуу хийж, түүнийгээ танилцуулж, хүмүүст, төмөр замчдад хүргэх гэж төмөр замын бүх өртөөгөөр аялан тоглолт хийсэн юм. Дархан өртөөнд болсон тоглолтонд нь надад дуулах завшаан тохиолдож, тэр гоё том тайзан дээр, тэр мундаг бахархалт хүмүүстэй хамт дуулсан. Энэ бол миний хувьд маш том аз завшаан. Ёстой бөөн баяр байсан. Гэхдээ тэр үед нуруу өвчтэй байснаас яг өөрийнхөө байж, хөдөлж, бүжиглэж чадаагүй. Дуулчихаад тайзнаас бууж ирэхэд “Хурд”-ын ах нар бүгдээрээ эгнээд зогсчихсон, мөрөн дээр алгадаад “Чи чинь дуучин юм байна шүү дээ. Ямар мундаг юм” гээд нь магтахаар нь баярлаж байгаа юм чинь. Тэр тайзан дээр дуулахад би өөрөө яг л Хурдын нэг хэсэг болчихсон юм шиг, тийм гоё мэдрэмж авч байсан. Их ч хүмүүс цугларсан байсан. Маш гоё. Дараа нь таньдаг, таньдаггүй олон хүмүүс баяр хүргэж байв. Урлагийн буян юм даа. Хэрвээ би дуу хөгжим сонирхдоггүй, дуулдаггүй байсан бол тэр хүмүүстэй тэр гоё тайзан дээр нэгдэж чадаа ч уу, үгүй ч үү.

Хурд хамтлаг чиний хувьд домог биз?

- Тэгэлгүй яахав. Ганц миний хувьд биш, бүх хүмүүсийн хувьд домог, оргилууд шүү дээ. Ийм хүмүүстэй хамт тайзан дээр гарна гэдэг бахархал.

Их сонин ертөнц санагдаад байх юм. Төмөр замчин хүн атлаа сэтгэл зүрх нь дуучин. Тэгээд зүгээр л чимээгүй амьдардаггүй. Нийгэмдээ өөрийнхөөрөө хувь нэмрээ оруулах гэдэг оролцоотой залуу. Хүмүүс ингэж ярьдаг “Дарханд байх ямар хэрэг байна. Зах зээл муутай, хүнд танигдахгүй. Карьер хөөх хэцүү” гэдэг. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? Дарханы маань ихэнх залуус амьдрал, карьер хөөгөөд нийслэлийг зорих юм. Тэгвэл чиний хувьд эндээ амьдрахын утга учир юу вэ?

- Хар нялхаасаа эндээ өсч, амьдарсан болохоор сайхан санагддаг. Улаанбаатарт очвол илүү боломжууд олдох л байх. Гэхдээ би Дарханаасаа явъя гэж огт боддоггүй ээ. Энэ чинь миний л орон зай. Миний л хот. Би эндээ байгаад, надаас ямар сайн сайхан юм гарч байна тэр бүхнийгээ эндээ л зориулмаар байна. Болохгүй байгааг нь засч залруулахад хувь нэмрээ оруулмаар байна. Хүмүүс хотод очвол илүү дээр гэж л байдаг юм. Үгүй л дээ. Хүн бүр тэгж боддоггүй, хүсдэггүй юм. Би эндээ, Дархандаа байх дуртай. Наад зах нь нэг шинэ юм нэмэгдэхэд нь хүртэл баярладаг. Гоё, сайхан газрууд Дарханд маань нэмэгдэхэд сэтгэл сайхан болдог. Олон жилийн дараа бүр ч гоё болно. Дархан илүү сайхан хот болно. Яагаад гэвэл хамгийн хөгжих боломжтой газар бол Дархан байхгүй юу. Хотод очоод би хоёр ч хонож чаддаггүй. Миний зүрх сэтгэл энд л байдаг.

Үе тэнгийнхэндээ болон дүү нар, залуучууддаа хандаж юу хэлэх вэ?

- Нээх сургамж хэлэх нь ч хаашаа юм. Гол нь өөрөөс гарах ямар л боломж байна, тэр бүхнээ ашиглаад зүтгэ, хөдөлмөрлө. Эргэн тойронд байгаа хүмүүсээ зөв зүйлд уриалаад явж залуучууд чадна. Энэ тийм хэцүү зүйл биш. Гол нь тэрийг гаргах сэтгэлийн галтай л байх хэрэгтэй.

Өөрийнхөө дотор орших галыг асаа. Өөрийгөө сонс, мэдэр, муу бүхнийг дотроосоо авч хаяж, дандаа гэгээлэг сайн сайхан бүхнийг бод.

Бүх юмыг гэгээлгээр бодоод явахад бүх ажил чинь бүтнэ. Залуучуудаа, одоо бидний үе шүү дээ. Цаашдаа энэ улс орныг авч явах бидний үр хүүхдийн маань амьдрал биднээс шалтгаалах тул идэвхитэй, хариуцлагатай, зөв бодолтой байгаарай.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
780   0
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг