Лхагва 2019-01-02 Дархан
My Darkhan   2021-05-21

"МАНАЙ ДАРХАН САЙХАН ШҮҮ!" гэж чангаас чанга хэлмээр байна, би...

Өнөөдөр 'МАНАЙ ДАРХАН САЙХАН ШҮҮ' гэж чангаас чанга хэлмээр байна. Хоттойгоо ингэж ярилцмаар, хотдоо талархмаар байна би....

"Хүмүүс хотыг бий болгодог, хот иргэдийг бий болгодог” /Ричард Рожер/ гэдэг. 

Монголын 18 аймгийн /тэр үеийн/ шилдэг залуус, ах дүү социалист орнууд /Орос, Болгар ,Унгар, Польш, Чехословак/ -ын ахан дүүсийн өлзийт гараар анхны чулууг нь өргөн тавьсан нарлаг монголын энэ хотыг найрамдлын ДАРХАН гэж нэрлэсэн юм. Хот өдгөө 60 нас хүрч байна.

Сүүлийн жилүүдэд Дархан хот маань нүдэн дээр илт цэцэглэн хөгжиж байна. Хүн бүхний амнаас "МАНАЙ ДАРХАН ГОЁ ШҮҮ!" гэдэг үг гарах болж. 

Байр, хорооллууд өнгө өнгөөр ялгарч ,орчин үеийн шийдэлтэй Оргил худалдааны төв, БУРХАНТ ӨРГӨӨ кино театр, 'СПОРТЫН ЦОГЦОЛБОР', байшин хороолол бүрийн гадаа хүүхдийн сад цэцэрлэг, сагсан бөмбөг, хөдөлгөөнт спортын талбайтай, мод цэцэг хаа сайгүй ургасан, явган хүний цэвэрхэн зам талбайтай...

Өдрөөс өдөрт шинэ шинэ байшин барилга баригдаж, орон сууцнууд сүндэрлэж байна..

Амралт чөлөөт цагаа өнгөрөөх 'МИНИЙ МОНГОЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН', “МОРИН ХУУР, ДҮҮЖИНТ ГҮҮР” 'ДАРХАН-50” цогцолборууд улам л өнгөө засаж, их хотын гудамж шиг хүмүүс баяртай алхаж явна. Хаа сайгүй цахим, онлайн үйлчилгээ... гээд худалдаа, соёл, урлаг, спортын үйлчилгээ иргэдэд улам бүр ойртсоор.

Зам харилцаа ч сайжирч удахгүй зөвхөн нийслэлд л байдаг дөрвөн эгнээ авто олон улсын замтай болно, дугуйн болон явган хүний зам гарцууд шинээр бий болж байна...

Хичнээн ч олон цэцэрлэг, сургууль баригдав. Бас хаа сайгүй хог хаях сав цэгүүдтэй. Ингээд тоочоод байвал барагдах шинжгүй. Мэдээж нөөц баялаг хязгаарлагдмал, хүний хэрэгцээ хязгааргүй хойно санаанд хүрээгүй дутуу гучуу юм зөндөө л бий. Ямар ч гэсэн нүдэн дээр илт сэргэж байгаа шинэ зууны шинэ хотын ирээдүйн төлөвт бат итгэлтэй байдаг.

Өнөөдөр 'МАНАЙ ДАРХАН САЙХАН ШҮҮ' гэж чангаас чанга хэлмээр байна, би хоттойгоо ингэж ярилцмаар байна, хотдоо талархмаар байна.

Хот маань ингээд л өдрөөс өдөрт өргөжиж 'САЙН ХОТ' руу тэмүүлж байна, харин бидэнд сайхан хотын 'САЙН ИРГЭН' байх чадамж чухал. Дархан хот үүгээрээ ялгарах ёстой. Дэлхийн улс орнууд хотын иргэдийнхээ чадамжийг томьёолон гаргасан байдаг. Үүнийгээ ХОТЫН ИРГЭНИЙ СТАНДАРТ гэж нэрлэдэг. Дарханы иргэд 'ОЮУНЛАГ, АВЬЯАСЛАГ, СПОРТЛОГ' хөтөлбөр энэ хотын БРЭНД АМЬДРАЛ болж байна,

Аливаа улс нийслэлээс гадна хөгжлийн дагуул хоттой байдаг. Хятадын хувьд Шанхай, Орост Санкт-Петербург бол Монголынх Дархан байх ёстой. Учир нь Дарханааас 200 км радиуст монголын хүн амын 60-70 хувь оршин сууж байгаа тооцоо бий. Тиймдээ ч Арьс ширний, Төмөрлөгийн үйлдвэрийн цогцолборуудыг бий болгож байна.

МУ-ын Засгийн газар Дархан хотыг /2035 он хүртлэх ерөнхий төлөвлөгөө/ “Үйлдвэр, технологийн хөгжлийн загвар хот” болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Шинэ мянганы ШИНЭ ДАРХАН хот-ын ИРЭЭДҮЙН ӨНГӨ ийм байна.

"Хэрэв хүн бүхэн хийж чаддаг бүхнээ, өөртөө оногдсон хэсэгхэн газар дээрээ ч гэсэн сайн хийж чадаад байвал манай дэлхий юутай сайхан байх билээ.." гэж А.Чехов нэгэнтээ өгүүлсэн бий. Юутай үнэн үг вэ?

"...Ханийн сайн найрсан цуглаж Хамтран бүтээж амьдран суусан Нарлаг монголын энэ хотыг найрамдлын Дархан гэдэг юм"

Би Дархандаа хайртай ..би Дарханы иргэн 

Дархан хотын МХЗЭ-ийн хорооны Үзэл суртлын хэлтсийн зааварлагч, Дархан-Уул аймгийн Боловсрол Соёл Урлагийн Газрын дарга асан

Дархан хотын иргэн Р. БАТЖАРГАЛ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
729   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan