Лхагва 2019-01-02 Дархан
Амсхийх зуур   2022-06-27

БИД АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭХ АЖИЛ ЭРХЭЛДЭГ

 Үндэсний Соёл амралтын хүрээлэнгийн Аюулгүй ажиллагаа, Хөдөлмөр хамгааллын инженер, Дархан хотын соёл амралтын хүрээлэн ОНӨААТҮГ-ийн зөвлөх Ц.БААТАРСҮРЭН:

Түүнийг амралтын өдрүүдээр Дархан хотын соёл амралтын хүрээлэнд ажиллахаар ирсэн байхад нь хэсэгхэн хором уулзаж, ярилцсан юм.

Паркийн тоглоомууд өөр өөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаатай байдаг. Жишээ нь, алсыг харагчид зорчигчдыг суулгахдаа жинг тэнцүүлэх шаардлагатай байдаг бол зарим тоглоом өндрийн хязгаар заадаг. Гэвч, харамсалтай нь үүнийг зарим үйлчлүүлэгч ойлгохгүй, дураараа аашлах явдал гарах юм. Та энэ талаар болон бусад анхаарах зүйлсийн талаар хэлж өгөөч? 

- Жишээ нь, алсыг харагч бол тэнхлэг дээр суурилсан тоглоом. Дүүжин даажингийн зарчмаар ажилладаг. Хэрэв хүмүүсээ нэг талд нь жин хэтрүүлээд суулгачихвал нөгөө тал нь хөнгөдөөд хөдлөхгүй. Тиймээс жинг анхаарахгүй байж болохгүй. Сая би алсыг харагч дээр ажиллаж байхдаа яг чиний асуусныг анзаарлаа. Өөрсдийнх нь үр хүүхдүүдийн аюулгүй байдлын төлөө зааварчилгаа өгч байгаа хүмүүсийн үгийг дагаж, ойлгож хүндлээрэй л гэж хэлмээр байна. Тэд таньд төвөг удах гэж, дур мэдэн шаардлага тавиагүй шүү дээ. Тухайн тоглоом дээр насны хязгаар, биеийн жин, өндрийг заасан л бол заавал сахиж биелүүлэх ёстой. Биеийнх нь өндөр хүрэхгүй байхад л хүүхдээ хүчээр суулгана гэх эцэг эх байх юм. Ингэж болохгүй л дээ. Аав, ээжүүд үр хүүхэддээ хайртай болохоор л парк дээр тоглуулж байгаа. Тэгвэл хүүхдүүдийнх нь эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө анхааруулж хэлж байгааг ч бас тоохгүй орхиж болохгүй ээ.

Дарханы паркийн хамт олонтой ажиллах таньд ямар санагдав?

- Миний харж байгаагаар танай Дарханы паркийн хамт олон бол маш хичээл зүтгэлтэй, аюулгүй ажиллагааг нэгдүгээрт тавьдаг хамт олон юм билээ. Сургалтуудыг ч маш сайн авсан. Аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж юу юунаас илүү анхаарч ажиллаж байгааг нь хараад би бахархдаг. Монголд нийт 11 парк байдаг юм. Би нэгээс бусдад нь очиж, зааварчилгаа, сургалт өгч байсан. Аюулгүй байдлыг бүүр анхаарахгүй орхичихсон, ХАБЭАн инженер ч үгүй хэцүүхэн газрууд олон бий. Тэгэхэд танай паркийнхан бол маш хариуцлагатай. Улаанбаатараас бүхэл бүтэн баг урьж авчираад, засвар үйлчилгээндээ өдөр тутам анхаарч, хяналт тавьж байгааг нь хөндлөнгөөс харахад надад таатай сайхан байдаг. Тиймээс, эдгээр хүмүүсийн санамж, зааварчилгааг дарханчууд дагаж байх хэрэгтэй.

Дарханы парк үйл ажиллагаагаа эхлүүлсэн талаар сонсох, бас таньд зөвлөхөөр ажиллах санал тавихад ямар санагдаж байсан бэ?

- Би Сэлэнгэ явахдаа ч юмуу, ер нь Дарханаар дайрч гарахдаа дандаа л анхаарч хардаг байсан. Их сайхан том талбайтай юм, тохижуулбал гоё болно доо гэж боддог байлаа. Ноднин хүмүүс ирж уулзаад, энэ жилээс хамтран ажиллах болоход, юм хийчихье, бүтээчихье гэсэн эвсэг хамт олонтойг мэдээд их баярласан. Дунд нь орж ажиллаад, ийм хамт олон, бас гоё тоноглол, тоглоомууд нийлээд сайн хоршил юм даа гэж бодогдсон. Ер нь танай тоглоомууд дандаа 20172019 оных, сүүлийн үеийн тоглоомууд шүү дээ. Тэгэхээр давуу тал их. Паркийн хамт олон, удирдлагуудынх нь хэцүүг ч болгочих юмсан, бүтээчих юмсан гэсэн оргилуун сэтгэл, зөв хандлага үнэхээр сайхан байна. Надад мэдрэгддэг юм. Ёстой, үнэгүй ч хамаагүй туслаад, чадах мэдэх бүхнээ хэлээд өгчих юмсан гэж боддог доо. Цаашид эдгээр давуу талуудаа ашиглаад, сэтгээд хийж бүтээвэл бүр илүү гоё болно.

Та энэ салбарт хичнээн жил ажиллаж байгаа вэ?

- Би яг 12 жил хүүхдийн тоглоом тоноглол, түүний аюулгүй байдал, төхөөрөмжийн бүтэц зохион байгуулалтын талбарт ажиллаж байна. Ер нь ажил гэхээсээ өөрийн хоббигоо болгосон хүн л дээ. Монголдоо Ховдын паркаас бусдад нь очсон. Энэ жил тэнд очино гэж төлөвлөөд байгаа. Хятадын паркуудаар ихэнхээр нь явсан. “Дисней Лэнд”ийг ч судалсан. Ерөөсөө парк миний амьдралын нэгэн хэсэг болж, өөрийгөө хүүхдийн тоглоомгүйгээр төсөөлдөггүй хүн /инээв/. Цаашид Монголдоо Хүүхдийн паркуудын холбоог байгуулж, энэ салбарт, ялангуйяа атракцион /хөдөлгөөнт/ тоглоомуудын улсын стандартыг бий болгочих юмсан гэж боддог. Хэрэв, стандарттай болчихвол бид ингэж тойрч явах, очиж хурал цуглаан, сургалт хийгээд байх шаардлагагүй болно. Тэгвэл мөн ч их хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэнэ дээ.

Та жаахан байхдаа Улаанбаатарын Хүүхдийн паркад тоглож л байсан байх. Тэр үедээ паркийн мэргэжилтэн болно гэж ер нь бодож, мөрөөдөж байв уу?

- Паркд тоглоно гэдэг бидний үеийн хүүхдүүдийн хамгийн том мөрөөдөл байлаа шүү дээ. Манай ангийн нэг охины ээж нь Улаанбаатарын хүүхдийн паркд ажилладаг байсан юм. Тэр охин ээжийнхээ ажлын тухай маш их бахархалтайгаар ярьдаг байв. Бид ч ангийн охиноосоо тоглуулаад өгөөч гээд л үргэлж гуйдаг байлаа. Тэгж нэлээн гуйлгаж байж нэг өдөр биднийг бүгдийг нь аваачиж, алсыг харагчинд суулгаж байсныг мартагддаггүй юм. Бусдаар бол хүүхдийн баяраар л жилдээ нэг сайн тоглодог байсан даа. Паркад ажиллана гэдэг хүмүүст баяр баяслыг бэлэглэдэг онцгой сайхан ажил. Тиймээс ч бид баяр баясал түгээх ажил хийдэг хүмүүс гэж өөрсдийгөө хэлэх дуртай байдаг юм. Тоглоом дээр тоглочихоод инээд алдан гарч байгаа хүүхдүүдийг харах ямар сайхан гээч... Ерөөсөө паркад ирэхээр, хүүхдүүдийн гол зорилго нь зөвхөн л тоглох болчихдог. Тэр зорилгоо биелүүлчихээд, баяр хөөрөөр дүүрэн аав ээжтэйгээ явж байгаа хүүхдүүд бол бидний ажлын үр дүн юм даа.

Нээрээ тийм шүү. Паркаар яваа хүмүүс бүгд аз жаргалтай байдаг...

- Тийм ээ. Тиймээс л аз жаргал түгээх ажил эрхэлдэг гэж өөрсдийгөө хэлээд байгаа юм. Дарханы парк маань улам өргөжиж, илүү сайхан болж, зөвхөн тоглох биш бүх хүмүүсийн ирэх дуртай орчин болж хөгжих байх. Нэг буланд нь хөгшчүүл алхаж, хөнгөн вальс эргэж байхад нөгөө талд нь залуучууд сагс, волейбол тоглож, экстрем спортоор хичээллэж, амьд хөгжмийн тоглолт үзэж, зарим газар нь хүмүүс кофе шопд ярилцаад сууж байдаг болбол гоё. Олон улсын зам дагуух ашигтай байрлалаа ашиглаад илүү сайхан болно бай. Баяр баяслыг хүмүүст өгөх Дарханы шинэхэн паркын ажилд гар бие оролцож байгаадаа би үнэхээр бахархалтай байгаа.

Баярлалаа таньд. Улам ихийг хийж бүтээгээрэй.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
396   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan