Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2021-03-23

ТАНЫ МЭДЭХ ЁСТОЙ КОРОНАВИРУСЫН ВАКЦИНЫ ТАЛААРХ 7 БАРИМТ

Засгийн Газраас Улаанбаатар хотын хүн амыг 3-5 дугаар сард, орон нутгийн иргэдийг тавдугаар сараас эхлэн коронавирусын эсрэг вакцинд хамруулахаар шийдвэрлэсэн. Тус вакцины талаар хүн бүрийн мэдэх ёстой нийтлэг долоон баримтыг хүргэж байна. 

Баримт #1

Та вакцинаас КОВИД-19 вирус тусахгүй

КОВИД-19 вирусын вакцин тус вирусын ямар ч хэсгийг агуулаагүй тул та түүнээс вирус авахгүй. Харин вакцин таныг вирусээс хамгаална. Вакцин хийлгэсний дараа таны гарын булчин хөндүүрлэх, халуурах зэрэг сөрөг нөлөө ажиглагдах ч энэ нь хэвийн бөгөөд нийтлэг тохиолддог зүйлс юм.

Баримт #2

КОВИД-19 вирусын вакцин нь маш түргэн бүтээгдсэн хэдий ч хэрэглэхэд аюулгүй

Тус вакциныг бүтээхэд шаардлагатай алхмуудыг алгасаагүй. Дэлхийн эрдэмтэд тус технологи дээр арав гаруй жилийн турш ажилласан бөгөөд аюулгүй, үр дүнтэй вакциныг маш хурдан гаргаж авч чадсан юм. 

Баримт #3

КОВИД-19 вирусын вакцин таныг вирусын олон төрлөөс хамгаалж чадна

Вирусүүд цаг хугацааны явцад өөрчлөгдөж эсвэл бага хэмжээгээр хувьсаж, мутацид ордог. Тус вакцинууд нь КОВИД-19 өвчнийг үүсгэдэг вирусын төрлүүдийн эсрэг идэвхтэй нөлөөтэй байна.

Баримт #4

КОВИД-19 вирусын вакцин таны ДНХ-г өөрчлөхгүй

КОВИД-19 вирусын вакцин нь MRNA вакцин бөгөөд таны ДНХ-д ямар нэг байдлаар нөлөөлөхгүй. Тус вакцинууд нь таныг КОВИД-19 вирусын халдвар авахаас хамгаалдаг эсрэг биетүүдийг үүсгэдэг бас дархлааны хариу урвалыг өдөөдөг.

Баримт #5

КОВИД-19 вирусын вакцинууд нь үргүйдэл эсвэл үр зулбалт үүсгэдэггүй

КОВИД-19 нь тус вирусээр өвчилсөн эмэгтэйчүүдэд үргүйдэл үүсгээгүй тул вакциныг үргүйдэл үүсгэнэ гэж бодох шаардлагагүй юм. Онлайнаар тархсан нэгэн худал мэдээлэл байгаа нь вакцин дахь уураг эхэс дэх уургийг гэмтээдэг гэсэн мэдээлэл юм. Энэ бол худал юм. Хоёр уураг дахь бага хэмжээний амин хүчил ийм нөлөө үзүүлэхгүй. КОВИД-19 вирусын вакцинуудыг жирэмсэн эмэгтэйчүүд дээр туршаагүй боловч эмэгтэйчүүд жирэмсэн байх үедээ өөр бусад өвчнүүдийн улмаас вакцин хийлгэдэг. Бие давхар эмэгтэйчүүд КОВИД-19 вирусын улмаас ноцтой өвчлөх өндөр эрсдэлтэй бөгөөд та хүүхдээ төрүүлсний дараа хүүхдэдээ КОВИД-19 халдаах эрсдэл байж болно. Вакцинжуулалтад хамрагдах ёстой эсэх талаар эмчтэйгээ ярилцаж үзээрэй.

Баримт #6

КОВИД-19 вирусын вакцинууд микрочип эсвэл хянах төхөөрөмж агуулаагүй болно.

КОВИД-19 вирусын вакцинууд микрочип эсвэл хянах төхөөрөмж агуулдаг гэсэн ташаа мэдээлэл худал болох нь батлагдсан. Бид вакцин бүр юу агуулж буйг нарийн тодорхой мэднэ. Вакцин бүр дэх найрлагын жагсаалтыг онлайнаар харах боломжтой.

Баримт #7

Архаг суурь өвчин эсвэл эмгэгтэй хүмүүс вакцин хийлгэх ээлж нь болмогц аль болох хурдан вакцинжуулалтад хамрагдах нь зүйтэй.

Хэрэв та чихрийн шижин зэрэг архаг өвчтэй бол КОВИД-19-ийн улмаас ноцтой өвчлөх өндөр эрсдэлтэй байна. КОВИД-19 вирусын вакцинууд нь архаг суурь өвчин эсвэл эмгэгтэй хүмүүст аюулгүй бөгөөд үр дүнтэй.

https://coronavirus.utah.gov/Vaccine

Сайтаас орчуулсан О. Ундаръяа

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
465   0
НИЙТЭЛСЭН: О.Ундаръяа