Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-04-05

ЭЭЖИЙНХЭЭ ТУХАЙ

    Одоо харахад ов тов бор мэнгэтэй, жаахан үрчлээтэж яваа энэ эмэгтэй гайхсан байдалтай өөдөөс харан сууна. Чухам “хөрөг бичих зорилгоор” ээжийгээ би анх удаа уулзаж буй мэт ихэд анхааралтай ажиглалаа. Өмнө нь ингэж тогтоож хараагүй явжээ. Хөрөг бичихийн төлөө биш, ойр мөртлөө алслан одсон өөрийнхөө сэтгэлд ээжийгээ зураглан авах гэж хичээсэн нь тэр бизээ.

   Хүрэн бор үснийх нь доороос цагаан үс түрэн ургажээ. Нүднийх нь гал цог хэдийгээр буураагүй ч өөрийн эрхгүй насны эрхээр сэлхэрч нэг л ядруу харагдана. Удаан өмссөн бололтой өнгөө алдаж гандсан бор цамц нь хайш яайшхан харагдуулах ба өсгий нь элэгдэж хуучирсан хар гутал хөлдөө жийсэн нь бидний сууж буй тансаг зоогийн газарт үнэхээр жулдаж буй мэт. Зөөгч охины авчирсан хоолны цэсийг авч, нүүр өөдөө ойртуулан харах зуураа “Өө ямар үнэтэй газар вэ, миний хүүд мөнгө байгаа юм уу? Мөнгөө өөртөө хэрэгтэй зүйлдээ зарцуулж бай, ээжид нь үнэтэй хоол ч хямдхан хоол ч адилхан...” гэв.

     Өрөөл бусдад юугаа ч харамлалгүй хуваадаг хэрнээ өөрөөсөө ийм харам болсон энэ хүн 1960 онд Төв аймгийн Баянцогт сумын нутагт долоон хүүхэдтэй айлын хоёр дахь охин болон төржээ. Бүр хүүхэд байхаасаа л сурахын хажуугаар Баянцогтын сангийн аж ахуйн хашаанд “ажиллаж” өссөн тэрбээр 1977 онд Казахстан улсын Алма-Аты хотноо 17-хон настай суралцахаар явж, хөдөө аж ахуйн техник инженер болон төгсч ирсэн юм. Оюутны ширээнээс салсан шинэхэн ажилтан Ц.Должинсүрэнд Сангийн аж ахуйн удирдах газрын дарга байгаад “эсэргүү” болсон Ц.Лоохууз гуай сайн зөвлөх нь байсан төдийгүй, өөрийн үйлдлээрээ хүн яаж амьдрах, ажилд хэрхэн хандах ёстойг ухаан бодолд нь “урлаж” өгсөн гэдэг.

   Ц.Должинсүрэн амьдрал таньсан даргынхаа зөвлөгөөгөөр төрөлхийн хичээнгүй, ажилсаг зангаа улам хэрсүүжин баяжуулж, эх орныхоо газар тариалангийн салбарт хөдөлмөрлөн, тостой техник, тоостой машин бүхий шаргал тариан талбай, шинэхэн будааны үтрэмтэй мэдэх чадах бүхнээрээ холбогдон ажиллаж байлаа. Ийнхүү социалист бүтээн байгуулалтын төлөө хөдөө аж ахуйн салбарт бүх хүчээ дайчлан ажиллаж байх үед нь гялалзсан цэргийн дарга эргүүлдсээр, төд удалгүй гэргийгээ болгов. Армийн “бэр”, тушаал хүлээсэн ханиа дагаад явах нь жам. Нэг л өдөр халиуран найгасан шаргал тариан талбай дахь амьдрал нь хатуу чанд цэргийн амьдралаар солигджээ. Хүний хань, хүүхдийн ээж болсноос нь хэдхэн жилийн дараа шинэ цагийн салхи сэвэлзэн, нийгэм бужигнаж эхэлсэн нь залуухан гэргийд үр хүүхэдтэй болохын жаргалыг, өлсөж дутуудахын зовлонтой хамт авчирсан гэдэг.

НИЙГЭМ ӨӨРЧЛӨГДӨВ...

Туйлдаж ядарсан нийгэм дээр дооргүй өнөөдрийн  хоол, маргаашийн ашгийн төлөө үймж, хүмүүс толгой дараалан наймаа арилжаанд мордож байсан цаг. Эр нөхөр нь өргөсөн тангарагтаа үнэнч хэмээн армидаа үлдсэн нь ээжид минь хэчнээн ч их ачаа үүрүүлэв дээ. Үүрсэн ачааныхаа хүндээс болж, ээж минь жижгэрсэн ч юм шиг...

Орчлонгийн хүрд алаг эрээнээр эргэж, онож алдахын тавилангаар амьдрал урагш хөтөлнө. Цэргийн хүн цагаан зээр хоёр нутаггүй гэгчээр арми эр нөхрийг нь ийш тийш томилоход гэргий нь дагаад л явдаг байж.  

“Бөх баймаар ДолжооБөөр гаргадаг Сараа”... (цэргийн ангийнхны шог ярианаас)

     Цэргийн ангийн цалин бууна гэдэг хуурай говьд хур хүлээхтэй адил байсан үе. Халтайсан хэдэн “бурхан” үрсээ өлсгөхгүйн төлөө өр зээл тавина. Эхэндээ дэлгүүр хоршооныхон зээл өгдөг байснаа, аажимдаа цалин нь буудаггүй хүмүүст өгөх дургүй болж, өгье ч гэсэн бараагүй болсон цаг байв. Хот гэхэд хөдөө шиг, хөдөө гэхээр хот шиг эрлийз орших ахуй амьдралд гурил будаагаар үргэлж дутна. Ц.Должинсүрэн боорцог гамбир нэхэх хэдэн үрсээ хараад тэсч сууж чадалгүй, нэгэн үдэш хүүхдүүдээ унтуулчихаад, харанхуй шөнөөр 20 километрийн цаадах Чойр явжээ. Маргаашийн мандах нарнаар 25 кг-ын гурил үүрсээр ирэв. Авч ирсэн гурилаа адилхан өлссөн хөршүүддээ харамгүй хуваан өгснийг тэд мартдаагүй. Одоо ч цагаан сараар ирж золгодог нь талархал хүндэтгэлийн илэрхийлэл. Гурил үүрч ирснийг мэдсэн цэргийн ангийнхны дунд шог яриа гарч “магтсан” нь тэр.

     Ээж минь сангийн аж ахуй, цэргийн анги, төмөр замд гээд улсад 25 жил ажиллаж, өндөр настны тэтгэвэртээ гарсан хэдий ч зүгээр сууж чадахгүй одоо ч  хувийн байгууллагад ажилласаар байна. Гурван хүний ажил нугалдаг ээжийг минь компанийх нь удирдлагууд Алтангадас одонд тодорхойлъё гэхэд “Элгийг минь дэвтээж энгэрийг минь цоолон ирсэн таван үрийн минь дөрөв нь сайн сайхан явж байна. Эгч нь Алдарт эхийн одонтой.Тэр л надад болно” хэмээн зөрүүдэлжээ.

   “Амьдрал хэцүү байхад бид нар олон юм нэхэж зовоодог байсан уу?” хэмээн өөрийгөө зэмлэн байж асуухад “Байх байхгүйн зовлон хэнд ч хэзээ ч ирж болдог юм аа. Тэр яахав зовлон биш ээ. Харин эх хүн төрүүлсэн үрээ алдах л хэцүү шүү. Бага дүүг чинь ...” гээд хоолой нь зангирав. Үхэл зовлон гэдэг зүйл тохиолдсон үедээ хүнд ч, цаг хугацааны эрхээр бүдгэрч мартагдан, жамаараа бид цааш явдаг... гэсэн бодлыг минь нугачин, үрээ алдсан эх хүний зовлон хэзээ ч нимгэрч алга болдоггүй гашуун үнэнийг бүх мэдрэхүйгээр минь дамжуулан надад өгөх шиг...

“Тэр хэцүү үед хэдэн хүүхэд минь л надад босч ирэх хүч өгсөн юм” гээд хоолой нь сааралтаж  хацрыг нь даган сувдан нулимс бөмбөрөв (гурван настай бага дүүг минь хатгалгаатай байсныг буруу оношилж, ээж дүү хоёр зургаан сар эмнэлэгт тарчилсны эцэст дүү минь бурхны оронд одсон юм). Дэмий зүйл асууж ээжийнхээ сэтгэлийг хөндсөндөө би хачин ихээр гэмшиж, халбагадсан хоолоо яахаа ч мэдэхгүй, хий дэмий ширээ ширтэн тонгойв.

   “Миний хүү хоолоо ид ээ, хөрчихлөө” хэмээн саяхан мэгшиж асан ээж минь хачин элгэмсүү дуугаар хэлэхэд өөрийн эрхгүй цочих шиг болж ээж рүүгээ бэргэн харахад бүр дэндүү гэмээр их хайр энэрэл дүүрэн нүдээрээ зөнөг намайгаа энхрийлэн харж байгаа нь шинэхэн төрсөн нярай үрээ эх хүн ямар их хайр энэрлээр сэтгэл дүүрэн ширтэж яс махаа таслан, ямар өвдөлт зовиур амсснаа агшин зуур мартах мэт ажээ.

 

...Халууцаж, хөлс нь нэвтрэн хүрлийсэн хэдэн хүн гэр хорооллын хог ачна. Үнс бужигнуулж ажлаа нугалах тэднийг нэг ч хог үлдээлгүй ачаарай” гэхээс хүн хэмээн харах нь цөөхөн. Хогоо ачуулж байсан хүн “Миний дүү нар цай уу” гээд боорцог, халуун савтай цай бариад иржээ. Тэр ч бүү хэл гудамжны үзүүрт хогоо ачиж байхад нь бууз жигнээд огтоос танихгүй тэдний хойноос нь “хөөж гүйцжээ”.

“Должоо эгч маань хүний хайлан юм шүү, би лав амьдралдаа ийм хүнтэй таараагүй. Бид нарын амьдралдаа идсэн хамгийн амттай хоолыг өгсөн” хэмээн Тохижилт-Баянзүрх ОНӨААТҮГ-ын ажилтан ээжийн маань “хуурай дүү” Д.Батсуурь хуучилсан юм.

     “Та биднийг ямар хүн болоосой гэж хүссэн бэ? Бид таны хүссэн шиг болж чадаагүй юм шиг санагдах юм..” гэсэн асуултанд минь “Ээж нь хэдэн хүүхдээ эрүүл саруул л байгаасай гэж хүсдэг. Ямар ч эх хүн өөрийн үр хүүхдээ өвдөж зовохыг хүсэхгүй. Хүн заавал ганган дэгжин хувцаслаж, сайд дарга хийх албагүй. Харин хүнийг ойлгож, хүн гэсэн утгаар нь хайрлаж хүндэтгэж явдаг л бол болно доо” гээд “Ээж нь хүүхдүүдээ аав ээжийнхээ амьдарснаас илүү давж яваасай л гэж боддог. Миний хүүхдүүд ээжийгээ дандаа л баярлуулж байдаг шүү дээ” гэлээ.

     “Гэртээ суугаад сайхан амрахгүй юм уу? Юу гээд л ажил, ажил гээд байдаг юм дээ” гэж санаа тавих шаардах хоёрын дундуур сулхан бувтнахад минь  “Тийм жаргал ээж нь даахгүй ээ. Насаараа хөдөлчихсөн болохоор зүгээр суухаар бие өвдөх гээд, тэгээд ч хамт олон дотроо бужигнаад явж байх сайхан байдаг. Зүгээр суувал хэн таван төгрөг өгөх вэ дээ. Хажаагийн /миний дүү охин/ хүүхдүүдэд жаахан гутал хувцас авнаа энэ цалингаасаа... Миний хүүгийн машин бензинтэй юу?...” гээд асуултын минь хариултыг асуултаар өгөв.

     Ээждээ бид үргэлж нялхаараа байдаг ажээ. Хааяахан очихоор л “Гэр оронд нь хоол унд байгаа юу? Сургууль дээрээ хооллож байна уу? Автобус унааны мөнгө бий юу? Тэднийд ийм юм дутуу, тэрэнд ийм юм хэрэгтэй” гээд л ярих юм. Хааяа эхнэр минь ээж дээр очоод ирэхдээ “Авахгүй гээд байхад надад мөнгө хүчээр өгчихсөн” гээд санаашран хэлнэ. Яг л нялх багад биднийг асран хамгаалдаг байсан шигээ одоо ч санаа нь зовсоор...

Хааяахан би ээжээрээ тоглон “Ээж ээ тэнд дэлбэрэлт болж гэнээ. Би гайгүй байгаа...” хэмээн үрээ гэсэн сэтгэлийг нь дамшиглаж байсандаа харуусав.

“Ээж болно гэдэг эмэгтэй хүнд бурхнаас заяасан хамгийн том бэлэг” хэмээн ангийн бүсгүйн хэлсэн үгс ээжийг маань хамгийн ихээр тодорхойлох шиг. Үр хүүхдүүдийнхээ төлөө өөрт байгаа бүхнээ, магадгүй байхгүй бүхнийг ч байлгаж зориулдаг ээж минь миний хэтэвчин дэх мөнгийг өөрөөсөө харамлан, захиалсан хоолоо идэж чадахгүй байх шиг. Магад би ээжтэйгээ анх удаа хамт гадуур хооллож уулзсан болохоор ихэд нандигнасан ч юм шиг.

    Таныхаа хувьд энэ хорвоогийн хамгийн “ухаантай” ч, өөртөө бол гэнэн “тэнэг” үр чинь 30 гарсан хойноо энэ бүхнийг ухааран олж харсан нь юутай ичгэвтэр. Ханийн минь хэлсэн “Ээж олж буй мөнгөө хэрэв өөртөө л зарцуулдаг байсан бол хамгийн ганган бүхнийг авч чадна даа” гэсэн үгс тархинд бас зүрхэнд эргэлдэнэ.

Гандсан хувцас, элэгдсэн гуталтай ч хорвоо дээр өөрийн төлөө бус өрөөлийн төлөө цохилох эх хүний зүрх ямар агуу вэ? Ээжтэйгээ хамт зоогийн ширээнээ хооллон суух энэ зуур, хэрэг гарган миний захиалсан намуухан дуу эгшиглэлээ. Ширээн дээр тавьсан тэмдэглэлийн дэвтэр, дуу хураагч хоёр огт хөдлөлгүй анхны янзаараа үлджээ.

...Буцааж нэхэхгүй хайраа

Ганцхан тээж насалчихаад

Бухимдах ч үгүй харуусан ч үгүй

Орчлонгоос явчих вий дээ ээж минь...

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Галаа (127.0.0.1)
    Үнэхээр сайхан болсон байна амжилт
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Энхзул (127.0.0.1)
    Маш гоё бүр ээжээрээ бахархах сэтгэл төрүүлсэн сайхан хөрөг найруулал байлаа
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
4582   2
НИЙТЭЛСЭН: Э.Бямбадорж