Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2021-04-14

Дархан-Уул аймагт ШӨХТГ-ын Улсын байцаагч ХОЁР бий

Сүүлийн өдрүүдэд махны үнэ огцом нэмэгдэж, нэг кг үхрийн цул мах дээд тал нь 17.000 төгрөгт хүрч, иргэдийг бухимдуулсан. Энэ үеэр “ШӨХТГ Дархан-Уул аймагт ажиллахгүй байна”, “Манай аймагт тус байгууллагын төлөөлөл байна уу?” гэх асуултыг иргэд олон нийтээс тавьж байсан юм.

Энэ талаар Дархан сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Ж.Баярт-Одын нийгмийн сүлжээнд тавьсан асуултын хариуд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн албан ёсны цахим хаягаараа “Дархан-Уул аймагт тус байгууллагын төлөөлөл байсныг аймгаас болиулсан мэдээлэл байна. Гэхдээ албан ёсоор бидэнд мэдэгдээгүй” гэх хариултыг өгсөн бол аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Албан ёсны орон тоогоор байцаагч байхгүй. 11,12 дугаар саруудад бид ажиллуулсан. Мөн орон тоог албан ёсоор бий болгох тухай хүсэлтийг тавьсан. Бид дахин хоёр сараар түр ажиллуулахаар санал гаргаад байгаа” хэмээн мэдэгдэж байв.

Нийгмийн сүлжээнд албан тушаалтнуудын илэрхийлсэн дээрх зөрүүтэй хариултуудыг тодруулахаар манай сайтын Улаанбаатар хот дахь сэтгүүлч ажиллаа.

Дархан-Уул аймагт Засгийн Газрын Тохируулагч агентлаг ШӨХТГ-ын Улсын байцаагч байгаа эсэх, байгаа бол яагаад чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа тухайд, мөн ямар шаардлага, шалгуурыг хангасан хүнд тус байгууллагын улсын байцаагчаар ажиллах эрх олгодог талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ дараах нэмэлт тайлбарыг өглөө.

ШӨХТГ-ын Дарга Б.БАТ-ЭРДЭНЭ:

- Дархан-Уул аймагт анх корона вирусын халдвар бүртгэгдсэн өдөр буюу өнгөрөгч 11-р сард бид Засаг дарга Б.Азжаргалтай ярьсан. Тэрбээр тухайн үед орон нутагтаа махны дээд үнийг тогтоон ажиллаж байсан бөгөөд тус үйл ажиллагаатай холбогдуулан ШӨХТГ-ын Улсын байцаагчийн эрх бүхий албан тушаалтныг ажиллуулах хүсэлтийг манайд тавьсан юм. Үүний дагуу бид Мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байсан хүнд улсын байцаагчийн эрх олгож, албан тушаалд авах тогтоол гаргаснаар Дархан-Уул аймагт манай байгууллагын эрх бүхий улсын байцаагч албан ёсоор ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Дархан-Уул аймагт ШӨХТГ-ын Улсын Ерөнхий байцаагчийн тогтоолоор Улсын байцаагчийн эрх, тамга тэмдэг олгогдчихсон байгаа. Өнөөдрийн байдлаар ШӨХТГ нь орон нутагт салбар нэгжгүй тул тус чиг үүргийг орон нутгуудад хэрэгжүүлэхдээ Засаг дарга нартай зөвшилцөх замаар шийдвэрлэж, тухайн аймгийн ЗДТГ нь улсын байцаагчийг цалин, ажлын байраар хангах, манай байгууллагын зүгээс удирдлагаар хангах үүргийг хүлээдэг юм. Хэд хэдэн аймагт ийнхүү ажиллаж байна. Мөн Монгол Улсын Шадар сайдын аймгийн Засаг дарга нартай байгуулсан Хамтран ажиллах гэрээнд ШӨХТГ-ын эрх бүхий албан тушаалтан буюу Улсын байцаагчийг заавал ажиллуулах талаар тусгасан байдаг. Тийм ч учраас өнгөрсөн гуравдугаар сарын эхээр манай байгууллагын зүгээс бүх аймгийн Засаг дарга нарт ШӨХТГ-ын эрх бүхий албан тушаалтан улсын байцаагчийг заавал ажиллуулах талаарх албан тоотыг бүх аймгийн Засаг дарга нарт илгээсэн.

- АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗҮГЭЭС ӨМНӨ ХОЁР САРЫН ХУГАЦААНД АЖИЛЛУУЛСАН, ОДОО МӨН ХОЁР САРААР АЖИЛЛУУЛАХ БА ЦААШИД БАЙНГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ БОЛГОХ ЭСЭХИЙГ ТАНАЙ БАЙГУУЛЛАГАТАЙ ЗӨВШИЛЦӨНӨ ГЭХ УТГА БҮХИЙ ХАРИУЛТЫГ ӨГСӨН БАЙСАН?    

- Нэгэнт Улсын Ерөнхий байцаагчийн тогтоолоор орон нутагт ШӨХТГ-ын улсын байцаагчийг томилсон бол эрхийг нь цуцлах, өөр хүнд шилжүүлэх тохиолдолд заавал манайд албан ёсоор мэдэгдэх ёстой. Одоогоор бидэнд Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас тухайн эрх олгогдсон улсын байцаагчийн эрхийг түтгэлзүүлэх, болих, шилжүүлэх тухай албан хүсэлт ирээгүй байна. Мөн миний мэдэж байгаагаар сүүлд дахин нэг хүнд эрх олгогдож, одоогоор ШӨХТГ-ын эрх бүхий улсын байцаагч Дархан-Уул аймагт хоёр байгаа. Хэрэв солих гэж байгаа бол энэ тухай албан ёсоор мэдэгдэж, тухайн улсын байцаагчийн эрхийг цуцлан дараагийн хүнд эрх олгох ёстой.

- ЯМАР ШААРДЛАГА, ШАЛГУУРЫГ ХАНГАСАН ХҮНИЙГ ШӨХТГ-ын УЛСЫН БАЙЦААГЧААР ТОМИЛОН АЖИЛЛУУЛДАГ ВЭ? ХҮССЭН ИРГЭН БҮР АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ ЮУ?

- ШӨХТГ бол Засгийн Газрын Тохируулагч агентлаг. Тиймээс төрийн албан хаагчийн шалгалт өгсөн, мөн тусгай шалгалтын шаардлага хангасан хүнд улсын байцаагчийн эрх олгодог. Гэхдээ орон нутгийн хувьд боловсон хүчний нөөцтэй холбогдуулан харгалзан үзэж хууль эрх зүй, эдийн засгийн чиглэлээр сургууль төгссөн тодорхой шаардлага хангах хүнийг ажиллуулдаг.

Энэхүү ажил нь үнийн хөөрөгдөл, үгсэн хуйвалдаж үнэ тогтоох, зохиомол хомсдол зэрэг үйл явц мөн “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”, “Өрсөлдөөний тухай хууль”, “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль”, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хууль” гээд маш олон хуулийн хүрээнд ажилладаг тул төрийн захиргааны албан хаагч биш, төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй байлаа гэхэд ядаж хяналт шалгалтын туршлагатай хүнийг авч ажиллуулах шаардлагыг тавьдаг.  

Тодруулга, мэдээлэл өгсөнд баярлалаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (127.0.0.1)
    тэгэхээр яасан гэсэн үг вэ? манай засаг дарга өөрөө хүсэлт тавьж байцаагчид эрх олгосон пм байна. тэрийгээ бас өөрөө дур мэдээд болиулчихсан гэсэн үг юмуу?
    2021 оны 04 сарын 14 | Хариулах
    • (127.0.0.1)
      Азаа даргын хувьд өөрөө санаачилаад ажиллуулсан юм байна. Харин аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Засаг даргад орон тооны байцаагч ажиллуулах төсөв санхүүг баталж өгөөгүй юм шиг байна.
      2021 оны 04 сарын 14
1086   2
НИЙТЭЛСЭН: Э.Бямбадорж