Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-04-02

“БАРААТ” ТОЙРСОН БАРААН АМЬДРАЛ

Хойд хил, Сэлэнгээс Дархан орох олон улсын авто зам. Алсад зүүн гар талын уулын энгэрээс бараан саарал утаа суунаглан тэнгэрт үүл мэт хөвөн, эсрэг орших гэр хашаа бүхий суурьшлын бүсийн дээрээс нөмрөн буй нь үзэгдэнэ. Энэ утаан “хөшиг”-ний доор 700 гаруй өрх айл, хүүхэд багачууд, хөгшид амьдран суух Хөтөл хороолол буй.

Дэмий л дарга нартаа зовлонгоо тоочивч “хэзээ мөдгүй хог боловсруулах үйлдвэртэй болох гэж байгаа” гэх сайхан үгээр хуурсаар. Мөрөөдөл болсон Хог боловсруулах орчин үеийн үйлдвэрийн сураг гарах ч бараа нь харагдахгүй байсаар он жилүүд өнгөрч, харин хогийн цэг улам тэлж, утаа нь улам их, улам өтгөн болсоор...

Монгол улс иргэддээ хувийн хэрэгцээний зориулалтаар газар олгож эхэлсэн үеэс буюу 2011 оноос хүмүүс энд олноороо нүүн ирж, суурьших болжээ. Ийнхүү “Хөтөл” хороолол бий болсон бөгөөд энэ нь тухайн үеийн хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй байв. Хожим нь 2014 оны 11 дүгээр сард Хөтөл хорооллыг Жишиг хороолол болгон хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийж баталжээ. Одоо энд ямар ч сул газар байхгүй болсон бөгөөд бүгд эзэнтэй, иргэдийн өмчлөлд шилжсэн. Тухайн үед төвд ойрхон, зам дагуу газартай болох гэж ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байсан гэдэг. Эхэндээ тог цахилгаангүй, ундны усаа залгуулах худаг ч үгүй байсан боловч бүгд л нэгэнт авсан аятайхан газраа алдчихгүйг хичээн хашаа хатгаж, боломжоороо додомдсоор өнөөг хүрэв. Авсан газартаа аятайхан амьдрах гэсэн Хөтөл хорооллынхон сонгууль бүрээр зовлонгоо тоочиж, төлөөлөгч бүхэнд үг дайсны хүчинд ямартай ч тог цахилгаан, худагтай бас сургуулийн хүүхдүүд зорчих унаатай болжээ. Гэвч өдгөө хашаагаа хатгаж, байшингаа барьж, тог устайгаа залгасан хэдий ч хүмүүс дайжсаар. Учир нь хажууханд байх хогийн цэгээс нүүгэлтэн ирж, хоолой хорсгон “нөмрөх” утаан хөшиг улам бүр нэмэгдэх нь гачлантай. Дэмий л дарга нартаа зовлонгоо тоочивч “хэзээ мөдгүй хог боловсруулах үйлдвэртэй болох гэж байгаа” гэх сайхан үгээр хуурсаар. Мөрөөдөл болсон Хог боловсруулах орчин үеийн үйлдвэрийн сураг гарах ч бараа нь харагдахгүй байсаар он жилүүд өнгөрч, харин хогийн цэг улам тэлж, утаа нь улам их, улам өтгөн болсоор...

ЛЕВЧИГТЭЙ “ХООЛ”

Үдийн 13 цаг. “Хөтөл” хорооллын гудамд нам гүм. Чимээ аниргүй энэ орчинд хааяахан нохой хуцах, алсад өнгөрөх машины чимээнээс өөр анир үгүй. Эндэхийн оршин суугчдыг олж, хууч хөөрөхөөр яваа би онгорхой хашаа хараад хүн гарч ирэхийг хүлээн хэсэг зогслоо. Хаалга нь онгорхой хэдий ч хэн ч гарч ирсэнгүй. “Нохой хорь оо” хэмээн чимээ өгөв. Тэгтэл уулын энгэр дэх эсрэг гудамнаас ногоон дээлтэй эмэгтэй гараараа даллаж харагдав. Хууч хөөрөх хүн олсон би бээр түүнийг угтан очоод, сониноос яваа сэтгүүлч гэдгээ танилцууллаа. Тэрбээр эргэлзэнгүй бодож байснаа нэр зургийг нь гаргахгүй бол ярилцъяа хэмээн зөвшөөрөв.

Түүнийг О гэдэг бөгөөд энд ирж суурьшаад жил гаруй болжээ. Өглөөд хэдэн үнээгээ бэлчээрт гаргачихаад төв бараадсан хөршүүдийнхээ хашаа хороог эргэж тойрон өдрийг өнгөрөөдөг аж. “Танай энд хөл хөдөлгөөн багатай юмаа даа” гэхэд “Тийм ээ, автобус такси явдаггүй болохоор хүмүүс ирж амьдрахгүй юм. Энд байгаа нь цөөн тооны үхэртэй хэдхэн л айл бий” гээд. “Автобус унаанаас гадна өөр олон асуудал бий. Гэхдээ хамгийн хэцүү нь энэ утаа. Харж байгаа биз дээ. Өвөл зунгүй ингээд л суунаглаад байж байдаг юм. Утаагүй өнжинө гэж байхгүй шүү” гээд өнөөх багширсан их утааг заагаад “Тэнд их хог байдаг юм. Тэр нь шатаад ингэж их утаа гараад байдаг гэсэн. Манай хэдэн үхэр голдуу л тийшээ яваад өгдөг. Уг нь явуулахгүй санаатай ээлжээр хариулдаг л даа. Гэхдээ л явчихдаг. Үхэр ногооны хальсанд дуртай. Заримдаа мал нядлахаар гүзээтэй бааснаас нь төмөр, чулуу, хадаас гээд эсэн бусын юм гарна. Нэг удаа бүр левчик /хөхний даруулга/ гарсан” хэмээн хуучлав.

Бидний ажиггүйхэн худалдан авч, хүнсэндээ хэрэглэдэг мах, сүүний нэгээхэн хэсэг энэхүү хогийн цэгээс “бэлтгэгддэж”, Дарханчуудын хүнсний хэрэгцээнд “левчигтэй хоол” очсоор байдаг ажээ.

Утаа тус хорооллоос км хүрэхгүй газарт байх “Бараат”-ын хогийн цэгээс эхтэй...
Уул өөд өгсөх тусам газраар хөглөрөх хогийн хэмжээ нэмэгдэх аж. Салхиар туугдан ирж тогтсон гялгар уутны хогонд бүрхэгдсэн бут сондуул эгээтэй л бөмбөлөг мэт. Очих газартаа хараахан хүрээгүй эдгээр хогон дунд, сүрэг бог мал идээшлэх ба тэднийг саарал дээлтэй малчин эр тууж явав. Амар мэндээ мэдээд түүнтэй хэдэн хором хөөрөлдлөө. Түүнийг н.Отгон гэдэг. Замын нөгөө талд харагдах “Хөтөл” хорооллын оршин суугч. Энд амьдраад дөрвөн жил гаруй болж байгаа аж. Тэрбээр мөн л утаа хэцүү байгааг хэлээд байнга хоолой нь хорсож аргадаг гэв. “Малаа эндээс өөр газарт бэлчээж болдоггүй юм уу?” гэхэд. “Аль болох хогонд хүргэхгүй, тойруулж бэлчээдэг. Уг нь өөр тийш нь бэлчээмээр л байх юм. Гэвч харъяалалдаа оч гээд хөөдөг. Үхэр мал ордоггүй хамгаалалтын хашаа хороо барьчихвал зүгээр юмуу гэж бодох юм” гэлээ. “Малынхаа мах сүүг хаана борлуулдаг вэ? гэхэд “Нядлаад бирж дээр аваачиж зардаг. Зарим ченжүүд өөрсдөө ирээд авдаг” гэлээ.

Ийнхүү бидний ажиггүйхэн худалдан авч, хүнсэндээ хэрэглэдэг мах, сүүний нэгээхэн хэсэг энэхүү хогийн цэгээс “бэлтгэгддэж”, Дарханчуудын хүнсний хэрэгцээнд “левчигтэй хоол” очсоор байдаг ажээ.

БАРААТ БАРААДСАН БАРААН АМЬДРАЛ

“Хөтөл” хорооллоос барагцаагаар 800 гаруй метрт “Бараат”-ын төвлөрсөн хогийн цэг байв. Уулын энгэр дэх 15 га талбайг хамрах, гүн жалга бүхий энэ газарт өдөрт дунджаар том жижиг нийлсэн 80 гаруй машин ирж 130 гаруй тонн хогийг асгадаг гэнэ. Тус хогийн цэгийн хамрах талбай өдрөөс өдөрт тэлж буй нь өдгөө Бараат-1, Бараат-2 хэмээх хэсгүүдтэй болсноос илэрхий.

Он удаан жил болсон их хогийн цэг, түүнээс үүдэлтэй сөрөг нөлөөллүүдийг тооцолгүй суурьшлын бүс бий болгон, хүн ам төвлөрүүлэн хороолол бий болгосон нь алдаатай бодлого гэлтэй

Хоолой аргаж, гашуун утаа цээж хорсгон манантаж, тоос тортог, үмхий самхай, ялаа батгана шавсан энэ орчинд хэсэг бүлэг хүмүүс “ажиллаж” байв. Бас хүн амьдардаг болов уу гэмээр жижгэвтэр сууцнууд хэд хэд байх ба тэдэнтэй зэрэгцэн аанай л хэдэн үхэр хээв нэг идээшилж, сүүлээ оодгонуулан давхилдах аж. Газраар илжирч муудсан хогон овоолго хөглөрч, тэнгэрт үлий горьдох бараан шуваад гуагчин эргэлдэх нь ёозгүй. Ялгаж, бөөгнүүлсэн хуванцар, төмрийн хаягдлын хажууд хоёр хөгшин суух ба цахилгаан эдлэлээс зэс утсыг нь салган авч байгаа бололтой байв. “Яриа өгөхгүй байх даа” хэмээн эмээнгүй очсон биднийг тэд огт цааргалалгүй хүлээн авав. Өөрийгөө Цэцгээ гэж танилцуулсан настай эмэгтэй өмнө нь НААҮГ-т зам талбайн үйлчлэгчээр ажиллаж байжээ. Тэтгэвэрт гарсныхаа дараа энд ирсэн бөгөөд засгаас өгч байгаа хэд нь амжиргаанд нь хүрэлцэхгүй байгаа учир ийнхүү “ажиллаж” байна гэв. Тэрбээр“Социализмын үед “гялалзаж”, Болгар улсад мэргэжил дээшлүүлэн, Орхоны “Жимс ногоо, консервын үйлдвэр”-т ажиллаж байснаа дурсаад “Удахгүй Орхон сум 50 жилийн ойгоо тэмдэглэнэ. Анхны ажилтан нь болохоор “додигор” очино доо” хэмээн их л баяр хөөртэй ярих аж. 
Энд ойролцоогоор 20-30 хүн ийнхүү байнга “ажилладаг” гэнэ. Тэдний өдрийн орлого дунджаар 30-50 мянга. “Хаях зүйл бараг байхгүй, харин мөнгө болох нь их бий. Бид хэнээс ч юу ч гуйгаагүй. Өөрсдөө “хөдөлмөрлөж” амжиргаагаа залгуулж байна. Хоолой байнга хорсож, ханиалгахыг эс тооцвол өөр муу юм алга. Харин энэ хавиар байнга мал бэлчиж байна. Ялангуяа үхэр их ирдэг. Бодвол мах сүүг нь хүмүүс хэрэглэж л байгаа. Энэ хогийн цэг бараг Дархан хот байгуулагдсан цагаас эхтэй. Тэгэхээр хөрс их бохирдсон байгаа. Хашаажуулж мал орохгүй болгомоор байна” хэмээн тэд хуучиллаа.

Хоолой аргаж, гашуун утаа цээж хорсгон манантаж, тоос тортог, үмхий самхай, ялаа батгана шавсан энэ орчинд хэсэг бүлэг хүмүүс “ажиллаж” байв. Бас хүн амьдардаг болов уу гэмээр жижгэвтэр сууцнууд хэд хэд байх ба тэдэнтэй зэрэгцэн аанай л хэдэн үхэр хээв нэг идээшилж, сүүлээ оодгонуулан давхилдах аж.

 Биднийг ийнхүү ярилцаж байх зуурт НААҮГ-ын лого бүхий хантааз өмссөн намхавтар нуруутай хижээл эр ирэв. Түүнийг н.Баярхүү гэдэг бөгөөд энэ хогийн цэгийн манаачаар зургаа дахь жилдээ ажиллаж байгаа ажээ. Нүүр нь минчийж хавдсан, нүднээс нь байнга нулимс гарах тэрбээр “Хогон дотор янз бүрийн зүйл ирнэ. Тэр бүхнээс болж гал гарах нь бий. Мөн энэ хогийн цэг нь он удаан жил болж байгаа учир илжирч дагтаршсан хог доороосоо халж, ихэвчлэн өөрөө шатдаг. Тиймээс утаагүй өнжинө гэж бараг байдаггүй. Байнгын утаа, тоос шороотой нөхцөлд байгаа болохоор өглөөд нүд ам бүлцийж хавдсан байдалтай сэрдэг. Ялангуяа зүүн урдаасаа салхитай үед унтахад бөгчим, дотор эвгүйрхэнэ. Байнга манараастай, мэдэхгүй хүнд согтуу байгаа юм шиг харагдах нь бий. Аргагүйн эрхэнд хүүхдүүддээ байр хөлслөөд төвд байлгадаг. Ээлж гэж байхгүй. Өдөрт хор тайлах 500 гр нормын сүү өгдөг. Хог боловсруулах орчин үеийн үйлдвэр баригдана гэх сураг гараад л байх юм. Олон ч жил ярьж байна даа. Хэзээ ч үйлдвэртэй болох юм” гээд “Баяндавааны малтай айлуудын мал өвөл зунгүй үүгээр ирдэг. Үүнийг анхааралдаа авахгүй бол мах сүүг нь идэж хэрэглэж л таараа. Ямар ч хор идэж байгаа юм билээ. Малчдад нааш нь битгий явуул. Гэдэс дотор нь авах юмгүй болж байгаа гэхээр “Энд оруулахаар сайхан таргалдаг, сүү сааль нь ч сайн гардаг” гэх юм. Хөөж туувал би өөрөө хулгайд сэрдэгдэх юм болно...” гэлээ.

МӨРӨӨДСӨӨР БАЙГАА ХОГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР

Он удаан жил болсон их хогийн цэг, түүнээс үүдэлтэй сөрөг нөлөөллүүдийг тооцолгүй суурьшлын бүс бий болгон, хүн ам төвлөрүүлэн хороолол бий болгосон нь алдаатай бодлого гэлтэй. Үүнийг засч залруулан, Хөтөл хороолол орчмын иргэдийн амьдрах орчныг эрүүл аюулгүй болгоход Хог боловсруулах үйлдвэр давын өмнө хэрэгтэй байна. Энэ талаар Дархан-Уул аймгийн Ерөнхий архитектор Д.Элдэвсайхантай хэсэгхэн хором ярилцлаа.

Хөтөл хорооллын суурьшлын бүстэй тун ойрхон төвлөрсөн хогийн цэг байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? 
- Бараат хогийн цэгийг түшиглэн орчин үеийн шийдэлтэй хогийн үйлдвэр барина гэж төлөвлөж байгаа. Мөн эсрэгээрээ байршлыг нь шилжүүлэх асуудал ч яригдаж байна. Шинэ хийж байгаа Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр эндээ байх эсэх шийдэгдэнэ. Хог хаягдлыг боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих төсөл хэрэгжих байх гэж бодож байна.

Хэд хэдэн компаниас хог боловсруулах үйлдвэр барих санал тавьж байсан гэдэг. Одоо “Сектек” компанид хог боловсруулах үйлдвэр барих зөвшөөрөл өгч, газар олгосон байгаа. Өнгөрөгч намар тус компаний захирлаас ажлын явцын талаар тодруулахад “2018 онд ажил эхэлчихсэн байна” гэж байсан. Энэ ажил ямар шатандаа байгаа вэ?
- “Сектек” компанид хог боловсруулах үйлдвэрийн зориулалтаар газар олгосон. Тэд ТЭЗҮ /техник эдийн засгийн үндэслэл/-ээ боловсруулаад батлуулчихсан. Ажил эхлэхэд бэлэн болсон гэж ойлгож байгаа. Аймаг орон нутгийн зүгээс шаардлагатай бүх нөхцлийг бүрдүүлсэн. Харин хувийн хэвшлийн байгууллага учир хөрөнгө оруулалт талдаа гацсан байх. Орон нутгийн зүгээс ажлаа хурдал, яаравчил гэсэн үүрэг даалгаврыг удаа дараа өгч байна. Одоохондоо бол барилгын суурь, газар шорооны ажил эхэлсэн юм алга.

Хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хугацаа алдсаар байвал хариуцлага тооцох зохицуулалт байдаг юм болов уу?
- Газрын тухай хуулиар хоёр жил хүртэл хугацаанд тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй бол буцаан хурааж авах зохицуулалт бий. Энэ дагуу л арга хэмжээ авна. Гэхдээ “Сектек” компаний хувьд энэ хугацаа хараахан болоогүй байгаа..."  гэсэн хариулт өглөө.

ТӨГСГӨЛД НЬ:

Мэргэжлийн байгууллагуудын хэлж байгаагаар “Хогийн цэг нь хүчтэй дулааруулагч хүлэмжийн хий болох намгийн (метан) хийн гол эх үүсвэр бөгөөд хөрсөнд ялзмагшиж бүрэн устаж алга болтлоо газар дээр он удаан жил байдаг. Ил задгай газар шатаж байгаа хогны утаагаар дамжин хүн, малын биед хортой нөлөө үзүүлдэг диоксин хэмээх химийн бодис тархдаг ба диоксин нь утаа болон үнсээр дамжин хөрс, агаарыг бохирдуулан эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг” ажээ.

Тэгвэл “Сектек” компани ажлаа эрчимжүүлж, хөрөнгө мөнгөний асуудлаа шийдвэрлэн, хог боловсруулах үйлдвэр барих хүртэл Хөтөл хороолол болон тэр орчмын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн хэвээр байх бололтой. Харин энэхүү зөрчигдөж буй эрхийн төлөө хэн хариуцлага хүлээх вэ???

2018 оны Тавдугаар сар

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
743   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan