Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-04-05

ДАРХАН СУМЫН ДАЙТАЙ ГАЗРАА СЭЛЭНГЭД ӨГЧИХӨВ ҮҮ БИД?

Дархан-Уул аймгийн Хонгор сумын газар нутгаас 9038 га талбайг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт шилжүүлсэн байна гэх мэдээллийг тодруулахаар бид холбогдох баримтуудыг нягтлан шалгаж үзлээ.

       Энэхүү 9038 га талбай нь ойн зурвас, хадлан, тариалангийн талбайг хамрах уул уурхайн хөлд эвдрээгүй, байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар нутаг бөгөөд нутгийн иргэдээс бүрдсэн “Элээт-Өндөр”, “Гурван булаг”, “Өгсөө хайрхан” нөхөрлөлүүдийн хамгаалалтанд байдаг ажээ. Үржил шимт хөрс, эмийн ургамал, ан амьтнаар баялаг тус газар нутагт хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохоор дээрх нөхөрлөлүүд сүүлийн 10 гаруй жил ажиллахдаа ямар ч түймэр гаргаагүй гэнэ. Гэвч дээрх газар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт шилжсэнээр “Гурван булаг”, “Өгсөө хайрхан” нөхөрлөлүүд эзэмшиж, ашиглах газар нутаггүй, харин “Элээт-Өндөр” нөхөрлөлийн ойн сан бүхий ихэнх газар өөр сумын нутаг болжээ. Тус нөхөрлөлийн тэргүүн Б.Элдэв-Очир гуай ярихдаа “Манайх 2018 онд аймгийн Байгаль Орчны Газартай 2028 он хүртлэх 10 жилийн Ойн менежментийн төлөвлөгөө батлуулсан. Бүр албан ёсны байдлаар хүлээлцсэн. Гэтэл тэр ондоо газар нутаг маань өөр аймгийн өөр суманд шилжсэн байх юм. Бид юу болж байгаа талаар огт мэдээгүй. Ямар ч урьдчилсан мэдэгдэл, хэлэлцэж, шалгаж байгаа талаар яриа байгаагүй” гэлээ.

     Мөн тус газар нутагт 2018 оноос өмнө Хонгор сумын иргэд хадлангаа бэлтгэдэг байжээ. Хонгор сумын 3-р багийн малчин н.Батчулууных жил бүр энэ нутгаас хадлан авдаг. 2016 оны гантай жил эндээс хадлан авч, өнтэй өвөлжсөн. 2017 онд ч мөн адил бэлтгэсэн. Гэвч 2018 оны намар наймдугаар сард сумын захиргаанаасаа хадлан бэлтгэх зөвшөөрлийн бичгээ аваад очиход нь аль эрт тэр хавийг хадчихсан байсан гэнэ. Бас л ямар нэгэн байдлаар аймаг, сумаас мэдэгдээгүй гэв.

     Яагаад ийнхүү засаг захиргаа нь ч, ард иргэд нь ч мэдээгүй байхад хилийн цэс өөрчлөгдөж, нэг аймгаас нөгөө аймагт шилжив??? Аль эртнээс хилийн маргаантай байсан гэх ч бидэнд байгаа баримтууд өөр зүйл хэлж байна.

Тухайлбал:  

      УИХ-ын 1994 оны тавдугаар сарын 06 ны өдрийн 32 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-т Хонгор сумын хилийн цэсийг “Засмал замын 245 дугаар шон, Хүйтэний гол /Шарын гол/, Бэлчирийн хушуу 1022.4; 1078.0; 1090.5 тоотууд, Хөх чулуут уул /1278.9/, Яргайтын даваа /667.4/, Хонгорын даваа, Бүхлээн баруун уул 1262.4; 1417.5 тоотууд, Могойн даваа /1333.4/, 1397.8 тоот, Хар модот /1649.7/, 1527.8; 1246.9; 1399.1 тоотууд, Гурвын гозгорын эх /1157.5/, Олон хөтөл, 1 дүгээр шон, Дарханы хөтөл /1065.0/, Их Дархан уул /1239.0/, Говил уул /1167.9/, Мааньт толгой, 988.2 тоот, Банк уул /1237.8/, Углуугийн даваа 1225.7 тоот, Хэц улаан /1242.7/, Барзан /1194.1/, Хустын даваа 964.5 тоот, Хараа гол, голоор Ухаа хушууны гүүр, Улаанбаатар-Эрдэнэтийн Засмал замын уулзвар /7 дугаар шон/, Элсэн эрэг /6 дугаар шон/, Цагаан гозгор, 5, 4 дүгээр шон, Талын толгой /шон ¹ 3/, Баянхонгор, Их булангийн уул, шар гозгор, засмал замын 230, 245 дугаар шон” хэмээн заажээ. 1997 онд мөнхүү тогтоолд заагдсан газар нутгийг баталгаажуулан, Хонгор сумын газрын нэгдмэл сангийн зургийг зурж, тухайн үеийн ГЗБА-ы дарга Л.Ням, Товчооны дарга Д.Ганбат, Зөвлөх мэргэжилтэн Т.Бүдэр нарын үзэглэн газрын зургийг хүлээлгэн өгсөн байна. Тус зурагт Хонгор сумын Ерөө сумтай хиллэх заагийг Хонгорын даваагаар тогтоосон байх бөгөөд яг энэ хэвээр өдгөө бидний хэрэглэж байгаа Дархан-Уул аймгийн газрын зурагт ч туссан.

      Гэтэл саяхан манай аймгийн ИТХ-ын хэсэг төлөөлөгчид буюу аймгийн ИТХ-ын Байгаль орчин, Экологийн бодлогын хяналтын хорооны гишүүд хяналт шалгалтын ажил хийх явцдаа 2018 оны тавдугаар сарын 30-ы өдөр Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 1/956 тоот Шийдвэр ирүүлснийг олж мэджээ. Тус шийдвэрт Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар зарим аймаг нийслэлийн хилийн цэсийг тодотгон, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус хэсэг 2018 оны тавдугаар сарын 24-ны өдөр хуралдаж “хилийн цэсийн зарлиг, тогтоолд өөрчлөлт орохгүй буюу газар дээр байгаа обьект нь тодорхой байгаа эргэлтийн цэгүүдийг тодорхойлж” нэгдсэн шийдвэрт хүрсэн хэмээн мэдэгджээ. Улмаар 2018 оны X/15, XI/15-ны өдрүүдэд тус шийдвэрийг мөрдлөг болгон ажиллахыг Дархан-Уул аймгийн Засаг дарга, Хонгор сумын Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудад мэдэгдэж, малчид иргэдэд мэдээлэл хүргэн, маргаан гаргахгүй ажиллахыг зөвлөж байж. Өөрөөр хэлбэл асуудал хаашаа эргэж буйг манай удирдлагууд, эрх баригчид мэдэж байсан ажээ.

     Гэвч ямар хариу арга хэмжээ авч, газар нутгаа, хадлан бэлчээрийн талбайгаа авч үлдэх гэж хэрхэн хичээсэн нь тодорхойгүй байна. 

     Харин манай аймгийн удирдлагууд энэ асуудал нэгэнт шийдэгдсэн хэмээн, ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй болсон гэж үзэж байгаа бололтой. Учир нь хэдхэн хоногийн өмнө болсон Аймгийн ИТХ-ын 7 дугаар хуралдааны үеэр Аймгийн Засаг Даргын орлогч Т.Ганболд “Засгийн Газраас мэдэгдэхдээ Сэлэнгэ аймгийн талд энэ асуудал шийдэгдсэн. Дахин асуудал тавиад шаардлагагүй гэсэн. Хүлээж авахгүй байгаа. Газар нутгийн ийм асуудлыг дахиж битгий дахиж сөхөж яриарай гэж тодорхой хариу өгсөн” хэмээн ярилаа. 

      Айлаар бол бид өөрсдийнхөө газраас нэлээн томоохон хэсгийг ийнхүү өөр айлд айлджээ. Харин аав маань дуугарсангүй. Дуугарсан ч байж магадгүй. Гэхдээ хүүхдүүд нь болох бид огт мэдсэнгүй. Уг нь хэлж, бүгд нийлээд дуугарсан бол арай л өөр байхсан болов уу. Ямар ч үйлдэл хийхгүй суусаар хамаг л сайхан, цэцэг жимс алагласан, ой мод нь шуугисан үржил шимтэй хэсгээ айлд өгчихжээ. Эсвэл аав чимээгүйхэн өөр айлын аавтай тохироо хийчихэв үү? Тэгж хардах эрх бидэнд бас бий. Ямартай ч “маргаантай” байсан гэдгээр түрий бариад, цаад талд шийдэгдчихсэн бололтой.

     Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ”, 58 дугаар зүйлийн 18.2-т “Аймаг, сум, дүүргийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ батална” хэмээн тус тус заасан байдаг.

     Тэгвэл иргэдийн саналыг аваагүй, олон нийтээрээ хэлэлцээгүй байхад газар нутгаас нь тасдан өөр хэн нэгэнд өгсөн нь хууль зөрчсөн асуудал бөгөөд цаашид асуудлыг гарган тавьж, аймаг, сумын ИТХ-аар хэлэлцэн, улмаар УИХ, Засгийн газарт асуудал тавих боломж байна.     

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • ard (107.77.202.160)
    Дархан Сэлэнгийг нэгтгээд төв нь ДАРХАН.
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.126.88.236)
    Naad aaw geed baigaa durakuud chini ailiin eejtei l untchixgvi yu.
    2020 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.212.119.109)
    Дархан + Сэлэнгэ = Дархан-Сэлэнгэ нэртэй болго
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • Дархан (112.186.187.5)
    Дарханыг Сэлэнгэд нэгтгэж төвийг нь Сүхбаатар хот дарханыг сум болгосугай
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
    • (59.153.87.168)
      Хуцдаг халтар вэ чи!!! Нэгтгэх нь зов. Тов нь мэдээж Дархан хот бх естой
      2019 оны 04 сарын 08
  • Зочин (112.186.187.5)
    Засаг мэдэх юм аа мэдэлгүй яахав. Тэгээд яах гээд байгаа юм.Сэлэнгэ аймгийн нутаг дээр аймаг барьчихаад
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Эко Амарсанаа (66.181.161.67)
    Чимээгүй даварсан бна Эх нутагтаа иргэний хяналт тавиж мониторинг хийж үнэн зөвөөр шийдүүлнэ
    2019 оны 04 сарын 07 | Хариулах
  • Дарханы иргэн (202.126.88.47)
    Дархан-Уул аймагт ийм сайт нээгдсэнд байртай байна. Сэтгүүл зүйг аль нэг намын хараат бус байгаад баяртай байна.
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.161.107)
    Хонгор чинь 1981 он хүртэл Сэлэнгийн харьяанд л байсан шүү дээ.
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
    • (59.153.87.168)
      Чамд ямар тэнэг нь тэгээд хэлчихэв.
      2019 оны 04 сарын 05
    • (202.126.89.85)
      Сэлэнгэ дархан 2-ийг нэгтгэж нэг аймаг болгоод аймгийн төвийг дархан гэж тооцсугай
      2019 оны 04 сарын 05
2321   11
НИЙТЭЛСЭН: MyDarkhan