Лхагва 2019-01-02 Дархан
FOCUS Cafe   2019-08-25

ТЕАТРТ АМЬДРАХЫН ТУЛД АЖИЛЛАДАГГҮЙ...

Дархан хот “Залуучууд” театр, түүний авъяаслаг уран бүтээлчдээрээ гоёж, харин театр нь залуусын гэгдэх Дархан хотоороо овоглоод даруй 40 гаруй жилийг үджээ. Энэ нь дэлхийн театрын түүхтэй харьцуулахад ахархан хугацаа хэдий ч, туулж өнгөрүүлсэн он жилүүд, сэтгэлээ чилээж, авъяасаа хөглөн, хөдөлмөрөө зориулж явсан гайхалтай уран бүтээлчид, сэргэн мандаж, унан мөлхөж, сэхээрч боссон 40 намрын түүхийг өгүүлэхүйд тийм ч бага бус хугацаа.
“Залуучууд” театрын тулгын чулууг тавилцаж, амьдрал, уран бүтээл, сэтгэл зүрхээ харамгүй зориулж явсан олон алдартнууд маань одоо ч энэ л театртаа туурвисаар байна. Тэдний нэг МУСТА, найруулагч, жүжигчин, “Залуучууд” театрын “амьд түүх” М.Цогттой уулзаж ярилцлаа.  

ТЕАТР ГЭХ ҮГ ЯМАР УТГЫГ ИЛЭРХИЙЛДЭГ ЮМ БЭ?

- Үүнийг жирийн үзэгч байтугай энэ тогоонд олон жил ажиллаж байгаа хүмүүс ч өрөөсгөлөөр ойлгох нь бий. Эртний Грекээс гаралтай энэ үгийг үзвэрийн газар гэж орчуулдаг. Гэхдээ театр гэдэг зөвхөн барилга, байшин сав биш юм. Ингэж ойлговол хэтэрхий өрөөсгөл болно. Харин энэ агуулгад хэн нэгний бичсэн зохиол, бодсон санаа, үзүүлэх гэсэн хөтөлбөр, үгсэн тохирсон яриа зэргийг, тодорхой авъяас чадвар бүхий хэсэг бүлэг хүмүүс нийлж, тусгай эд хэрэглэл, арга хэрэгслийг ашиглан үзвэр болгон, урдаа суугаа хүмүүст амьдаар хүргэдэг үзвэрийн газар гэсэн цогц утга багтана.

ТЭГВЭЛ ТЕАТР ОРШИН ТОГТНОХЫН ҮНДСЭН ЗОРИЛГО НЬ ЮУ ЮМ БОЛ?

- Янз бүрээр хэлэх нь бий. Нарийндаа нэг л зорилготой. Тэр нь соён гэгээрүүлэх. Харин энэ үүргээ өөр өөр аргаар хэрэгжүүлж болно. Тухайлбал мэдрүүлэх буюу үзээд уйлах, уярах, өөрт тохиолдсон мэт хүлээж авах, мөн ухуулах буюу юуг зөв, юуг буруу болохыг ухааруулах гэх мэт. Ерөнхийдөө юуны төлөө, яаж амьдрах ёстой вэ гэдгийг ойлгуулах ёстой болохоос бус зүгээр л чөлөөт цагийг хөгжилтэй өнгөрүүлж баясгах орчин биш юм. Орчин үед ийм хэрэгцээг хангах телевиз, радио, интернет гэх мэт зүйлс олон болсон. Харин театр ийм байж болохгүй. Түүнд өөрийн ариун үүрэг бий. Нэг хэсэг театрыг индэр байх ёсгүй гэж шүүмжилсэн. Угтаа бол индэр юм. Гэхдээ улс төрийн, үзэл суртлын, хэн нэгний эрх ашгийн индэр бишээ. Харин, багш хүмүүст сургадагтай адилхан, театр заах, сургах, ухаарал өгөхийн төлөө байх ёстой. Үеийн үед ийм л индэр байх учиртай.

СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ЭНЭ АРИУН ҮҮРГИЙГ БИЕЛҮҮЛЭГЧ УРАН БҮТЭЭЛЧДИЙГ ЦАГ ҮЕЭСЭЭ ТҮРҮҮЛСЭН ХҮМҮҮС ГЭДЭГ?

- Зөвхөн театрынхан ч бус өөрийгөө уран бүтээлч гэж боддог бүх хүмүүс хамгийн түрүүнд иргэн байх ёстой юм. Өөрөө иргэн болж төлөвшөөгүй байж хэнд юуг хэлж чадах билээ. Санаа зовнидог зүйлтэй, алсыг харсан бодолтой байж гэмээнэ уран бүтээлийг үзэгчдэд, олон нийтэд хүргэнэ. Ер нь үзэгчдээ дагаж уран бүтээл хийж байгаа театр, уран бүтээлч гавихгүй. Зөвхөн таалагдахын тулд л хийж байвал цаг хугацааны шалгуурт унана. Харин жинхэнэ сэтгэл, сэтгэлгээгээрээ туурвиж гэмээнэ мөнхөд орших бүтээлийг урлах болно.

ТА БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУД ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭРЭЛТ, ХЭРЭГЦЭЭНД ТААРУУЛЖ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭДЭГ БОЛ ХАРИН ТЕАТР ЮУ ХҮСЧ БАЙГААГАА ҮЗЭГЧДЭД ХҮРГЭХ ЁСТОЙ ГЭЖ ХЭЛЭХ ГЭЭД БАЙНА УУ?

- Тэгж ойлгож болно. Театрын урын сангийн бодлого гэж бий. Тэр нь нийгмийн цаг хугацаанаас арай урд гишгэж, хэлэх гэсэн санаагаа түрүүлж олж, урьдчилан хэлж байх ёстой юм. Анзаараад үзээрэй. Олон улсын томоохон уралдаануудын шалгаруулалтад тэргүүн байр эзэлсэн бүтээлүүд ихэвчлэн сэтгэлгээний хувьд түрүүлж харсан, ёс зүй, уран зөгнөл, хэтрүүлэг гэх мэтийг илэрхийлсэн бүтээлүүд байх нь бий. Өөрөөр хэлбэл урьдчилан сануулсан, анхааруулсан шинжтэй байдаг. Энэ маш чухал. Ингэж харж чадахгүй бол театр зүгээр л нэг бизнесийн байгууллага болж хувирна.

ОРОН НУТГИЙН ТЕАТР ГЭХЭЭР МЭДЭЭЖ БАЙРШИЛ, ҮЗЭГЧДИЙН ТОО, ХҮРТЭЭМЖ ЗЭРГИЙГ ХАМААРУУЛАН ХЭЛЖ БАЙГАА БАЙХ. АЛЬ ЭСВЭЛ ЭНД ЧАНАРЫН ЯМАР НЭГЭН ЯЛГАА БАЙНА УУ?

- Үгүй дээ. Уран бүтээлийн чанарын хувьд илүү юу гэхээс ер дутах юм байхгүй. Энэ ерөөсөө төр засгийн бодлогын завхрал. Төр засаг маань урлагаа мэдэхгүй, дэмждэггүйн нэг жишээ. Хөдөөгийн, төвийн гэж нэрлэх, ялгаа гаргах ер нь ямар ашигтай байгаа юм. Би л лав урлагийн тогоонд 40 гаруй жил байхдаа үүний учрыг ойлгосонгүй. Харин сөрөг талыг нь сайн мэднэ шүү. Төвийнхөн хөдөөгийнхнөөс илүү цалин авдаг. Адилхан сургууль төгсөж, адилхан л ажил хийж байгаа хүмүүс. Дорд үзэж байгаа хэрэг. Тэр тусмаа орон нутагт ажиллан, хөдөөгийн ард түмэнд үйлчилж байгаа нь уг нь гавъяа. Илүү цалин хангамж өгч, дэмжиж, урамшуулах ёстой. Тэгсэн атлаа улсын чанартай уралдаан тэмцээн болохоор яг адилхан шалгуур үзүүлэлт тавина. Миний байнга маргалддаг юм энэ. Ижил бус гараатай хэрнээ бариа нь ижилхэн. Элбэг төсөв бүхий цатгалан морьдтой тарчиг зутруухан уралдаж байгаатай яг адил. Энийг завхрал гэж хэлэхээс өөр арга алга даа. Адилхан л театр. Ялгаа гаргах ёсгүй. Хэрэв ялгаа гаргамаар байгаа бол орон нутгийнхаа театрыг дэмжсэн бодлого байх ёстой.

“ЗАЛУУЧУУДЫН” ГЭДЭГ НЭРТЭЙ БОЛЖ, ТЭР НЬ ТЕАТРЫН УРАН БҮТЭЭЛИЙН БОДЛОГОД ТУСЧ “МАНДАЖ” БАЙСАН ТЭР ҮЕД ОРОН НУТГИЙН ГЭХ ЭНЭ ТОДОТГОЛ ЯМАР БАЙСАН ЮМ БОЛ?

- Байж л байсан л даа. “Залуучуудын” гэх энэ тодотгол биднийг чиглүүлж байсан юм шүү. Залуу хот, дөнгөж байгуулагдаад хүн амын дийлэнх нь гучаад насныхан байлаа. Тэр үед төрж байсан хүүхдүүд одоо 50 гарч байна гэхээр яах аргагүй залуу хот. Энэ хотод зөвхөн концерт тоглоод байвал жүжиг хүснэ, жүжиглээд л байвал концерт хүснэ биз дээ. Цаана нь эстрад, дуурь, бүжгэн жүжиг гээд олон төрөл бий. Бид аль болох бүх төрлөөр тоглохсон гэж боддог. Тэр үед манай театр яагаад тэгж “мандсан” гэж бодож байна?? Яагаад гэхээр ирсэн хүн бүрийг зөвхөн ажлаа, уран бүтээлдээ анхаарах бүх нөхцлөөр нь хангаж байсан юм шүү дээ. Анхны бүжгийн чуулгынхан төгсөнгүүтээ ангиараа багштайгаа ирж, тэд анхны орчин үеийн бүжгийг Монголд бий болгож байлаа. Орон нутагт ажиллахаар ирэхэд нь бүх юмыг нь бэлдээд, баярлан угтан авч байсан юм. Гэтэл одоо хэн ирж, юу болж байгааг ч мэдэж байгаа юм алга. Саяхан манайх дэлхийн хэмжээний хоёр уралдааны шагналт дуучинтай боллоо. Тайзнаа гараад дуулахад нь тоож байгаа ч хүн алга, мэдэж байгаа ч юм алга. Ийм л болчихоод байна.

ТА “ЗАЛУУЧУУД” ТЕАТРЫН ҮНЭТ ЗҮЙЛ, АЛДАР ГАВЪЯАГ ХЭРХЭН ҮНЭЛЖ, ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ?

- Театр бол зүгээр л ажиллаж цалин авдаг газар бишээ. Энд амьдрахын тулд ажиллаж болохгүй. Харин амьд байлгахын төлөө хүчин зүтгэх ёстой юм. Театрыг ариун сүм гэдэг. Яагаад гээч? Сүмд лам нар бусдын хойчийн сайн сайхны төлөө илүүг харалгүй ажилладагтай адил, театрын уран бүтээлчид, ажилтан албан хаагчид бүгд бусдын сайн сайхны төлөө театрыг амьд байлгахаар ажиллаж байгаа юм. Тийм л уран бүтээлчид дээр театр оршин тогтнодог. Харин “амьд байна” гэдэг нь өнөөдөртэйгөө хөл зэрэгцээд хоцрогдохгүй явна гэсэн үг. Театрын бодлого ерөнхий найруулагч, уран сайхны удирдагчаасаа ихээхэн хамаардаг. Энэ хугацаанд энэ ажлыг хийж ирсэн миний хувьд, бид театрын ёс, дүрмийг баримтлан, өөрийн онцгой ёс зүй, этиктэй урлагийн төлөө зүтгэсэн. Урлагийн ариун сүмийн үйл хэргийг тэр хэвээр нь үргэлжлүүлж, нэр төртэйгөөр хүлээсэн үүргээ биелүүлж байна гэдгээ бардмаар хэлэх байна. “Залуучууд” театр шинэ санаа, урлагийн шинэ төрлүүд, авторууд, анхдагчдыг Монголын урлагт төрүүлэн гаргасан онцгой гавъяатай. Цөөн хэдээс нь дурьдвал Монголын анхны үндэсний бүжгэн жүжиг “Хараагийн дагина”, өөр өнцгөөс өөрчлөн И.Нямгаваа найруулагчийн найруулсан орчин үеийн /модерн гэдэг үгийг тэр үед хэрэглэдэггүй байлаа/ олон жүжиг, Монголын анхны орчин үеийн бүжгийн “Залуус” чуулга,  орон нутагт анх удаагаа тавьсан “Чеполлино”, “Ромео Жульетта” зэрэг сонгодог болон модерн балет, тайзны олон авторууд гэх зэргээр дурьдвал өнөөдөр та бид хоёрын цаг хүрэхгүй.

Бас манай театрынхан Оросын болон Дэлхийн сонгодог зохиолч В.Н.Гоголийн “Тоглоомчид”, Пьер Шеногийн “Бурхан өршөө”, Дарио Фо, Франко Раме нарын “Чөлөөт гэр бүл” зэрэг олон жүжгийг өөрсдөө орчуулан тавьсан. Бид их азтай. Тэр болгон театрын дарга урлаг судлаач, эрдэмтэн хүн байх нь ховор. Манай театр “Залуучууд” хэмээн нэрших болсон тэр үед даргаар С.Цэрэндорж гэх эрхэм ирж ажиллаж байсан юм. Соёлын яамны сайд байсан энэ хүн олон сайхан жүжгүүдийг орчуулан тайзнаа тавиулж, энэ нь уламжлал болж, одоо ч манайхан залгамжлан хийсээр байна. Миний бие ч хэд хэдэн жүжгийн зохиолыг орчуулж, тайзнаа тавьсан. Мөн “Дэлхийн улс орнуудын жүжгийн зохиол” нэртэй хоёр боть номыг гаргаад байна. Энэ бүхэн манай “Залуучууд” театрын Монголын тайзны урлагт оруулж буй маш том хувь нэмэр, алдар гавъяа маань юм.

ТЕАТР МААНЬ СЭРГЭН МАНДАЖ, УНАСАН БАС БОССОН...?

- Зах зээлийн шуурганд уруудаж явсан үеийг уналт гээд байх шиг. Би хувьдаа энэ шалтгаанаас болоогүй гэж боддог. Миний ам загатнаад байна /инээв/. Энэ тухай яръяа. Дэлхийн театрийн түүх 2500 жилийн настай. Түүнтэй харьцуулахад бид дөнгөн данган хөлд орж байна. Гэхдээ 40 жил гэдэг багагүй хугацаа. Олон уран бүтээл, олон сайхан уран бүтээлчдийг төрүүлсэн, ярих түүхтэй он жилүүд. Зах зээлийн шуурганд олон театр урлагийн байгууллага үүдээ хаалгаа барьж, уран бүтээлчдээ тарааж байхад бид ажиллаж л байсан. Нэг ч уран бүтээлч, нэг ч ажилтнаа халалгүй бүрэн бүрэлдэхүүнээрээ тэр он жилүүдийг давсан. Нөхцөл байдал хүнд байсан ч төвийн театруудтай өрсөлдөхүйц байж, уран бүтээлийн чанар чансаагаараа эхний байруудад одоо ч эрэмблэгдсээр байгаа.              

 Гэхдээ театрын даргыг олон удаа ойр ойрхон сольсон нь жинхэнэ завхрал болсон доо. Дарга олон солигдох тусам байгууллага эрчээ алддаг. Унадаг, биш болдог. Ер нь театрыг хэн ч хамаагүй удирдаж болохгүй. Монголчууд ардчилал гэж ярьж эхлээд тэр нь анархи болж, хэн ч юуг ч хийж болно гэсэн сэтгэлгээ нэг хэсэг газар авч байсан. Одоо ч энэ үзэгдэл байсаар байгаа. Урьд нь хүмүүс “энэ ажлыг би хийж чадах уу” гэж өөрийгөө цэгнэж, дарга гэдэг шалгуурт тэнцэх болов уу хэмээн боддог байв. Зүгээр л нэг би чадна, мэднэ гэсэн хэн нэгэн хийрхэгч хийчихдэг ажил байгаагүй юм. Гэтэл нэг хэсэг орон нутгийн театрын даргаар малын эмч, багш хүртэл очиж байлаа. Энэ завхрал үргэлжилсээр хэн хүссэн танилтай, сүйхээтэй нь дарга болдог маш буруу жишиг тогтсон. Цаашлаад намын харъяалалаар нэг дарга солигдоход л өөрийн хүнээ тавьж байна. Энэ маш муу үр дагавартай. Театрыг бусниулна. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр төр засгийн бодлогын буруугаас тэр “уналт” бий болсон. Түүнээс биш уран бүтээлчдээс болоогүй юм шүү. “Даргаар удирдуулсан театр сөнөдөг, найруулагчаар удирдуулсан театр сэргэдэг” гэж нэг үг бий. Энэ миний үг биш. Дэлхий нийт ингэж ярьдаг. Москва хотын Малый Драматический театр улсынхаа шилдгээр шалгарахад дарга нь “Би уран бүтээл туурвигчдынхаа зарц нь байсан тулдаа энэ шагналыг авлаа” гэж байсан гэдэг. Уг нь ийм л байх нь зөв. Даргын ажил уран бүтээлчдийнхээ ажиллах нөхцлийг хангаж, бүтээлээ туурвих боломжийг нь бүрдүүлж, бэлэн болсон бүтээлийг нь олон нийтэд хүргэхэд чиглэх ёстой.

ТЭГВЭЛ ОДООГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТА ХЭРХЭН ДҮГНЭХ ВЭ?

- Төдийлөн санасан хэмжээнд хүрэхгүй л байна. Энэ олон шалтгаантай. Хамгийн эхлээд мэдээж хөрөнгө мөнгө, санхүүтэй холбоотой. Гайгүй сайн бүтээл хиймээр байдаг. Гэтэл мөнгө нь хүрэхгүй. Жилд 50 орчим сая төгрөгийг уран бүтээл хийхэд төсөвлөдөг. Тэрийгээ 12 сардаа хуваагаад олгоно. Өнөөхийгөө бөөгнүүлэх гэсээр байтал асар их цаг хугацаа алдана. Ингээд л асуудал эхэлнэ шүү дээ. Арай гэж бөөгнүүлсэн мөнгөө цуглуулж аваад, хэмнэж гамнаад хямд төсөрхөн хэдэн юм аваад болгочихъёо гэхээр зах дээрээс 10.000 аар авчих юмыг заавал тамга тэмдэг, бичиг цаастай газраас ав гээд 15.000 аар авах жишээтэй. Тэгэхээр өнөө жаахан төсөв нь хүрэлцэхгүй. Ийм нэг бүгдийг урвуугаар нь эргүүлчихсэн юм шиг, бүх зүйл дээр хааж боох гээд байгаа юм шиг бодлого явагдаад байх юм. Энэ нь манайх шиг “мөнгө хийдэггүй” байгууллагад хар гай. За мөнгө санхүү одоо дүүрч гэхэд боловсон хүчний асуудал хамгийн хэцүү болоод байна.

Манайх шиг Соёлын яамгүй, бодлогоор боловсон хүчнээ бэлддэггүй, хэрэгцээгээ судалдаггүй, зохион байгуулалт байхгүй, зөнд нь орхичихсон ийм улс орон байдаг юм болов уу. Үнэндээ эмгэнэлтэй байна. Жишээ нь Бидний хайгаад, сураад, бараг “Улаан ном”-д оруулчихаад байсан хормейстр Улаанбаатарт өчнөөнөөрөө такси бариад явж байна. Тэд наашаа ирэхгүй. Гэтэл сайхан хормейстртэй театр дуучингүй байна. Болдогсон бол эднийг нийлүүлээд нэг сайхан театр босгохсон. Надад нэг мөрөөдөл байдаг юм. Орон нутгийн таван театрын уран бүтээлчдийг нийлүүлж байгаа нэг сайхан бүтээл хийх юмсан гэж. Манайд байхгүй, дутаад байгаа хөгжмийн өнгө тэнд, тэнд байхгүй дуучин манайд байна. Хачин сайхан уран бүтээл төрнө дөө.

Театр маань цагтаа 44 хүний бүрэлдэхүүнтэй бүжиг ангитай байлаа. Тэр бүтэц бүрэлдэхүүнээр олныг гайхшируулсан олон сайхан бүтээл төрүүлж байсан. Гэтэл одоо арваадхан бүжигчинтэй. Баахан хүүхнүүд. Эрчүүд нь “улаан номонд”. Тэгэхээр энэ бүхнийг бодлогоор зохицуулахгүй бол болохгүй нь. Биднийг “Чадвал амьдар, чадахгүй бол өөрөө мэд” гээд байх шиг. Ингэж болохгүй ээ.

ӨӨРСДӨӨ ӨӨРСДИЙГӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХ БОЛОМЖ БАЙХГҮЙ ГЭЖ ҮҮ?

- Байхгүй!!! Яагаад гээч. Театрыг үзвэр үзүүлдэг газар гэдэг өнгөц ойлголтоор “мөнгөний сав” болгож болохгүй. Энд зөвхөн урлагийн л төлөө ажиллах ёстой юм. Бид өөрсдөө өөрсдийгөө санхүүжүүлж ажиллах гэж үзсэн шүү дээ. Өрөө бүрээ түрээслэж, доод давхартаа дугуйлангууд хичээллүүлж, тайзан дээр нь хэн дуртай нь, юу ч хамаагүй хийгээд л... Бодлоготой, бодлогогүй, болох болохгүй юмыг сурталчилаад л. Мөнхийн гадны хүмүүс бужигнаж байсан. Ингэж мөнгө олоод амьдарч болж байлаа. Зөвхөн байшингаа “ажиллуулаад”. Гэтэл театр үгүй болж эхэлсэн. Уран бүтээлчдэд тайзан дээрээ гарах цаг хомсдож, өрөө тасалгаанууд нь олдохоо больж, яван явсаар ажиллах аргагүй болсон. Тиймээс өөрөө өөрийгөө санхүүжүүлнэ гэж ярьж ерөөсөө болохгүй. Тэр тусмаа хувьчилж бүр болохгүй.

Зөнд нь тавихаар хүүхэд, өсвөр үе маань үнэндээ хошин шоу л үзэж байна. Тиймээс системтэйгээр үзүүлж, театрт ирэх дуртай, сонгодог бүтээл үздэг, ойлгодог ирээдүйн үзэгчдээ одооноос бэлдэхгүй бол болохгүй нь.

ДАРХАН МААНЬ ЗАЛУУСЫН ХОТ, ЗАЛУУ Ч ХОТ. ЭНЭ ХОТЫН ИРГЭДИЙГ БЭЛТГЭХЭД ТЕАТР УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ ОРОЛЦОО ЧУХАЛ...

- Тийм ээ. Тийм ч учраас бид театр урлагийн бүх төрлөөр туурвиж, нийт уран бүтээлийнхээ 60-аас дээш хувийг хүүхэд залууст чиглэсэн байхыг хичээдэг. Хотын иргэдийг багаас нь хүмүүжүүлэхэд, зорилготойгоор сургахаас гадна, чихэнд нь сонсгож, нүдэнд нь үзүүлж гэмээнэ тэдний ухамсар, оюун санаанд нөлөөлнө. Хүүхдүүд эндээс боловсорч, мэдлэгтэй, мэдээлэлтэй болно. Манай Дархан чинь яахын аргагүй хот юм шүү дээ. Хотын соёлтой, хот газар. Хөдөөгийн ахуй, түүндээ тохирсон соёлтой байдаг бол хот газрын ахуй, соёл эрс ялгаатай. Тиймээс энд сэтгэлгээний асар их ялгаа бий. Хотын иргэдийг бэлтгэхэд театрын нөлөө их. Театрт ирдэг, уран бүтээлд дуртай, сонгодог урлагийг ойлгодог иргэдийг бэлтгэх нь тун чухал. Үнэндээ бид энэ соёлыг төлөвшүүлж, урлагаар дамжуулан бие хүнийг хөгжүүлэхийн тулд заримдаа “хүчилж” байна шүү дээ. Ингэхээс өөр гарц одоогоор алга. Боловсрол соёлын газартай хамтран бүх сургууль цэцэрлэгүүдийн хүүхэд багачуудад насны ангилалд нь тохирсон сонгодог бүтээлүүдийг үзүүлж байна. Ингэхгүй зөнд нь тавихаар хүүхэд, өсвөр үе маань үнэндээ хошин шоу л үзэж байна. Тиймээс системтэйгээр үзүүлж, театрт ирэх дуртай, сонгодог бүтээл үздэг, ойлгодог ирээдүйн үзэгчдээ одооноос бэлдэхгүй бол болохгүй нь.

Байнгын ажиллагаагүй, өөрийн гэсэн уран бүтээлгүй, хааяа нэг баярын хурал, ойн арга хэмжээ болж, бусад үед нь хоосон байснаас театр мөхдөг.

УУЧЛААРАЙ, ТАНААС ДАХИАД НЭГ ЭВГҮЙ ЗҮЙЛ АСУУХ НЬ. ҮЗВЭРИЙГ ХҮЧЭЭР ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ ТЕАТРЫН БОДЛОГО БУРУУ БАЙГААГИЙНХ ЮМ БОЛОВ УУ? ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ САЙН БҮТЭЭЛ ХИЙГЭЭД БАЙГАА ХЭДИЙ Ч ТҮҮНИЙГЭЭ ҮЗЭГЧИДДЭЭ ХҮРГЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА УУ?   

- Гоё асуулт. Өнгөц бодоход тийм. Урьд нь 800 суудалтай элбэг дүүрдэг байсан зритель одоо 600 гаруйхан суудалтай байж хүчээр дүүрч байна гэх байх. Бид өмнө билет “шахдаггүй”, кассаараа л дуусдаг байсан. Тэгвэл энэ юунд байна? Бидний бүтээл муу байна уу? Ингэж бодохоор биднийг урлагийн мундагууд өндрөөр үнэлж, өөр хаа нэгтээ Улаанбаатар, Улан-Үд, Эрдэнэтэд очиход халуун дотно хүлээн авч, зритель дүүрэн, нижигнэтэл алга ташиж, дахин дахин дахиулж баяр хүргэж байна. Тэгэхээр уран бүтээлийн чанар, уран бүтээлчдэд дутуу юм алгаа. Тэгвэл үзвэр үзүүлэх бодлогод байна уу? Би хувьдаа ингэж дүгнээд байгаа. Хоол идчихсэн цатгалан сэтгэхүйд хичнээн ч сайхан хоолыг өгөхөд идэх дур хүрэхгүй дээ. Яг л ийм зүйл манайд болоод байна. Ер нь театраа дэмжие, өөрийнхийгөө үзэе гэх үзэгч тун цөөхөн шүү. Тиймээс бид бага багаар, хүчээр юм шиг боловч ирээдүйн ухамсартай иргэд, өөрсдийн үзэгчдийг бэлтгэхэд анхаарах хэрэгтэй байна. “Залуучууд” театрыг зорих үзэгчдийнхээ мөрийг алдахгүй байх ёстой. Хаана театр хаагддаг вэ гээч... Байнгын ажиллагаагүй, өөрийн гэсэн уран бүтээлгүй, хааяа нэг баярын хурал, ойн арга хэмжээ болж, бусад үед нь хоосон байснаас театр мөхдөг. Ийм жишээ олон. Нэгэнт үзэгчгүй болсон театрт хачин гоё тоглолт ирээд ч хүмүүс зүглэхээ больсон байдаг даа.

ТА ТЕАТРААС ХОЁР Ч УДАА ХӨӨГДӨЖ, БАС ЭРГЭН ОРЖ БАЙСАН ГЭДЭГ..?

- Дарга нар ирээд дүрмийн бус загнаад, сахилгагүйтээд байхаар нь тэсдэггүй юм. Театраар тоглоод эхлэхээр нь хэдэн үг хэлчихдэг. Тэгэхээр л халчихдаг. Миний ганц дургүй юм энэ театраар тоглуулах. Би энэ театрын төлөө хэнтэй ч үзнэ...

2016 оны Есдүгээр сар.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
877   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan