Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2021-03-25

БОРОО ИХ ОРСОН НЬ ДАРХАНЫ ЗАМ АШИГЛАЛТАНД ОРООГҮЙН ШАЛТГААН ГЭВ

Дарханы замыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйгээс өнгөрсөн хугацаанд тус зам дээр гарсан 444 хэргийн улмаас 391 нь даатгалд хамрагдаж, 558 сая төгрөгийг нэхэмжилжээ. Бүртгэлээс гадуур эд хөрөнгө, эрүүл мэндийн хохирлоо мэдээлээгүй иргэн олон байгаа бөгөөд үүнийг хэн нөхөн төлж, барагдуулах нь одоо хүртэл тодорхойгүй байна.

Тус замын ажлыг эхлүүлэх шийдвэр анх 2018 оны /9 дүгээр сар/ Засгийн газрын шийдвэрээр гарч, 2019 оны зургаадугаар сард эхлүүлсэн боловч өнөөг хүртэл дуусаагүй байгаа. Гол шалтгаан нь:

  • Шалгарсан гүйцэтгэгч компаниуд замын ажлыг хийхгүй удсан,
  • Цар тахалтай холбоотойгоор уг бүтээн байгуулалтад оролцох Хятад ажилчдыг оруулж ирэхэд хугацаа алдсан,
  • Мөн өнгөрсөн жил бороо их орсон зэрэг нь гол нөлөө үзүүлсэн гэв.

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км замын хөдөлгөөнийг 2020 оны арваннэгдүгээр сарын 6-нд нээсэн. Гэвч тус чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ барихаар зураг төсөл нь гарсан ч одоогоор хоёр эгнээ байгаа. Замыг дөрвөн эгнээ болгох ажил энэ сарын 25-наас эхэлсэн гэж Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам барилгын ажлын төслийн зөвлөх, “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК-ийн ерөнхий захирал С.Очирбат хэллээ. Тус замыг барих гэрээ нь буцалтгүй тусламж биш бөгөөд хөнгөлөлттэй зээл юм. Тиймээс хугацаа сунжирах тусам Монгол Улсын өр нэмэгдэнэ. 

ТУС ТӨСӨЛ НЬ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ БИШ БӨГӨӨД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ УЧРААС ХУГАЦАА СУНЖРАХ ТУСАМ  ӨР НЭМЭГДЭНЭ

Тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Хуулиараа улсын чанартай замын асуудал ЗТХЯ-нд хамаатай. Энэ бүтээн байгуулалтын асуудлыг хуулийн өмнө сайд Л.Халтар хариуцах ёстой. Одоо ажил нь явахгүй байгаа гол хэсэг болох 2, 4-р багцад ямар ч туршлагагүй, хариуцлагагүй компани шалгаруулж, хариуцуулсан эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооц" гэв. 

Зам хариуцаж буй компаниас "Энэ зам хугацаандаа ашиглалтад ороогүйн олон шалтгаан бий. Гэхдээ өнгөрсөн жил бороо их орсон нь гол нөлөө үзүүлсэн" гэлээ. 

Замыг ашиглалтад оруулах ажил хэт сунжирснаас зам тээвэр хийдэг иргэд, ААН-д асар чирэгдэл үүсгэж байна. Мөн олон иргэн эд хөрөнгө эрүүл мэндийн хохирол амссаар байгааг харъяа яам анхааралдаа авч, яаралтай шийдэж өгөхийг шаардаж буй. УБ-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтын ажил одоогоор 60 гаруй хувьтай байна. 

Гүйцэтгэгч Шанхай констракшн компанийн төлөөлөл н.Бааринхүү "Энэ сарын 22-ний мэдээллээр БНХАУ-аас 90 ажилчин хил нэвтрэхэд бэлдэж, шинжилгээгээ өгсөн. Гадаадаас ажилчин оруулж ирэхэд дэмжиж өгөхийг хүсэж байна. Манайх хийн хоолойгоо өөрсдөө үйлдвэрлэж ашиглахаар шийдсэн учраас ажил удааширч буй. Одоогоор үйлдвэрлэж эхлээгүй байна" гэв.

Тус замыг барих гэрээ нь буцалтгүй тусламж биш бөгөөд хөнгөлөлттэй зээл юм. Тиймээс хугацаа сунжрах тусам Монгол Улсын өр нэмэгдэнэ. 2 багц нь болох 2,4-р хэсэг буюу 90 км-ыг яах нь тодорхойгүй хэвээр байгаагаас харвал одоо хэлсэн хугацаандаа ч ашиглалтад оруулж чадахааргүй харагдаж байна. Энэ замын эзэд бол татвар төлөгч иргэд. Энэ замын ажил зогссоноос эдийн засгийн эргэлт удааширч байна. Бусад олон асуудал үүссээр байна гэдгийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хэлэв.

ЭХ СУРВАЛЖ: 

GoGo.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
208   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan