Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-04-08

"КАПИТАЛ БАНК" ДАМПУУРЛАА

     

     Капитал банк дампуурч, тус банкинд эрх хүлээн авагч зарласнаа Монгол банк өнөөдөр зарлалаа. Төв банкны тухай хууль, Банкны тухай хуулийн дагуу Капитал банкинд зохих арга хэмжээ авсан хэдий ч биелэлт хангагдахгүй, улмаар хадгаламж эзэмшигч, харилцагч болон мөнгөн төлбөрийн шаардах эрх бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгч чадахгүй, банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг саатуулж, банкны заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадахгүйд хүрсэн тул цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй гэж үзээд 2019 оны дөрөвдүгээр сарын 08-ы өдөр тус банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаснаа Монголбанк мэдээллээ.

    Тус банкны чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөг буюу нийт зээлийн 80 хувьтай тэнцэж байна. Мөн иргэд, аж ахуйн нэгжийн давхардсан тоогоор 256 мянган хадгаламжийн данс байгаа ажээ. Эдгээр хадгаламжийн 99.5 хувь нь Хадгаламжийн даатгалын корпорацид даатгагдсан байгаа бөгөөд МонголБанк, Хадгаламжийн корпорациас хамтарсан мэдэгдэлд “Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн мөнгөн хөрөнгө даатгагдаж, хамгаалагдсан байгаа. Банкин дахь хадгаламжийн даатгалын хуулийн дагуу тус банкны харилцах, хадгаламж эзэмшигчдын даатгалын нөхөн төлбөрийг ХААН банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэлээ” гэжээ.

Даатгалд хамрагдаагүй дүнг хэр шуурхай олгох нь татан буугдах банкны актив хөрөнгийн борлуулалт, зээлийн эргэн төлөлтөөс хамаарах юм байна. Тухайлбал 40 сая төгрөгийн хадгаламж эзэмшигч иргэн 20 сая төгрөгөө ХААН банкин дахь дансаар хүлээн авч, үлдэгдэл 20 сая төгрөгийг банкны эрх хүлээн авагчаас нэхэмжлэх бөгөөд даатгагдаагүй хадгаламж эзэмшигчид банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэлээ гаргах ажээ. Цаашид Капитал банкны харилцагчид ХААН банкаар үйлчлүүлэх боломжтой бөгөөд зээлдэгчийн хувьд төлдөг дансандаа хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрөө төлнө.       

    Капитал банк нь Монголын Банкны системийн 1.1 хувийн эзэлдэг тул энэхүү дампуурал нь санхүүгийн зах зээлд доргилт үүсгэхгүй гэж Монгол Банк үзэж байна. Тус банк нь сүүлийн арван жилийн дотор татан буугдсан дөрөв дэх банк болж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
521   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan