Лхагва 2019-01-02 Дархан
My Darkhan   2021-05-24

"ДАРХАН ХОТЫН ЗАЛУУЧУУДЫН НЭР ТӨРИЙН 10 ЗАРЧИМ"

"Саарал шинелээ тайлаагүй буурал найз минь хаана явна, Дархан хотын барилга дээр үү торгон хилийн зааг дээр үү..." гэх дууг залгаад "Улаан туг залуучууд хоёр ихэр юм..уралдаан ялалт хоёрын нөхөр юм..." гэж залган дуулж тэр үеийн 18 аймгийн илгээлтийн эзэд шилдэг залуучууд, тухайн үеийн ЗХУ Болгар Унгар, Польш, Чехословак ах дүү социалист орнуудын залуучууд ирж төрөлх Дархан хотыг минь барьж байгуулсаныг бид сайн мэднэ...

Саяхан хойд Америкт хийсэн судлаачийн судалгаагаар хот хэчнээн царайлаг, өнгөлөг байна тэр хэмжээгээр залуучууд ирдэг, амьдардаг, үлддэг гэсэн судалгаа гарчээ. Залуу хүмүүс өнгөлөг байх байдал буюу сонирхолтой нь нийцэхээр л тэрэнтэйгээ илүү наалдаж уялддаг. Тухайлбал, олон нийтийн сүлжээгээр хүмүүс грүпп үүсгээд өөртэйгөө адил хүмүүстэй ойртож, харилцдаг. Үүнтэй яг ижилхэн, аль болох өнгөлөг байх тусам залуучууд идэвхжиж байдаг байна.

Дархан хотоо өнгөлөг байлгах талаар тэр үеийн хотын нам төрийн удирдлагууд ихэд анхаарч залуучууд руугаа материаллаг зүйлсийн зэрэгцээ оюун соёлын олон арга хэмжээ авч байсныг нэг нь 1980 аад оноос эхэлсэн "Дарханы залуучуудын баримтлах нэр төрийн 10 зарчим"-ыг гаргаж залуучууд нь амьдралынхаа хэвшил болгож байсныг миний бие залуучуудын байгууллагын удирдагч /Дархан хотын Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хороо/ явсаны хувьд сайн мэдэх юм. Сар бүр заавал кино театрт кино үзнэ, шинэ ном уншина, лекц сонсголд сууна, Ленинч шүүлэг өгнө одоогийнхоор бол ажилтнуудын мэдлэг чадварт ахицын үнэлгээ хийж байгаа юм л даа, нийтийн 10 бүжгийг (өнөөдрийн одуудтай бүжиглэе шоу шиг) заавал сурч бүжиглэдэг байна, автобус дэлгүүрт очер дугаарлана, шинэ бүтээл оновчтой санаачлага /ШБОС/ гаргана, үйлдвэр завод бүр 'Залуучуудын гавшгайч хөдөлмөрийн баригад, тэр үед 30 гаруй ЗГБ байсан, 'Дайчин нөхрийн төлөө хөдөлгөөн, ,Оюутны интернационалч хөдөлмөрийн отряд, байгуулж бүр Улан-Үд хотод ажиллана гээд хөдөлмөрийн олон бригад аян өрнүүлнэ. /Одоо энэ Тавхайн Сугар гээд зорчигч тээврийн гавшгай бригадын ахлагч байж л байна/ үйлдвэр албан байгууллага бүр заавал цахилгаан хөгжмийн болон нийтийн цэнгээнт бүжгийн хамтлагуудтай болсон байна, улс төрийн дууны хамтлага байгуулбал бүүр сайн. /Тэр үед Керамзитын заводын дэргэд О.Сандагсүрэн ахлагчтай хамтлага байж түүний нэг гишүүн н.Амаржаргал одоо 22-р цэцэрлэгт багшилж явна/ гээд сайхан уламжлалт ажлууд олон байсан. Үйлдвэр байгууллагын нам, захиргааны дарга нар хөрөнгө мөнгийг гаргаж эвлэлийн хорооны дарга нь зохион байгуулж бүгд л цахилгаан хөгжмийн хамтлагтай, болж билээ, одооч түүний нэг 'Мөнгөн харш' хамтлаг /БҮК байшин үйлдвэрлэх комбинатын/ дуулсаар л явна

Тэр үед жил бүр Хотын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооноос ажилчин залуучуудын дунд АСТ /авхаалж сэргэлэнчүүдийн тэмцээн/, нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээнийг спорт ордонд зохион байгуулна үнэхээр хотоороо бэлдэнэ, үзнэ, яг үнэндээ өнөөдрийн та бүхний үзэж жаргаж суугаа бүжгийн урлаг Дарханаас ЭХЛЭЛТЭЙ шүү. Монголын олон хамтлаг энэ хотоос л төрсөн 'Одуудтай бүжиглэе шоу'-ны мэргэжлийн 5 бүжигчин Дарханы залуус байна! Нандин-Эрдэнээс эхлээд ..за бас ҮДШИЙН ЦЭНГҮҮН гэж нэг гоё юм бий, өнөөдрийн том том шоу цэнгүүнүүд үнэндээ 'ДАРХАНЫ СОЁЛ' юм шүү дээ. Энэ маргаангүй үнэн. Үүх түүх нь Дархан хотын нам залуучуудын байгууллагаас тус хотыг барьж босгож яваа Орос, Чех, Польш, Унгар Болгарын ард түмэн залуучуудын туршлага, соёл бүр ахуйн соёлоос суралцая' гэдэг бодлогыг гаргаж нэвтрүүлсний нэг нь европын эдгээр орнуудад байдаг гудамжны карнавал, шоу, баярын жагсаал соёл манайд Дарханд орж тэгж Үдшийн цэнгүүн үүсч цааш нэвтэрсэн юм.

Ямар сайндаа л Зөвлөлтийн эстрадын алдарт дуучин Валерий Леонтив /1988 он/ Дарханд ирж тэр үеийн ЗХУ-ын БХЛКЗХ /Бүх Холбоотын Ленины Коммунист Залуучуудын Хороо/, МХЗЭХороо

/Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хороо/ -ны хамтын ажиллагааны шугамаар Ухуулга сурталчилгааны галт тэрэг Агетпоезд гэдэг аян юм даа. Дарханд ирж Залуучууд театрын өмнө тэнгэрт тултал хөгжим аппаратур өсгөгч өрж бараг 5 цагийн тоглож хийж билээ. Тэгээд Леонтив 5 дуу дуулаад шүршүүрт ордог гэнэ, манайд ямар юмных нь шүршүүр байх вэ дээ?. Эвлэлийн хорооны 2-р нарийн бичгийн дарга Л.Гүнчин дарга театрын арын нэг өрөөг бэлтгэж бас бие угаагч хүртэл бэлдсэн байдгиймаа, нэг аргалсан билээ, одоо бодохноо бас сэргэлэн нөхөр байжээ, нөгөө хотынхоо залуучуудын нэр төрийн зарчмаа ч аварч байж дээ (хэхэ)

Бүүр нэг чухал нь 'Дарханы сайхан бүсгүй' тэмцээн 1989 онд болж Дарханы намын хорооны гуанзны тогооч Дэлгэрмаа гэдэг эмэгтэй тэргүүн байранд орж тэмцээнийг үзэж чадаагүй залуучууд театрын гадна хээрийн цэцэг бариад зогсож байсан түүх бий. Миссийн анхны титмийг зэсээр урласан нь одоо ч аймгийн музейд байдаг. Энэ тэмцээн Монголд анхдагч төдийгүй одоогийн 'Монголын мисс, Дэлхийн мисс' тэмцээнд монгол хүн оролцох үүд хаалгыг Дарханчууд л нээсэн, дэлхийн Мисс-д оролцогчдоос Дарханы бүсгүйчүүд олон байдаг: Бадамцэцэг, Энхжин Хонгорзул гээд өөр хэн хэн билээ дээ?... 

Дарханыг МИСС-ийн хот гэж нэрлэдэг ийм л түүхтэй. Энэ тухай дараа дагнан бичнээ. Бас намайг 'Мисс Батжаа" гэнэ... за тэр яахав ард түмний өгсөн нэр...

Үүнийг бичиглэгч би бээр эндээс нэг л зүйлийг хараач гэж хэлэх гэсэн юм. Үе үед залуусын хамтарч ажиллах нийтлэг үнэт зүйлс гэж байдаг, түүнийг нь хэрхэн олж тодорхойлох уу? Үүнд төр засаг нь яаж туслах уу хэрхэн хамтарч бий болгох уу? Энэ л асуудал юм!

Тэр үеийн Дархан хотын залуусын хамтарч ажиллах тэднийг холбох нийтлэг ҮНЭТ ЗҮЙЛС дээр бичсэн зүйлс байжээ..

Харин өнөө цагийн Дарханы залуучуудын дунд хамтарч ажиллах тэднийг холбох шинэ нийтлэг ҮНЭТ ЗҮЙЛ-сийг ШИНЭ -ээр ӨӨР -өөр тодорхойлох хэрэгтэй болж байна.

Дэлхийн улс орнуудад “ЗАЛУУС”-ын гэх тотодголтой хотууд байдаг. Тэдний үнэт зүйлс нь Джитал цахим хэрэглээ соёл Хот нь Ухаалаг хот/smart city/ байдаг. Учирнь түүний гол хэрэглэгч хөгжүүлэгч түгээч нь ЗАЛУУЧУУД юм.

Нийтлэг үнэт зүйлээ олсон залуус жинхэнээсээ гар нийлэн ажилладаг. Үнэт зүйлсийнхээ төлөө юу хийх ёстойгоо ч тэд өөрсдөө олно Хүмүүс хотыг бий болгодог, хот нь иргэдийг бий болгодог гэдэг нь энэ юм.

БАЯРЛАЛАА...  

Дархан хотын МХЗЭ-ийн хорооны Үзэл суртлын хэлтсийн зааварлагч, Дархан-Уул аймгийн Боловсрол Соёл Урлагийн Газрын дарга асан, Дархан хотын иргэн Р. БАТЖАРГАЛ

/Үргэлжлэл нь дараагийн дугаарт/

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Ганаа (127.0.0.1)
    Яадын
    2021 оны 05 сарын 29 | Хариулах
  • Ганаа (127.0.0.1)
    Яахнав
    2021 оны 05 сарын 29 | Хариулах
  • Ганаа (127.0.0.1)
    Энэ сайт сүйрчээ. Анх сүр сүр юм ярьж гарч ирсэн дээ хөөрхий
    2021 оны 05 сарын 29 | Хариулах
528   3
НИЙТЭЛСЭН: MyDarkhan