Лхагва 2019-01-02 Дархан
FOCUS Cafe   2019-04-07

Б.Золзаяа: ӨНӨӨДӨР ОХИДОО БЭЛДЭНЭ ГЭДЭГ, ИРЭЭДҮЙН ИРГЭДИЙГ БЭЛДЭЖ БАЙНА ГЭСЭН ҮГ

Загварынхан гэхээр хамгийн түрүүнд өндөр гоёмсог охид, гунхсан алхаа гишгээ санаанд тань орж ирж байгаа байх. Цаанаа л эрхэмсэг орших энэ ертөнцийн талаарх бүрэн дүүрэн ойлголтыг бид тэр бүр мэддэггүй. Гэсэн ч өөрийн эрхгүй татагдан, нэг удаа ч гэсэн тэдэн шиг байж үзэхсэн хэмээн нууцхан мөрөөдөх нь бий.

Гэхдээ гоо сайхан байна гэдэг зөвхөн сайхан төрх, алхаа гишгээгээр хязгаарлагддаггүй бөгөөд харилцаа хандлага, өөрийгөө илэрхийлэх чадвар, хувийн эмх цэгц зэрэг хувь хүний хөгжилд хамгийн чухалд тооцогдох бүхэн нэгэн цогц болж байж төлөвшдөг. Энэ талаар “Монгол-2” загварын агентлагийг үүсгэн байгуулагч, загвар өмсөгч, багш Б.Золзаяа бидэнтэй ярилцсан юм. Олон охид залууст загвар урлагийн нууцыг нээж, гоо зүй, хувь хүний хөгжлийн сургалтуудаараа хөгжүүлэн, ирээдүйн иргэдийг бэлдэж буй түүний чин сэтгэлийн ярианд анхаарлаа хандуулна уу.  

ЗАГВАРЫН АГЕНТЛАГ ОРОН НУТАГТ ТЭР ТУСМАА ДАРХАНД ЯАГААД НЭЭХЭЭР ШИЙДСЭН ЮМ БЭ?

     - Би есөн жил гаруй модель, загвар өмсөгчөөр суралцаж байхдаа хоёр ч мэргэжлийн агентлагт харъяалагдаж байлаа. Моделиуд карьер хөөж, өндөр зэрэглэлийн тэмцээн уралдаанд оролцож, амжилт гаргах талаар бодож байхад би өөр зүйл мөрөөдөж, өөрийн загварын агентлагтай болно хэмээн боддог байсан юм. 2009 онд МУБИС-д суралцаж байхдаа Монголын Дизайнерүүдийн холбооны зэрэгтэй модель болов. Тэр жил “Гоёл” наадмын дараахан, нэгэн сургалт зөвлөгөөний үеэр загвар урлагийн хөгжлийн талаарх хэлэлцүүлэг өрнөж, дизайн, загвар урлагийн багш нар, топууд өөрсдийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ доод үе, шинэ залуу моделиудыг бага наснаас нь бэлдэх нь чухал байгаа талаар ярьж байв. Энэ яриа багшлах бодлыг маань улам баталгаажуулсан. Бидний багад манай Дарханд энэ чиглэлийн сургалт явуулдаг газар байгаагүй, хааяа нэг Улаанбаатарын агентлагуудаас түр сургалтууд ирдэг байсан. Ихэвчлэн сагс, волейбол зэрэг спортын дугуйлан секцүүд л хичээллэдэг байсан. Тиймээс өөр газарт ажиллах талаар огт бодолгүй, сургуулиа төгсөөд шууд л Дарханаа зорисон доо. Дөрвөн жил “Викториа зон” сургалтын төвд загварын багшаар ажиллаад, 100% өөрийнхөө зарчмаар хүүхдүүдээ бэлдье хэмээн “Монгол-2” агентлагийг  нээсэн.

“МОНГОЛ-2” АГЕНТЛАГИЙН БУСДААС ЯЛГАРАХ ОНЦЛОГ ЮУ ВЭ?

     - Үүнийг нэрнээсээ эхлээд тайлбарлавал зүгээр болов уу. Хүмүүс “Яагаад Монгол-2 гэж нэрлэсэн юм бэ?” гэж их асуудаг. “Монгол Модель” агентлагийн салбар юмуу?” гэх нь ч бий. Үгүй л дээ. Салбар биш. “Монгол-2” бол “Дарханы Загварын агентлаг” буюу “Монголын хоёр дахь хотынх” юм. Дархан бол Монголын хоёр дахь хот. Бид үргэлж “Дарханых” гэж овоглогдох учир “Монгол-2” хэмээн тодотгон нэрлэсэн хэрэг. Мөн бид цэвэр моделийн агентлаг гэхээсээ илүү гоо зүйн мэдлэг өгөхөд илүү анхаардаг. Одоогоор Монгол улсад мэргэжлийн модель бэлтгэх нийт 17 агентлаг ажиллаж байна. Үүнээс орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа нь ганц манайх. Ихэнх хүүхдүүд маань ч энэ салбарын талаарх ойлголттой болж, гоо зүйн мэдлэг олж авах зорилготой орж ирсэн байдаг. Тиймээс цэвэр моделийн агентлаг гэхээсээ илүү масс-д гоо зүйн мэдлэг олгох зорилгыг нэгдүгээрт тавьж байгаа. Загварын агентлагууд өөр өөр зорилготой байдаг л даа. Нэрийн топ моделиудыг бэлтгэх амбицтай нэгэн байхад, ашиг орлогоо нэмэгдүүлэхийг зорих нь ч бий. Харин бид зөв сайхан эмэгтэйчүүдийг бэлдэж, түүгээрээ дамжуулан нийгмээ өөрчилж болно гэж үздэг.

ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАХ, ТЭР ТУСМАА ОХИДТОЙ АЖИЛЛАХЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ?

    - Тодорхой хугацаанд ажилласан туршлагаасаа харахад хүүхдийг аль болох багад нь сургах нь зөв юм байна гэдгийг илүү ихээр ойлгох боллоо. Учир нь хүүхэд том болох тусмаа сурч буй зүйлээсээ гадна өөр олон зүйлд анхаарал нь сарниж эхэлдэг юм байна. Ялангуяа өсвөр насныхны хувьд эсрэг хүйстнээ сонирхох болж, мөнгөний сонирхол ихтэй болсон байх нь бий. Ийм хүүхдүүдтэй ажиллах их хэцүү. Манайд дөрвөөс дээш насны хүүхдүүд ирдэг. 16-17 насныхан, 7-8 насныхны агентлагт ирж байгаа зорилго нь тэс ондоо байдаг. Хүүхэд жижиг байх тусмаа бүх зүйлд багшийн зөв гэсэн ойлголттой “цагаан цаас” шиг байдаг тул суурийг нь зөв тавьж, сургахад илүү хялбар. Сүүлийн үед өсвөр насны охидоос маань сэтгэл зүйтэй холбоотой асуултууд тавьж, ганцаарчлан зөвлөгөө авах нь их болсон. Тэд өөрт тохиолдож байгаа зүйлс, сургууль дээр болж буй асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх талаар асуудаг. Энэ талын зөвлөгөө, итгэж ярих дотны хүн, анхаарч сонсох томчуудын дэм их хэрэгтэй байх шиг. Бид тэднийг хүүхэд л гэж бодоод байдаг. Гэтэл өнөөгийн хүүхдүүдийн үйлдэл, үг яриа, хэрэглээ нь хүртэл томчууд бидэнтэй бараг адилхан, зарим тохиолдолд илүү болсон байх юм. Тиймээс охидтойгоо эцэг эхийнх нь ярьж чадахгүй байгаа, ЕБС-ын багш нарынх нь заахгүй байгаа зүйлсийн талаар ярилцаж, зөв чиглүүлэхийг хичээдэг. Ялангуяа бэлгийн амьдрал, хүчирхийллээс сэргийлэх, донтолтоос ангид байх зэрэг сэдвүүдийг жишээгээр тайлбарлан ойлгуулдаг. Тэд ярилцах их дуртай. Энэ дашрамд эцэг эхчүүддээ хандан хүүхдээ аль болох багаас нь анхаарч, харилцаж, хөгжүүлээрэй гэж захимаар байна.  

ТАНАЙД СУРАЛЦСАНААР ХҮҮХДЭД НЬ ЯМАР ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ ӨГӨХ БОЛ ХЭМЭЭН ОЛОН ЭЦЭГ ЭХ СОНИРХОЖ БАЙГАА БАЙХ?

    - Эцэг эхчүүд хүүхдээ дагуулж ирэхдээ хамгийн эхлээд асуудаг асуулт нь энэ. Бид “Хамгийн багадаа гурван сарын хугацаа хэрэгтэй. Энэ хугацааны дараах өөрчлөлтийг таньд амалж чадна” гэж хэлдэг. Эхний сардаа хүүхдүүд цаг баримталж сурсан байдаг. Жишээ нь хичээл 12 цагт гэсэн бол яг 12.00 гэхэд гадаа хаалга цоожтой, ямар нэгэн саад учрахгүйгээр хичээл эхэлсэн байх ёстой. Тиймээс хүүхдүүд хувийн зохион байгуулалтандаа анхаарч, цаг барихад суралцдаг. Мөн хоорондоо болоод бусад хүмүүстэй мэндэлж сурдаг. Энэ мэт алхмууд нь хүүхдүүд харилцаа хандлагын хувьд өөрчлөгдөх эхлэл болж улмаар маш сайн сонсогч, бас яригч болдог. Өөрийгөө илэрхийлж бас бусдыг сонсож сурна гэдэг бол маш том өөрчлөлт. Гэрийн хүмүүжлээсээ хамаараад хүүхдүүд өөр өөр орж ирдэг л дээ. Бусдад хамаатай, хамаагүй юуг ч хамаагүй ярьж, ингэснээр өөрийгөө анхаарлын төвд байна гэж ойлгодог хүүхдүүд бий. Тийм хүүхэд аажимдаа юуг ярих, юуг ярихгүйгээ мэддэг, мөн өөрөө ярихаасаа илүү найз нөхдөө сонсч, зөвлөж сурсан байдаг. Түүнчлэн гоо зүйн мэдлэг, мэдрэмж нь өөрчлөгдөж байгаа нь хувцас сонголтоос нь харагдаж эхэлдэг. Сургалтын явцад ч арьсны өнгөндөө тохирсон хувцсыг хэрхэн зөв сонгох, хэт мод хөөхгүй, энгийн, цэвэрхэн, цэгцтэй хувцаслах талаарх ойлголтуудыг өгдөг юм. Ер нь ЕБС-д багш нарын заадаггүй, тэгсэн атлаа амьдралд хамгийн их хэрэг болдог зүйлсийг бид зааж, хүүхдүүддээ төлөвшүүлэхийг хичээдэг. Сургалтын агуулга, зорилго ч үүнд чиглэдэг дээ.

ТАНЫ ЯРИАГ СОНСЧ БАЙХАД ЭЦЭГ ЭХЧҮҮД БИД ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЯРИЛЦАХГҮЙ, ОЙЛГОЛЦОХГҮЙ БАЙГААГААС ХҮССЭН ЗҮЙЛД НЬ ЧИГЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА УУ ГЭХ БОДОЛ ТӨРЛӨӨ...

    - Манай эцэг эхчүүдийн хүүхэддээ хамгийн их хэлдэг үг нь “хичээлээ хий!” гэдэг. Одоо анзаарч байхад эцэг эхчүүд наснаасаа хамаараад өөр өөр байна. 35-аас дээш насны ээж аавууд ихэвчлэн “хүүхдээ хөгжүүлмээр байна, сургалтанд явуулах юмсан” гэх мөртөө огт хичээдэггүй “амжихгүй байна, болохгүй байна” л гэдэг. Харин 30 хүртлэх насныхан арай өөр. Тэд өнөөгийн нийгэмд онц сурдаг, тоондоо сайн хүүхэд бүр ирээдүйд сайхан амьдардаггүй гэдгийг ойлгочихсон байх нь их. Ер нь, ердөө л та хүргэж өгөх цаг гаргаагүйгээс болоод таны хүүхэд үеийнхнээсээ хоцрох сайхан гэж үү. Үеийнхэн нь их зүйл амжуулж сурч байхад, гэртээ л сууж байгаа нь зүгээр үү? Энэ талаар эцэг эхчүүд маань нэг бодож үзээсэй. Орчин цагт юм бүхэн асар хурдтай хөгжиж, өөрчлөгдөж байна. Энэ дунд хүн олон зүйлийг мэддэг ч цөөхөн зүйлийг маш сайн чаддаг байх нь чухал болжээ. Мэргэжилтнүүд ч олон сургууль төгссөн хүнээс илүү хувь хүний хувьд хөгжсөн ажилтанг илүүд үздэг болсон байна. Тиймээс энэ суурийг бага насанд нь л тавихгүй бол оройтно. Би хувьдаа, хүүхэд багийн спортын аль нэг төрлөөр хичээллэж, хөгжим ойлгодог, урлагийн мэдрэмжтэй байхад зайлшгүй суралцах ёстой гэж боддог. Жишээ нь шүлэг уншина гэдэг зүгээр л нэг сайхан унших явдал биш юм. Түүнийг уншиж байхдаа ойлгож, мэдэрч, бас өөрийгөө нээн ярьж чаддаг болж байгаа нь хувь хүний хувьд хөгжиж, төлөвшиж байгаа хэрэг. Улаанбаатарынхныг хараад байхаад хүмүүс нь өдөр бүр, цаг минут тутамд хөгжиж, хөгжих гэж эрмэлзэж байгаа нь харагдах юм. Гэтэл манайхан хувь хүний хөгжлийг зөнд нь орхичихсон. Нэг ажлын байртай, байртай, машинтай болчихсон л бол боллоо гэсэн хандлагатай байгаа нь харамсалтай.

БАГШ ХҮНИЙ ХҮҮХДҮҮДЭЭ ГЭСЭН ХАЛУУН ЯРИА СОНСЛОО. ОДОО БИЗНЕС ХИЙЖ БУЙ ЭМЭГТЭЙН ДОТОР ЛУУ ЖААХАН ӨНГИЙХ ГЭЖ ОРОЛДЪЁО. ӨНӨӨ ҮЕД ИХЭНХ ЗАЛУУС БАТАЛГААТАЙ ЦАЛИНТАЙ, БОЛЖ ӨГВӨЛ ТӨРИЙН АЖИЛ ХИЙЧИХ ЮМСАН ГЭХ БОЛЖ. ХАРИН ТА ӨӨР ЗАМ СОНГОЖЭЭ. ЯАГААД?

    - Энэ хүүхэд байхын хүмүүжилтэй маань холбоотой байх л даа. Бага байхад аав, ээж хоёр маань ер ямар нэгэн юм тулгаж байгаагүй л дээ. Дуртай л юмаа хий гэдэг байсан. Хүн дуртай зүйлээ сайн хийж, түүгээрээ хөглөгддөг. Өөрийгөө олоогүй хүмүүс л хэн нэгний шахалтаар эсвэл тухайн үеийн нөхцөл байдлаас хамааран ажил мэргэжлээ сонгочихоод эсвэл тогтсон цалин, баталгаатай ажлын байранд “дурлан” дургүй ажлаа хийж байгаа нь тэднийг “аз жаргалгүй” болгодог болов уу. Би хувьдаа маш сайн чаддаг юмаа хийж, түүгээрээ бусдад үнэлэгдэх нь чухал гэж боддог. Харин тэр сайн чаддаг юм нь ихэвчлэн тухайн хүний хийх дуртай зүйл нь байдаг. Түүнийгээ сурч, хөгжүүлж, чадваржиж байхдаа ч хүн огт түүртдэггүй. Тиймээс л би дуртай зүйлдээ, энэ салбартаа зүтгэхээр шийдсэн. Манай салбарт бүх зүйлс үргэлж шинэ байдаг. Залуу насаа бүтээлчээр өнгөрүүлэх нь чухал гэж ойлгодог доо.

ШАНТАРМААР ҮЕ ТААРЧ БАЙВ УУ?

     - Харьцангуй гайгүй. Гэхдээ тийм үе бий. Би нар бид шавь нартаа, хүүхдүүддээ их найддаг, итгэдэг. Бэлтгэсэн хүүхдүүд маань миний бүтээгдэхүүн. Гэтэл тэднийг маань эцэг эх нь дэмжихгүй, цааш ахих боломжийг нь нээж өгөхгүй, зарим тохиолдолд хааж хорьж байгаад бухимдаж, гомдох юм. Хүүхэд маань өөрөө төрмөл, онцгой, амжилттай байх нь тодорхой байхад эцэг эх нь “Гэртээ байж байг. Дүүгээ хараг. Тоогоо л давт, илүү юм хэрэггүй” гэх нь бий. Хүүхэд бүр онцлогтой, тэр гоё онцлогийг нь тордож, өнгөлж байж гаргаж ирэх нь түүний ирээдүйг өөрчилж, сайн сайхан болгоно гэдгийг зарим эцэг эх ойлгодоггүй. Энэ их хэцүү. Энэ хандлага, салбарыг ойлгохгүй хуучинсаг, буруу ойлголттой байгаагаас хамаарах нь бий. Эцэг эх бүр хүүхдээ өөрсдөөсөө илүү яваасай, амжилтанд хүрээсэй гэж хүсдэг. Гэтэл “Миний үед тийм л байсан. Би болоод л байна. Илүү юм хүсч яах гэсэн юм” гэх мэтээр хандах нь бий. Нийгэм, дэлхий ертөнц, хүрээлэн буй орчин, нөхцөл байдал маш хурдан хувьсан өөрчлөгдөж байна шүү дээ. “Чи наадахаараа хоолоо олж идэхгүй” гэнэ. Тийм ээ. Энэ салбар онцлогтой. Байгалийн өгөгдөл маш чухал бас эрт эхлэх тусмаа амжилтанд хүрэх магадлалтай. Гэхдээ амжилтанд хүрч чадвал энэ салбарт 50-60 хүртлээ ч ажиллаж, хоолоо олж идэх боломжтой. Бас салбар маань зардал өндөртэй. Ямар нэгэн уралдаан тэмцээнд оролцоход мөнгөний асуудал гардаг. Өөрөө мөнгөтэй байсан бол хүүхдээ аваад явахсан гээд хий бухимдах үе ч бий.

БИД ТАНИАС БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙН ЯРИА СОНСОХЫГ ХҮЛЭЭЖ БАЙСАН ХЭДИЙ Ч БАГШ ХҮНИЙ ЗОВИНОЛ, ХҮҮХДҮҮД ОХИДОО ГЭХ СЭТГЭЛИЙН ҮГСИЙГ ИЛҮҮТЭЙ СОНСЛОО?

    - Хүмүүс гоо зүйн мэдлэг олгоно гэхээр нүүрээ будах төдийхнөөр ойлгох нь элбэг. Гэтэл энэ бол маш өргөн хүрээтэй ойлголт юм. Энд харилцааны асуудал ч багтана. Гоо зүйн мэдлэгтэй хүн наад зах нь сонголтоо оновчтой хийж чаддаг. Мөн сүүлийн үед эршүүд охид, эмэгтэйлэг хөвгүүд их болжээ. Тэд надад гоо зүй хамаагүй гэх нь бий. Би ингэж боддог юм. Магадгүй гаднаа илэрхийлдэггүй ч бүх эмэгтэйчүүдийн хүсч, мөрөөддөг бүхнээр энэ салбар дүүрэн. Гэхдээ өөрийгөө нээж, өөртөө байгаа сайхныг тордож чадсан цөөхөн эмэгтэй л зориглон орж, үр шимийг нь хүртдэг болов уу. Ихэнх нь “би ч худлаа биз дээ” гээд харж суусаар, цаг хугацаагаа алдсаар байдаг. Эмэгтэй хүн бүр ээж болдог. Ээжээс хүүхдүүд хамаардаг. Ээжүүд, эмэгтэйчүүд үр хүүхдээ өсгөж, чиглүүлж, үлгэр дуурайл болохын зэрэгцээ эргэн тойрныхондоо, уулзаж учирч байгаа хүмүүстээ нөлөөлж байдаг. Тиймээс өнөөдөр охидоо бэлтгэнэ гэдэг ирээдүйн хүүхдүүдийг бэлдэж байна гэсэн үг.

“МОНГОЛ-2” АГЕНТЛАГ ЧАМГҮЙ ХУГАЦААНД ЗАГВАР УРЛАГ, ГОО ЗҮЙН СУРГАЛТЫГ ДАРХАНД ЯВУУЛЖ, ӨӨРИЙН ГЭСЭН ШАВЬ НАР, ТЭДНИЙ БАХДАМ САЙХАН АМЖИЛТУУДААР АРВИН БОЛЖЭЭ. ЭНЭ ХУГАЦААНД ОЛЖ АВСАН СУРГАМЖ, АЛДАА, ОНООГОО ХЭРХЭН ДҮГНЭЖ БАЙГАА ВЭ?

    - Агентлагийн хувьд аймгийнхаа 100 орчим мянган хүн амд гоо зүйн сургалтыг дангаараа явуулж байна. Энэ нь бизнесийн хувьд ч, суралцагчдын хувьд ч учир дутагдалтай байгаа нь анзаарагдах юм. Тэгэхээр залгамж халаагаа бэлдэх, дараагийн багш нар, өөр хамтрагч нарыг бэлдэх нь чухал юм байна гэж бодох боллоо. Зарим хүмүүс энэ зах зээл дээрээ ганцаараа монопол зүгээр юм бишүү гэдэг. Тийм биш ээ. Ганцаараа байх тусам хөгжил удаан байна. Мөн энэ чиглэлийн сургалтыг сонирхогчдын хувьд сонголт байхгүйгээс буцах явдал бий. Магадгүй миний арга барил эсвэл хувь хүнийхээ хувьд би таалагдахгүй байж болно шүү дээ. Тийм болохоор ганцаараа л зүтгээд байх нь буруу юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Өмнө нь “Виктору Зон”-д багшилж байхад ч салбартаа ганцаараа, монопол оршин тогтнох ёстой гэсэн үзэл баримтлалыг тэд хэлдэг байсан. Тэр үед би төдийлөн ойлгодоггүй байж. Буруу юм билээ. Салбараа хөгжүүлж, том болгохын тулд бид олуулаа байх ёстой. Зэрэг хамтдаа хөгжүүлэх ёстой. Тэгэхгүй, би л ганцаараа гэх аминчхан үзлээр яваад байвал энэ төвшиндөө л байгаад байна. Энэ дан ганц манай салбар дээр ч биш. Бусад салбаруудад ч мөн адил байх. Магадгүй энэ нь засгийн бодлоготой холбоотой ч байж болох юм. Бага насаа эндээ өнгөрүүлж, Дарханд юу хэрэгтэй байгааг илүү сайн мэддэг, боловсорсон залуус маань эргэн ирэхгүй байгаад эмзэглэх юм. Дарханыхан хаана байна гэхээр Улаанбаатарт эсвэл гадаадад л байна. Манай засаг захиргааныхан, бодлого барьж байгаа хүмүүс нутаг орондоо өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр хийж бүтээх гээд яваа залуусаа дэмжиж, тогтоох тал дээр юм бодоосой. Ер нь тэгээд нутгархаг хүмүүс л эндээ үлддэг юм уу даа ...   

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Эра (66.181.187.201)
    Мундаг эмэгтэй шүү амжилт
    2019 оны 11 сарын 15 | Хариулах
  • Нандиагийн ээж (202.9.44.80)
    Монгол2 загварын агентлаг бол сайн сургалтын төв. Би хүүхдээ хөгжүүлэхийн тулд бүх л дугуйлан, секц, сургалтанд явуулж байсан. Золзаяа багш бол хүүхэдтэй харьцах ур чадварыг эзэмшсэн үүрэг хариуцлагаа ухамсарласан сайн багш гэж дүгнэдэг. Та бүхэн ингэж хойноос нь хов ярьж байгаагаараа энэ хүний сүүдрээс ч дор амьтад гэдгээ харуулж байна шүү. Цахим ертөнцийг эерэгээр зөвөөр ашиглацгаая. Таны хүүхэд хүртэл энэ орчинд ихэнхи цагаа өнгөрөөж байгааг санаад гадаа гудамжинд чаддаггүй юм гэхэд цахим орчинд биеэ зөв авч яьж сурцгаая.
    2019 оны 04 сарын 24 | Хариулах
    • dff(203.217.138.1)
      tsarai muutai iim delden model bas darhand bdg ym uhha
      2019 оны 04 сарын 24
    • kkk(203.217.138.1)
      chi nad huuhne medhgui bnaoo haha
      2019 оны 04 сарын 24
  • Modelontsort (103.229.121.76)
    Darhanaas miss battsetseg l olon tanigdsan, iim hachin tsaraitai uurigo model gd urgumjilsun huuheng anh udaa l harj bn . Bdag l gudamjnii huuhen shde
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
    • (202.9.44.80)
      Та гудамжны биш хаанахын хүүхэн бэ?
      2019 оны 04 сарын 15
  • Ineedtei ymbe kkk (203.217.138.2)
    Dur biye golku dund chumug suujee golku gj unen shuu, ene bid 2in model bagsh gej yu baihav dee kkk
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
  • zolzayad (203.217.138.2)
    chi hezee Dizaineriin holboond model baisan ymbe, siihgui hudlaa yrih ymaa haha
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
  • Mrs (103.229.121.85)
    Mundag shuu amjilt
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • N (103.229.121.85)
    Zolzaya uneheer mundag shuu amjilt
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Eej (103.229.121.85)
    Mongol 2 agentlag uneheer sain yum bna lee Ohinoo yawuulsandaa ih bayrladag Agentlagiin bagsh Zolzayadaa amjilt husiy
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Миссийн тэмцээн бэлтгэдэг цагын 15к заачихаад зөвлөгөө өгдөг яс юман дээрээ шударга шүүдэггүй ямар ч нүүрний баясгалангүй хүүхэд шинжгүй том завжтай охиныг түрүүлүүлсэн. балиашиг ихтэй хандив өгсөн хүнээ дутуу хийсэн ч (202.9.44.191)
    Ээж
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
    • eej(203.217.138.2)
      ene ugasa mash muuhai hudlaa huuhen shde, biy n estoi shijgin bgazde
      2019 оны 04 сарын 08
    • M(103.229.121.85)
      Ter huuhed mundag l bsan shde
      2019 оны 04 сарын 08
  • Зочин (202.9.44.219)
    Монгол 2 агентлаг хүүхэдтэй маш сайн ажилладаг сайхан сургалт байгаа юмаа.Манай хүү хүртэл суралцдаг байсан,биеэ авч явах,зан харьцааны асуудалд аятайхан ханддаг,болсон,ялангуяа хувцаслалтан дээр их анхаардаг болох нь ажиглагдсан.Тус агентлагын захиралд баяр хүргэе Мундаг байна шүү дээ
    2019 оны 04 сарын 07 | Хариулах
1973   15
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг