Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2021-04-16

ШӨХТГ-ын БАЙЦААГЧИЙГ БАЙНГА АЖИЛЛУУЛЪЯ ГЭВЧ ЭРХ ЗҮЙН ХУВЬД БОЛОМЖ ХААЛТТАЙ БАЙНА

Махны үнийн огцом өсөлттэй холбоотойгоор үнийн хөөрөгдөл, шударга бус өрсөлдөөнийг зохицуулах ШӨХТГ-ын үйл ажиллагаа, чиг үүрэг Дархан-Уул аймаг хэрэгжихгүй байна гэх асуудлыг нийгмийн сүлжээнд иргэд олон нийт тавьсаар байгаа. Үүнд тодорхой хариултыг авахаар манай сэтгүүлчид ажиллаж өмнө ШӨХТГ-ын Дарга Б.Бат-Эрдэнээс тайлбар мэдээлэл авсан бол энэ удаад Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.АЗЖАРГАЛ-аас тодрууллаа. 

Жич: ШӨХТГ-ын Дарга Б.Бат-Эрдэнийн тайлбар, мэдээллийг уншихыг хүсвэл та доорх линкээр нэвтэрнэ үү.  https://www.mydarkhan.mn/a/537

ДАРХАН-УУЛ АЙМАГТ ШӨХТГ-ын ХОЁР УЛСЫН БАЙЦААГЧ БАЙГАА ТАЛААР ТУС БАЙГУУЛЛАГЫН ДАРГА МАНАЙД МЭДЭЭЛСЭН. ТЭГВЭЛ ЭРХ ОЛГОГДСОН АТАЛ ТУС ЧИГ ҮҮРЭГ ЯАГААД ХЭРЭГЖИХГҮЙ БАЙГААД ТА ТАЙЛБАР ӨГӨХГҮЙ ЮУ? 

- Юуны өмнө, хариуцлагатайгаар хэлье, орон нутагт ШӨХТГ, түүний салбар нэгж, байцаагч гэж байдаггүй. Албан ёсоор байхгүй. Өнгөрөгч арваннэгдүгээр сард короновирусын халдвар Дархан-Уул аймагт анх бүртгэгдэхэд бид хөл хорио зарлаж, энэ үеэр махны үнийг барих зорилгоор үнийн дээд хязгаарыг тогтоосон. Ингэхдээ хяналт тавих зорилгоор ШӨХТГ-ын улсын байцаагчийг түр хугацаагаар ажиллуулах хүсэлтийг тус байгууллагад тавьсан юм. Эхлээд нэг байцаагч байж байгаад дараа нь хоёр болгосон. Нэг нь өмнө нь ХЭАХН \Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг\-ийн тэргүүнээр ажиллаж байсан н.Даваахүү гэж хүн, нөгөөхийг нь хяналт шалгалтын чиглэлээр ажиллаж байсан хүн хэрэгтэй гэсний дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байсан н.Даваадулам гэдэг хүмүүсийг тус тус сонгож, хүсэлт тавьснаар шийдвэр нь гарч, үнэмлэх тэмдгээ аваад ажилласан. Өөрөөр хэлбэл, ямар ч албан ёсны бүтцийн хүрээнд биш харин аймгийн Онцгой комисс өөрсдийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэн түр хугацаагаар ажиллуулсан юм. Эрх бүхий тэдгээр хоёр хүн ч хангалттай сайн ажиллаж, тухайн хугацаанд махны үнийг барьж, хянаж чадсан. Зөвхөн мах ч гэлтгүй бусад бараа бүтээгдэхүүний хувьд ч тэр. Ингээд арванхоёрдугаар сарын 31-ээр хугацаа дуусгавар болж, ажиллахаа больсон. Он гаргаад бид Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газарт Дархан-Уул аймагт бүтэц орон тоог нэмэгдүүлэх тухай хүсэлтийг хүргүүлж, үүнд хэд хэдэн орон тоог нэмэгдүүлэх шаардлага байгаагийн дотор яригдаж буй ШӨХТГ-ын Улсын байцаагчийн орон тоог албан ёсоор батлуулах талаар дурьдсан. Гэвч цар тахалтай холбоотойгоор өнөөдрийг болтол шийдэгдээгүй байна.  

УУЧЛААРАЙ, ТОДРУУЛГА ХЭРЭГТЭЙ БАЙНА Л ДАА. УГААСАА ТУС БАЙГУУЛЛАГЫН САЛБАР БҮХ АЙМАГ ОРОН НУТГУУДАД БАЙХГҮЙ. ШӨХТГ-ын ДАРГЫН ТАЙЛБАРТ ТЭД УЛСЫН БАЙЦААГЧИЙН ЭРХИЙГ ОЛГОЖ, ХАРИН ТУХАЙН АЙМАГ ОРОН НУТАГ АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, ЦАЛИНГ НЬ ШИЙДЭХ ҮҮРЭГТЭЙ ГЭСЭН?

- Яагаад үүрэгтэй гэж?

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙДТАЙ АЙМГУУДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН БАЙГУУЛСАН ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ДЭЭРХ ЧИГ ҮҮРГИЙГ ӨӨРИЙН ОРОН НУТАГТАА БИЙ БОЛГОХ ТУХАЙ ЗААЛТ ОРСОН БӨГӨӨД ЭНЭ НЬ ТУС ҮҮРГИЙГ ХҮЛЭЭХ ҮНДЭСЛЭЛ БОЛЖ БАЙГАА БУС УУ?

- Гэрээний заалт байнаа. Тэглээ гээд орон тоо нь байхгүй бол бид яаж ажиллуулах билээ. Зөвхөн Шадар сайд гэлтгүй бүх яамдын сайд нартай байгуулсан гэрээнүүдэд нэмэгдүүлэх, бий болгох шаардлагатай орон тоонуудыг дурьдсан байгаа. Гэрээгээр бий болгох ёстой гэвэл маш олон орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай болно. Жишээ нь Монгол улс Соёлын яамтай болсон. Бид гэрээ байгуулсан уу? Байгуулсан. Гэвч манайд энэ чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалтан байхгүй. Яагаад гэхээр энэ орон тоо нь алга. Энэ мэтчилэн шаардлагатайгаа тоочвол өнөөдөр манай аймгийн ЗДТГ-т байгаа 40 орон тоо бараг 80 болно. Салбар болгонд гэрээгээр үүрэг хүлээсэн ийм шаардлага бий. Өнөөдөр Цэргийн Штаб гэхэд дөрвөн орон тоотой ажиллах ёстой. Гэтэл хоёр л хүн ажиллаж байна. Бүр гэрээгээр биш, хуулиар тогтоосон орон тоо нь өнөөдөр манайд алга. Өмчийн алба, Худалдан авах ажиллагааны газар нийт 12 орон тоотой ажиллах ёстой. Гэтэл 10 хүнтэй л ажиллаж байна. Энэ мэт ярих юм бол яам болгон танайд ийм ажилтан байх ёстой шүү гэх үүрэг өгч, гэрээ байгуулдаг.  

ТАНЫ ХУВЬД, ДЭЭРХ ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ШӨХТГ-ын УЛСЫН БАЙЦААГЧИЙГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛУУЛАХ ШААРДЛАГА БАЙГАА ЭСЭХ ДЭЭР ЯМАР БОДОЛТОЙ БАЙГАА ВЭ?

- Маш чухал шаардлагатай байна. Зарим тохиолдолд зах зээл дээр бий болоод байгаа үнийн хөөрөгдлийг би өөрөө явж үзэж байна шүү дээ. Гэвч цар тахалтай холбоотойгоор бүтэц орон тоог нэмэхгүй байх тухай Засгийн Газрын 43-р тогтоол гарсан тул болохгүй байна. Бид эрх зүйн хүрээнд л ажиллах ёстой. ШӨХТГ-ын Улсын байцаагч нь ТЗ-тэй \Төрий захиргааны албан хаагч\ дүйцэхүйц төсвийн байгууллагын ажилтан. Тиймээс бид дураараа санхүүжүүлж болохгүй байна. ШӨХТГ-ын даргын хувьд ч орон нутагт улсын байцаагч ажиллуулах хүсэлтэй байгаа байх. Би ч ажиллуулмаар л байна. Гэвч эрх зүйн хувьд тэгж болохгүй байна. Тэр өвөл ажилласан н.Даваадулам байцаагчийн цалинг өгч чадахгүй бид зөндөө удаасан. Бүтэц, орон тоо нь байхгүй болохоор хүндрэлтэй байсан. 

ТЭГЭХЭЭР ОРОН НУТАГ ӨӨРӨӨ САНААЧЛАГА ГАРГАН БАЙНГА АЖИЛЛУУЛАХ ЯМАР Ч БОЛОМЖ БАЙХГҮЙ ГЭСЭН ҮГ ҮҮ?

- Бид төсөвтөө зохицуулалт хийгээд санхүүжилтийг нь шийдэж болох ч санхүүжүүлэх эрх нь байхгүй байна. Аймгийн Засаг дарга бөгөөд Төсвийн Ерөнхийлөн захирагч нь дээрээс олгогдсон эрх хэмжээний хүрээнд л ажилладаг. Хэдэн хүнд цалин олгоно гэж заасан байна, тэр л хэмжээнд олгох ёстой. Тэнд тусгагдаагүй хүнд цалин олгох эрх байхгүй. Ер нь бидэнд тэр байцаагчийг ажиллуулахгүй байх, ажиллаж байгааг нь болиулах ямар шаардлага байгаа юм бэ?? Уг нь ажиллаж л байвал сайн байна шүү дээ. Нийгмийн сүлжээнд энэ асуудал яригдсаны дараа нэг иргэн санаачлагаараа, цалингүй ажиллах хүсэлт тавьсан. Хүсэлтийг нь би шийдвэрлүүлэхээр ШӨХТГ-т уламжилсан боловч зөвшөөрөөгүй. Учир нь шаардлага хангахгүй гэж үзсэн. Мөн орон нутгийн онцгой комиссоос хэн нэгэн хүнд зөвшөөрөл олгоод ажиллууллаа гэхэд түүнд улсын байцаагчийн эрх үүсэхгүй. Эрх зүйн хувьд торгох гэх мэт арга хэмжээг авах боломжгүй. Тиймээс тус чиг үүргийг хэрхэн орон нутагт хэрэгжүүлэх талаар дахин судлах хэрэгтэй. Мөн нэгэнт ярьсных, манай иргэдийн дунд аймгийн Засаг даргыг хувь компаний захирал мэтээр ойлгох нь бий. Гэтэл бид төр барьж байгаагийн хувьд эрх зүйт төрийн хуульд захирагдаж ажиллах үүрэгтэй. Өөр ямар ч арга байхгүй. Энд нэг эмгэнэлтэй жишээ хэлье л дээ. Дархан хотын ногоон байгууламжинд адуугаа тууж оруулаад оторлуулж, өчнөөн хөрөнгөөр хийсэн хайс ногоон байгууламжийг эвдчихсэн адуучны аманд бид “багтаад” л сууж байна шүү дэ. “Би малаа хаана адуулах нь чамд ямар хамаатай юм” гэнэ. Бидэнд тэр хүнийг торгоод зөрчлийн хуулиар арга хэмжээ авах эрх байхгүй. Өнөөдөр төрийн зохицуулалт, хууль эрх зүй иргэдийн бодож байгаа шиг биш байна. Хөндлөнгийн энгийн иргэний бодлоор бол “Төр төмөр нүүртэй. Төр Дархан хотод эрхээ хэрэгжүүлэх ёстой. Тэр малаа оруулж байгаа нөхрийн малыг хураахад яадаг юм” гэнэ. Хэрэв би Засаг дарга биш байсан бол бас л тэгж бодно. Арван мал оруулсан бол ядаж нэгийг нь төр хураагаад авчихаж болноо доо гэнэ.

ТЭГЭХЭЭР ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ СУЛ, ЗАРИМ ТАЛААР ЦООРХОЙТОЙ БАЙГААГААС ШАЛТГААЛАН АРГА МУХАРДААД БАЙНА ГЭЖ ТА ХЭЛЭХ ГЭЭД БАЙНА УУ?

- Хууль эрх зүй нь ийм л байна.

ТЭГЭЭД АСУУДЛЫГ ХЭН ЯРИХ ЁСТОЙ ЮМ БЭ? АСУУДАЛ ИЙМ БАЙНА, БИДЭНД ИЙМ БАЙДАЛ ТУЛГАРААД БАЙНА ГЭДГИЙГ ТА НӨХӨД Л УЛАМЖИЛЖ, ӨӨРЧЛҮҮЛЭХ ЁСТОЙ БИЗ ДЭЭ?

- Тэгээд яриад л, албан бичиг явуулаад байна.

Үүнийг тэр ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ ч бас анхааралдаа авч, зөвхөн бид эндээс асуудал тавих биш, тэд ч бас Засгийн Газарт санал оруулж, аймгуудад салбар нэгжээ бий болгох талаар ажиллах хэрэгтэй.

Бүтцийг нь үндсэн бүтцэд нэмээд оруулчихвал ямар ч эргэлзээ байхгүй. Мэдээжийн хэрэгтэй, шаардлагатай байгаа ажил, чиг үүрэг. Зүгээр чи бод доо! Засаг дарга өөрөө санаачлаад ажиллуулж байсан хүнээ болиулах ер нь ямар шаардлага байгаа юм???

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Төгс (127.0.0.1)
    Хэрэгтэй хэрэггүй орон тоо төрийн албанд байгаад л байдаг юм билээ . Амьдрал дээрээ зайлшгүй маш чухал хэрэгтэй бүтэц орон тоог бий болгомоор байгам даа хаана хаанаа бодмоор зохицуулмаар санагддаг
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
849   1
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг